

С.Бямбацогт: Бидэнд ард иргэдээсээ нуух зүйл байхгүй
Өчигдөр төрийн ордон нэлээд бужигнаантай, зарим хүний зүрхний хэм багагүй түргэссэн өдөр болж өнгөрлөө. Учир нь төрийн хайр хишгийг хүртэхээр хүлээсэн хүмүүсээс илүү нэг нь нэрээ цэвэрлүүлж, нөгөө нь цэвэрлэж өгөх гэсэн санаархал нэвт ханхалсан Өршөөлийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-аар хэлэлцэх тов гарсан юм. Ард иргэдийн дунд хүлээлт үүсээд байгаа ч тодорхой бүлэг хүмүүсийн ашиг сонирхолд хүлэгдчихээд байгаа Өршөөлийн тухай хуулийг чуулганы өчигдрийн хуралдаанаар хэлэлцэх байсан ч дахин тав хоногоор сунгахаар боллоо.
Учир нь, УИХ дахь МАХН МҮАН-ын “Шударга ёс” эвсэл тав хоногийн завсарлага авснаар хэлэлцүүлэг хойшилсон юм. Ийнхүү уг хуулийг хэлэлцэх хугацааг сунгаснаас хэний ямар, ашиг сонирхол цаана нь байгааг харж болохоор байлаа. Учир нь хуралдааны эхэнд гишүүн Ц.Цолмон Өршөөлийн хуулийг хаалттай хэлэл-цэх горимын санал гаргасныг гишүүн Х.Тэмүүжин эсэргүүцсэн бөгөөд “Нэг нээгээд нэг хаагаад хууль тогтоогчдод итгэх итгэлийг үгүй болгож байна” гээд горимын саналаа татаж авахыг Ц.Цолмон гишүүнд санал болгосон юм. Түүнчлэн УИХ дахь МАН-ын бүлгийн дарга болон гишүүд хуулийг хаалттай хэлэлцэх шаардлагагүй хэмээсэн юм. Харин үүний дараагаар мөн л “Шударга ёс” эвслийн бүлгийн гишүүн Д.Тэрбишдагва “Бүлгээс чиглэл ирлээ.
Тиймээс тав хоногийн завсарлага хүсч байна” гэснээр ийнхүү дахин тав хоногоор хойшиллоо. Энэ бүх процессыг харвал “Шударга ёс” эвслийнхэн өчигдөр үнэхээр бажгадаж өнжлөө. Нэг нь хаалттай хэлэлцэх санал гаргаж байсан бол нөгөөх нь хууль зөрчин байж дахин завсарлага авлаа. Өршөөлийн хуулийг хэлэлцэх үеэр Төрийн ордон нэлээд хөл хөдөлгөөнтэй байсан бөгөөд байнгын хороодоор нээлттэй хэлэлцэж байсан ч чуулган эхлэх үед Өршөөлийн хуулийг хаалттай хэлэлцэж магадгүй гэх яриа ордонд тарсан байлаа. Ийм яриа гарах болсон шалтгаан нь төрийн ордонд тэр дундаа чуулганы танхим хаалттай асуудал хэлэлцэх үед хэрэглэдэг сүлжээ унагагч төхөөрөмжийг суурилуулсан байлаа. Харин ийм яриа гарахтай зэрэгцэн Төрийн тэргүүн твиттер хуудсаараа дамжуулан өөрийн байр сууриа илэрхийлсэн бөгөөд “Хоригийг хааж хэлэлцэнэ гэв үү. Бор шувуу биз. Хориг нээлттэй, бүгд ил байх учиртай. Сонгогдохдоо биеэ нуугаагүй байж саналаа олноос нуугаад яахав” хэмээсэн юм. Ингээд Өршөөлийн хуулийн талаар зарим гишүүний байр суурийг сонирхлоо.
С.Бямбацогт: ГИШҮҮД ЯМАР САНАЛ ӨГЧ БАЙГААГ АРД ТҮМЭН МЭДЭХ ЭРХТЭЙ
Өршөөлийн хуулийг хаалттай хэлэлцэхийг дэмжихгүй. Энэ хуулийг анх хаалттай хэлэлцэж баталсан. Түүнээс хойш нээлттэй болсон. Наймдугаар сарын 11-нд энэ хуулийг баталснаас хойш хууль олон нийтэд ил болчихсон. Үүний дараагаар Ерөнхийлөгч наймдугаар сарын 17-нд хориг тавьсан. Тэр хориг ч нээлттэй байсан. Харин хоригийг бид хаалттай хэлэлцэх эсэхийг ярьж байгаад нээлттэй хэлэлцээд хүлээж авсан. Үүнтэй холбоотойгоор бид Өршөөлийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлыг байнгын хороогоор хэлэлцлээ. 2-3 удаа хуралдсан байнгын хороо дандаа нээлттэй явсан. Үндсэндээ одоо Өршөөлийн хуультай холбоотой зүйл, заалтууд нийтэд ил, хуулийн үзэл баримтлалаар нийгэм тодорхой ойлголттой болсон. Тийм болохоор бидэнд ард иргэдээсээ нууж хаагаад байх зүйлгүй. Нэгэнт зүйл, заалт нэг бүрчлэн санал хураана гэсэн хуультай учраас хураах саналуудад гишүүд нээлттэй саналаа өгөх ёстой. Олон түмэн ч гэсэн хэн нь ямар санал өгч байгааг нээлттэй мэдэх эрхтэй. Тэртээ, тэргүй хориг хүлээж авах нь нээлттэй, хориг хүлээж авсантай холбогдуулаад байнгын хороонд ямар зүйл заалтыг нь авах, ямар зүйл заалтыг нь өршөөх, өршөөхгүй байх вэ гэдэг асуудлууд нээлттэй явж ирсэн учраас өнөөдөр Монгол Улс даяараа хэн өршөөгдөх, өршөөгдөхгүй гэдгийг мэдчихсэн. Хаалттай явуулах ямар ч шаардлага байхгүй. Нуугаад байх зүйл алга.
