

Ч.Хүрэлбаатар: Төсвийн алдагдлыг тэглэх ёстой
УИХ-ын нэгдсэн чуулган, холбогдох байнгын хороодоор энэ оны төсвийн тодотгол, ирэх оны төсвийн төслийг хэлэлцэж буйтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатартай ярилцлаа.
-Энэ оны төсвийг УИХ гурав дахиа тодотгохоор ярилцаж эхлээд байна. Тодотгол болон ирэх оны төсөв ямар байдлаар орж ирсэн талаар та эхлээд мэдээлэл өгнө үү?
-Эхний ээлжид онцлох зүйл нь төсвийн орлого байна. Мөн энэ төсөв болон төсвийн хүрээний мэдэгдлийг үндсэндээ гурван удаа өөрчиллөө шүү дээ. Тэгэхээр дунд хугацааны эдийн засгийн бодлого, түүн дотор төсвийн хамгийн чухал хэсэг болох төсвийн хүрээний мэдэгдлийг гурван ч удаа өөрчилж байгаа нь эмгэнэл. Засгийн газар анх төсвийн орлогыг оруулж ирэхдээ 7.2 их наяд төгрөг гэж оруулж ирсэн. Дараа нь 6.6 их наяд болгож тодотгосон бол одоо 6.1 их наяд болгоод байна. Уг нь энэ оны төсөв ирэх оны төсвийн суурь болдог. Гэтэл худлаа төсөв батлаад байгаа явдал нь дахиад л 2016 онд үргэлжлэхээр байна. Учир нь төсвийнхөө орлогыг 6.9 их наяд төгрөгөөр оруулж ирж байна. Цаашид эдийн засгийн хямрал үргэлжилнэ. Тиймээс хамгийн хүнд жилүүдийн нэг нь ирэх он байх нь. 2016 он гартал асуудлыг цэгцлэх шинжгүй болоод явчихлаа.
-Маш их хасч танасан төсөв болох шинжтэй байна. Тухайлбал, яам, агентлагуудын тоог бууруулахаас гадна дэд сайдын орон тоог байхгүй болгоно гэх мэтээр ярьж байна. Уг нь бэлгэдлийн төдий болсон дэд сайдын орон тоог цөөлнө гэснийг олон нийт маш таатай хүлээж авч байгаа ч энэ хэмнэлтийг ирэх оны долдугаар сараас буюу дараагийн Засгийн газар хэрэгжүүлж явах учиртай гэж заасан нь ямар учиртай юм бэ. Нөгөө талаас энэ нь ирэх онд бий болох Засгийн газрын бүрэн эрхэд халдсан явдал болчих гээд байна л даа?
-Засгийн газрын бүтэцтэй холбоотойгоор оруулж ирсэн саналынхаа хэрэгжих хугацааг 2016 оны наймдугаар сарын 1 гэж тавьсан байгаа юм. Өөрөөр хэлбэл, сонгуулийн дараа бүрдэх Засгийн газар, Ерөнхий сайдын бүрэн эрхэд халдаж байгаа юм. Тэгэхээр энэ нь шал худлаа байгаа биз. Үнэхээр хася танъя хэмнэлт гаргая гэж байгаа бол ирэх сарын 1-нээс, эсвэл ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэхээр оруулаад ирвэл болж байгаа байхгүй юу. Ингэхгүй гээд оруулаад ирчихэж байгаа нь олон түмнийг хуурсан явдал болоод байна гэж хувьдаа харж байгаа.
-Ирэх оны төсөвт шаардлагагүй хөрөнгө оруулалт цөөнгүй байна гэж гишүүд яриад байгаа. Тухайлбал, Лениний музейг Занабазарынх болгоход зориулж, 2.5 тэрбум төгрөг суулгасан байна гэх юм. Энэ мэтчилэн хэмнэлтийн үед тохирохгүй хөрөнгө оруулалт хэр байна вэ?
