

Эрэн сурвалжлах сэтгүүлзүйн ач холбогдол өндөрсөж байна
Дэлхийн шилдэг сэтгүүлчдийн хамгийн том цугларалт буюу Эрэн сурвалжлах сэтгүүлзүйн 9 дүгээр чуулга уулзалтад Монголын төлөөлөгчид анх удаа оролцоод ирлээ.
Чуулганы төлөөлөгчид эрэн сурвалжлах сэтгүүлзүйн сүүлийн үеийн чиг хандлагын талаарх шинэ мэдлэг, туршлагаа сэтгүүлч, хэвлэл мэдээллийнхэнтэй хуваалцаж, дугуй ширэний уулзалт зохион байгуулав.
Эрэн сурвалжлах сэтгүүлзүйн 9 дүгээр чуулга уулзалтад дэлхийн 121 орны 950 гаруй төлөөлөгч оролцсон байна. Чуулганд оролцогчид эрэн сурвалжлах сэтгүүлзүйн ач холбогдол сүүлийн үед улам бүр өндөрсөж буйг тэмдэглэж, мөн ажил үүргээ гүйцэтгэж буй сэтгүүлчдийг дарамтлах, мөрдөж мөшгих, хорьж хүчирхийлэх явдал дэлхийн өнцөг булан бүрт хэрээс хэтэрч буйг тэмдэглээд, “Сэтгүүлчийн аюулгүйн баталгааг шаардах тунхаг” бичгийг санал нэгтэйтээр баталсныг Монголын төлөөлөгчид мэдээлж, тунхаг бичгийг танилцууллаа.

Уг чуулганаар эрэн сурвалжлах сэтгүүлзүйн чиг хандлага, хөгжил, хүндрэл бэрхшээл, авилга, зохион байгуулалттай гэмт хэрэг, банк санхүүгийн асуудал, хил дамнасан хүний наймааны асуудлаар эрэн сурвалжлага хэрхэн хийх, эрэн сурвалжлах сэтгүүлзүйн шинэ хэрэглэгдэхүүн зэрэг сэдвийн хүрээнд нийт 170 салбар хуралдаан болжээ. Үүнд Монгол дахь хэвлэл мэдээллийн нөхцөл байдал, эрэн сурвалжлах сэтгүүлзүйг хөгжүүлэх боломж бэрхшээлийн талаарх бие даасан салбар хуралдаан багтаж байсан нь онцлог байв. Энэхүү салбар хуралдааны үеэр Хэвлэлийн Хүрээлэнгийн гүйцэтгэх захирал, доктор М.Мөнхмандах, олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлч Марк Лии Хантер нар илтгэл тавьж, оролцогчидтой санал солилцсон байна.
“Сүүлийн үед хэвлэл мэдээллийн байгууллагууд дэлхий дахинаа зардлаа танаж, орон тоогоо цомхотгож буй учир чанартай, даацтай сэтгүүлзүйн бүтээл хомсдож байна. Тийм учраас хараат бус, эрэн сурвалжлах сэтгүүлзүйн ач холбогдол хэзээ хэзээнээс өндөрсөж, энэ чиглэлээр дагнасан хэвлэл мэдээллийн болон ашгийн бус байгууллагууд дэлхийн олон оронд хүчээ авч байна” хэмээн Хэвлэлийн хүрээлэнгийн гүйцэтгэх захирал уулзалтын үеэр тэмдэглэв.
Монгол улсад хэвлэлийн эрх чөлөө төдийлөн сайнгүй, хэвлэл мэдээллийн зах зээлийн чөлөөт өрсөлдөөн сул байгаа хэдий ч, чанартай сэтгүүлзүйг эрхэмлэж буй шинэ залуу, эрч хүчтэй сэтгүүлчдийн нэгэн үе бий болж байгаа, мөн хэвлэл мэдээллийн салбарын хөгжлийг түүчээлэн манлайлж, сэтгүүлчдийг сургаж чадавхжуулдаг хараат бус төрийн бус байгууллага нэг бус байгаа нь Монголын сэтгүүлзүйд найдлага төрүүлж байна хэмээн Монголын салбар хуралдаан онцолсныг чуулганд оролцоод ирсэн төлөөлөгчид уламжиллаа.
Монголын сэтгүүлчдэд амжилт хүсч, хувийн зөвлөмжөө илгээсэн олон улсын сэтгүүлчдийн видео илгээлтийг дугуй ширээний уулзалтын үеэр мөн танилцуулав.
Эрэн сурвалжлах сэтгүүлзүйн 9 дүгээр чуулга уулзалтад Монголын төлөөлөгчид оролцох боломжийг Английн Элчин Сайдын Яам бий болгож, санхүүгийн дэмжлэг үзүүлжээ.
Дараагийн Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн дэлхийн чуулга уулзалт 2017 онд Өмнөд Африкийн Жоханнесбургт болох аж.
Сэтгүүлчдийн аюулгүйн баталгааг шаардах тунхаг
Эрэн сурвалжлах сэтгүүлч, тэдний үзэг нэгтнийг дарамтлах, мөрдөж мөшгих, хорьж хүчирхийлэх нь дэлхий дахинаа хэрээс хэтэрч буйг тэмдэглэж,
тийнхүү сэтгүүлчдийн эрхэнд халдагсад ял шийтгэлгүй үлдэх нь түгээмэл буйг онцгойлж,
эрэн сурвалжлах сэтгүүлчид авилгал, зохион байгуулалттай гэмт хэргийг илчлэх, эрх мэдлээ урвуулан ашиглах, хариуцлагагүй байдлын эсрэг тэмцэж, иргэний нийгмийг бэхжүүлэхэд үлэмж чухал үүрэг гүйцэтгэж буйг тунхаглан
шийдвэрлэх нь:
дэлхийн 121 улсын төлөөлөл бүхий Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн 9 дүгээр чуулганы оролцогчид сэтгүүлчдийг хамгаалах асуудалд тэргүүн зэргийн ач холбогдол өгч, тэдний эрхэд халдагсдад хариуцлага тооцдог болохыг орон орны засгийн газар, олон улсын хамтын ажиллагааны болон бусад байгууллагаас шаардсугай.
Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн дэлхийн 9 дүгээр чуулганы оролцогчид
Лиллехамер, Норвеги улс