Ж.Энхбаяр:ӨРШӨӨЛИЙН ХУУЛИЙГ ХААЛТТАЙ ХЭЛЭЛЦЭХ ШАЛТГААН БАЙХГҮЙ
Өршөөлийн хуулийг хаалттай хэлэлцэх гээд байгааг хардах байтугай л их олон юм бодогдож байна. Энэ хууль маань өөрөө хэвлэгдчихсэн. Олон түмэн мэдэж байгаа. Байнгын хороон дээр хэлэлцүүлгийг ил тодоор хийчихсэн. Тийм болохоор энэ хуулийн өөрчлөлтийг хаалттай хэлэлцэх ямар ч шалтгаан байхгүй. Түүнчлэн энэ авлига, хээл хахуулийн эсрэг Монгол Улсын төр тэмцэж байгаа. Ард түмнийг төлөөлөөд, тэдний эрх ашгийг хамгаална гэж сонгогдсон УИХ-ын гишүүд яг авлигын асуудалд хэрхэн хандахаа олон түмэн, сонгогчдодоо харуулах боломж бол энэ юм шүү дээ. Энэ боломжийг хаах гэж оролдож байна. Өршөөлийн хуулийн нэмэлт өөрчлөлтийг нээлттэй хэлэлцүүлэх ёстой. Учир нь, хэрвээ авлига буюу албан тушаалын гэмт хэрэг дээр Монголын төр бууж өгч, өршөөл үзүүлбэл төрд итгэх олон түмний итгэл бүр мөсөн алдарна. Хамгийн ноцтой нь парламентын ёс нурж унана. Хэрвээ авлига, албан тушаалтнуудын хэргийг өршөөвөл цаашдаа их ноцтой асуудал үүснэ. Хэн нэгэн Дорж, Батааг өршөөх асуудал биш. Монгол Улс түүхэндээ байгаагүй их хэмжээний буюу 21 тэрбум ам.долларыг захиран зарцуулсан. Үүний цаана авлига, хээл хахуультай холбоотой маш олон ноцтой асуудал үүссэнийг бүгд мэдэж байгаа. Тийм болохоор албан тушаал, авлигын асуудлыг нээлттэй хэлэлцэхээс гадна энэ төрлийн гэмт хэрэгтнүүдийг яагаад ч өршөөж болохгүй. Тиймээс бид Өршөөлийн хуулийг нээлттэй хэлэлцэхийн тулд хийж болох бүх аргыг ашиглана.
А.Тлейхан:ӨРШӨӨЛИЙН ХУУЛИЙГ НЭЭЛТТЭЙ ХЭЛЭЛЦЭХ ЁСТОЙ
Бид бол Өршөөлийн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хаалттай хэлэлцэхийн эсрэг байгаа. Хэн ч энэ хуралдааныг хаалттай хийх ёсгүй. Өнөөдөр УИХ үнэхээрийн удирдах ажлаа хийж чадахаа больсон байна. Угтаа бид Өршөөлийн хуулийг хаалттай хэлэлцэх биш Монгол орны эдийн засаг, үндэсний аюулгүй байдлын талаар хаалттай хэлэлцье гэдэг санал гаргасан. УИХ үндсэн үүргээрээ ажиллаж чаддаг юм бол хаалттай хуралдаад, эдийн засагт үүссэн нөхцөл байдлыг тал бүрээсээ, ний нуугүй ярилцаад эцсийн шийдэлд хүрье гэдэгтэй би хувьдаа санал нэг байгаа. Түүнээс Өршөөлийн хуулийг хаалттай хаалганы цаана хэлэлцэх шаардлага ерөөсөө байхгүй. Тэгээд ч МАН Өршөөлийн хуулийг хааж боож байгаа зүйл байхгүй. Энэ хуулийг нээлттэй хэлэлцээд хэн нь хэн бэ гэдгийг ард түмэнд ил болгоё гэдэг саналыг бид байнга хэлдэг шүү дээ.
Я.Содбаатар: ХУУЛЬ ЗӨРЧӨӨД ЗАВСАРЛАГА ӨГЧИХЛӨӨ
УИХ-ын холбогдох хууль тогтоомжийг зөрчөөд завсарлага өгчихлөө. Өмнө нь “Шударга ёс” эвсэл Өршөөлийн хуулийг хэлэлцэх үед тав хоногийн завсарлага авч байсан шүү дээ. Гэтэл яг адилхан байдлаар нэг бүлэгт хоёр дахиа завсарлага өгчихлөө. Энэ асуудал дахиад л Үндсэн хуулийн Цэц рүү явна шүү. Нэг ёсондоо аливаа асуудлыг ингэж хүч түрж хийж, УИХ-ын гишүүдийнхээ бүрэн эрхэд халдаж, Өршөөлийн хуультай холбоотойгоор байр сууриа илэрхийлж буй гишүүдийнхээ үгийг ойшоохгүй байгаагийн нэг илрэл нь зөрчлийн асуудлаар Цэцийн дүгнэлт ойр ойрхон УИХ руу орж ирээд байгаа явдал юм шүү. Өршөөлийн хууль шиг ёс зүйн болон ашиг сонирхлын зөрчилтэй хуулиуд дээр асар их хуйвалдаан явж байгаа гэдгийг энэ дашрамд хэлье.
Сэтгүүлч М.Өнөржаргал
Сэтгэгдэл (8)