-2013 оны төсвийг нэг их наядаар тасалсан шүү дээ. Гэтэл 2014 оны орлогыг ч мөн нэг их наядаар тасалсан. Харин 2015 онд 7.2 их наядаар баталсан хэрнээ одоо 6.1 болгоё гээд сууж байна шүү дээ. Энэ нь 1.1 их наяд төгрөгөөр тасалдуулж, буруу тооцсон гэсэн үг л дээ. Энэ бүгдийн цаана төсөвт хөрөнгө оруулалтуудыг суулгадаг. Гэтэл тавьсан хөрөнгө оруулалтууд нь цаасан дээрээ л үлддэг. Ирэх оны төсөв дээр ч мөн энэ байдал давтагдахаар болчихоод байна. Тиймээс бид энэ бүхнийг хөрсөн дээр буулгаад бодитой болгочихвол нэлээд хөрөнгө оруулалтыг хасч таарна. Тэгж байж төсөв хөрсөн дээрээ бууна.
-Тэгэхээр одоо эхний ээлжид ямар алхам хийх хэрэгтэй байна вэ?
-Эхлээд төсвийнхөө орлогыг зөв тодорхойлох нь чухал байна Ерөөсөө л хөнжлийнхөө хэрээр хөлөө жийх зарчмаар төсөвтөө хандъя. Хувийн хэвшлийнхний хийх ёстой ажлыг өөрсдөөр нь хийлгэе. Өөрөөр хэлбэл, төр хувийн хэвшлийнхний ажилд оролцохоо больё гэдэг зарчмыг баримтлах шаардлагатай. Эхлээд төсвийнхөө орлогыг зөв тооцчих, түүний дараа зардлуудаа ярья гэж байгаа юм Ингэхгүй болохоор зардлаа ярьсны дараа төсвийн орлогоо ярихаар худлаа тоо гарч ирээд байдаг гашуун туршлага сүүлийн 3-4 жилд гарч байна шүү дээ. Энэ байдлаа л давтмааргүй байна.
-Ерөнхий сайдын зүгээс ирэх оны төсөвт онцгой албан татварыг нэмэх санал гаргаж байсан нь төсөв дээр орж ирсэн байна лээ. Гэтэл таны хувьд эсрэгээрээ онцгой албан татварыг бууруулах нь зүйтэй гэдэг санал гаргаад цөөнх болчих шиг боллоо. Татвар бууруулах ямар боломж байна гэж та харж байгаа юм бэ?
-Онцгой албан татварыг бууруулах бүрэн боломжтой. Эдийн засгийг чирж явдаг хөдөлгүүрүүд байдаг. Нэгдүгээрт нь хөрөнгө оруулалт, дараа нь хэрэглээ Гуравдугаарт нь экспорт байдаг Ингээд үзэхээр хөрөнгө оруулалт, экспорт дээр асуудал үүсчихэж байгаа юм. Энд төрийн хийж байгаа хөрөнгө оруулалтыг авч хэлэлцэхгүй байгаа юм шүү. Бид хувийн хэвшлийнхний хөрөнгө оруулалтыг өндөр байлгаж чадвал энэ нь эргээд эдийн засгаа тэтгэх юм. Гэтэл харамсалтай нь 2012 оны сонгуулийн дараа гадаадын хөрөнгө оруулагч нар үргээд гараад явчихсан. Дотоодын хөрөнгө оруулагчид нь хямарсан Тэгэхээр үүн дээр найдлагагүй болоод байгаа юм. Экспорт гэхээр манай улсын гол түүхий эдийн үнэ дэлхийн зах зээл дээр уначихлаа Тэгэхээр экспортын орлого гэж орж ирэхээргүй болох нь. Дээр нь экспортод бүтээгдэхүүн гаргах гол гарц болох төмөр зам дээрээ бид хугацаа алдсан. Гэтэл төмөр замгүй бол эдийн засагт өсөлт гарахгүй Тэгэхээр үлдэж байгаа зүйл нь хэрэглээг нэмэгдүүлэх. Гэтэл ард иргэд нь өртэй, аж ахуйн нэгжүүд нь хямарсан байгаа үед хэрэглээг нэмэгдүүлэх гол арга нь онцгой албан татварыг бууруулах буюу бензин шатахууны үнийг бууруулах явдал. Дэлхийн зах зээл дээр нефть бүтээгдэхүүний үнэ гурав дахин буураад байна шүү дээ. Энэ уналт дорж хаяж 4-5 жил үргэлжилнэ
-Шатахууны үнэ дэлхийн зах зээл дээр эргээд өснө гээд байгаа шүү дээ?
- Худлаа. Эд нар үнэ өснө гэж худлаа яриад байгаа юм Ам.долларыг 1300-д барина гэж Фортуна Батбаяр бид хоёр мөрийцсөн шүү дээ. Гэтэл яав одоо хүртэл 1300 болоогүй л байна. Үүнтэй адил юм. Ерөөсөө үнэ өртгийг буулгачихвал одоогийн өсөөд байгаа аж ахуйн нэгжүүдийн зардлыг бууруулах боломж бүрдэнэ Томоор яривал дэлхийн зах, тэр дундаа бүх улс оронд шатахууны үнэ унасан байхад тухайн орнуудын компани, аж ахуйн нэгжүүдийнх нь өртөг буурчихаж байгаа юм. Манай улс өөрсдийн аж ахуйн нэгжүүдийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлье л гэж байгаа бол өртөг зардлыг нь бууруулаад өгөх хэрэгтэй. Өнөөдрийг харж татвараа нэмж, 5 10 цаас цуглуулж, данхайсан олон яамандаа цацах шаардлагагүй гэж үзэж ойлгож болно. Тийм учраас нефть бүтээгдэхүүний онцгой албан татварыг нэмнэ гэж оруулж ирж байгаа нь буруу. Харин ч бид үнэ бууруулах талаар санаачилга гаргаж явах ёстой гэсэн байр суурьтай байгаа, би хувьдаа. Тийм учраас энэ онцгой албан татварыг нэмэх асуудалд цөөнх болоод байгаа юм л даа.
-Салбарын сайд бол Шатахууны үнийг бууруулах тал дээр манай яам бараг оролцоогүй, шатахуун импортлогч компаниуд үнэ тогтоодог. Харин бид онцгой албан татвараа нэмснээр төсвөө төвлөрүүлдэг” гэдэг тайлбарыг хийгээд байгаа шүү дээ?
-Салбарын яам нь оролцоогүй оролцож чаддаггүй юм бол татан буулгах хэрэгтэй шд. Сайд нь салбарынхаа асуудалд хамаагүй юм байна шүү дээ, тэгж ярьж байгаа бол. Нэгдүгээрт, тэр хүн ажлаа мэдэхгүй байна. Хоёрдугаарт дэлхийн бусад оронд яагаад нефть бүтээгдэхүүний үнэ ингэтлээ унаад байна гэдгийг бодолцох л хэрэгтэй
-Төсөв хэлэлцэж байгаа үед зээлийн хүүгийн төлбөрийг нэлээд чухлаар ярьж байна. Дээрээс нь бид ирэх жилээс бондууд болон гаднаас босгосон их хэмжээний зээлийн үндсэн төлбөрийг төлж эхэлнэ. Одоогоор бид зээлийн хүүгийн төлбөрт хэчнээн төгрөг төлж байна, ирэх жилээс үндсэн төлбөртэйгөө нийлээд хэдэн төгрөгийг төлөхөөр байгаа талаар мэдээлэл өгнө үү?
-Сангийн яамныхан бол энэ асуултад хариулт өгөхгүй байна л даа. Гэтэл төсөвт тодорхой заалт байгаа юм. Зээлийн үйлчилгээний төлбөрт 962.4 тэрбум төгрөг гэж тавьсан байгаа. Энэ чинь 2012 онд 37 тэрбум байсан юм. Өөрөөр хэлбэл, олж байгаа зургаан төгрөг тутмынхаа нэгийг зээлийн хүүнд өгч байна гэсэн үг. Дээрээс нь зээл авсан юм чинь үндсэн төлбөрөө төлж таарна биз дээ. Энэ нь Монгол Улсын Сангийн яам жилд хэдэн төгрөгийг зээлийн үндсэн төлбөрт төлдөг вэ гэхээр 3.3 их наяд төгрөг. Энэ нь 6.1-ээр тооцвол төсвийн орлогынхоо 50 гаруй хувийг, баталгааг нь оруулчихвал 63 хувийг нь зээлд төлж байна гэсэн үг. Энэ бол эмгэнэл. Харин эргээд үүнийг засах хамгийн эхний алхам нь одоо 3.3 гэж оруулж ирснийг тэглэх ёстой. Төсөв алдагдалтай байна гэдэг эргээд өр нэмэгдээд байна л гэсэн үг шүү дээ. Өрхийн орлогоор аваад үзвэл олж байгаагаасаа илүү зардал гарахаар зээлж авдаг биз. Тэгвэл улсын төсөвт мөн ялгаагүй төсвийн алдагдал 3.3 буюу 900 тэрбум төгрөг байна гэдэг бол Монгол Улсын өр цаашдаа нэмэгдээд явна л гэсэн үг.
-Одоо тэгэхээр ирэх жилээс бондуудыг ямар эх үүсвэрээр эргэн төлөх юм бэ?
- Тэгэхээр төсөв, эдийн засгаа эрүүлжүүлье л гэж байгаа бол бид төсвийн алдагдлыг тэглэх хэрэгтэй. Төсвийн орлогоо зөв болгох хэрэгтэй. Орлого нь зургаан их наядад хүрэхгүй учраас зардлаа бодитоор төлөвлөөд явмаар байна. Хэрвээ ингэвэл зөв голдиролд орно
-Таны хэлж байгаагаар төсвийн алдагдлыг тэглэх боломж энэ оны төсөвт байгаа юм уу?
-Үүнийг хийх ёстой. Өөр гарц байхгүй. Хэрвээ ингэхгүйгээр төсвөө алдагдалтай батлаад байвал цаашид өр нэмэгдээд л байна гэсэн үг.
-Сангийн яамны зүгээс бол 2017 оноос эхлээд төсвийн алдагдлыг тэг болгох боломжтой гээд байгаа шүү дээ?
-Тийм биш. Яагаад гэвэл 2016 онд төсвийн зардлыг өсгөчихсөн, үүнийг 2015 онтой харьцуулбал зардлыг 80-аад тэрбумаар нэмж байгаа юм. 2015 онтой харьцуулбал төсвийн зардлыг 2016 онд 500-гаад тэрбумаар нэмэгдүүлж байгаа нь засах орон зай байгааг харуулж байгаа юм.
-Ирэх жил сонгууль болно. Тиймээс төсвийг алдагдалтай батлахаас өөр аргагүй гэдэг яриа байна?
- Монгол Улсын төсөв, эдийн засгийн бодлогыг зөв болгоё өдөр тутам нэмэгдэж байгаа өрийг бууруулъя гэж байгаа бол төсвийн алдагдлыг тэглэх ёстой Сонгуультай жил мөн эсэхээс үл хамаараад эдийн засгийн бодлогын алдаагаа засахын тулд төсвийн алдагдлаа тэглэж, өрөө нэмэхгүй байх алхмыг хийх ёстой Эрүүлжүүлэх ажлыг бид өөрсдөө л хийх ёстой биз дээ. Бид өнөөдрийн байдлаар үндсэндээ олж байгаа орлогынхоо тэн хагасыг зээлийн төлбөрт өгөөд байна шүү дээ. Засгийн газар энэ мэтээр бүх зээлээ авчихаар аж ахуйн нэгжүүдэд зээл олдохгүй биз дээ.
СЭТГҮҮЛЧ М.ӨНӨРЖАРГАЛ
Сэтгэгдэл (1)