
СЭТГЭЛИЙН ДУУДЛАГААР ЦУГЛАЖ, НУЛИМС БҮРХҮҮЛСЭН НОМЫН НЭЭЛТ
Амралтын өдрүүдэд монголчуудын цөөн хэсэг нь номын цагаан буяныг хүртэн их л таатай байлаа. Учир нь “Аз хур” номын их дэлгүүр хямдрал зарлаж, бас ч үгүй зарим зохиолч хэд, хэдэн газар шинэ бүтээлээ олон нийтийн хүртээл болгосон юм. Тэдний нэг нь интернэтийн цахим сүлжээнд Naranchimeg Davaasuren нэрээр танил болсон Д.Наранчимэг. Түүний хувьд мэргэжлийн зохиолч бол биш. Харин инженер мэргэжилтэй нэгэн.
Тэрбээр бямба гарагт “Би хэн бэ гэж үү” шүлэг, богино өгүүллэгийн түүвэр, “Өргөст сарнай” бэсрэг романаа өлгийдөн авсан нь ихэд сонирхолтой байсан юм.
Д.Наранчимэгийн хувьд уншигчдад аль хэдийн танил болсон бүсгүй. Одоогоос хоёр жилийн өмнө анхны “Амьд явах виз” номоо бүтээн, уншигчдын гарт хүргэж байсан бол дараа нь "Зүрх тэтгэх хайр" хэмээх шүлгийн түүврээ хэвлүүлсэн. Харин энэ удаа хоёр номоо зэрэг өлгийдсөн нь түүнээр бахархахгүй, бахдахгүй байхын аргагүй гэдгийг харуулж чадсан. Тэрбээр хүн бүртэй адилгүй. Хавдрын эсрэг бүхий л чадлаараа тэмцэж, өнөөдрийг үзэн, бусдад үлгэр, дуурайл болж яваа зоримог бүсгүй. Өөрөө хэдий өвчинтэйгээ тэмцэн буй ч зав чөлөө гарч, жаахан амсхийх бүртээ шүлэг зохиолоо тэрлэдэг гэнэ. Түүний бүтээлүүдийг ном болгон эмхэтгэхээс өмнө фэйсбүүкийн найзууд нь уншаад эхэлчихсэн, түүвэр болж, гарт нь очихийг хүлээж байдаг.
Д.Наранчимэг бүсгүйн хэлснээр өмнө нь ганц л удаа жолооны дамжаанд сурч байхдаа учиргүй хөөрч, догдолж байжээ. Харин энэ удаа номуудаа өлгийдөн авч, уншигчиддаа хүргэж байгаа цаг үед яг түүн лугаа адил догдолсон гэх. Тэрхүү их догдлол нь зохиолч бүсгүйд хичнээн эрч хүч, баяр баясал өгч байгаа нь номын хур буусан тэр цаг үед илхэн байлаа.
Бямба гарагт болсон “Би хэн бэ гэж үү”, “Өргөст сарнай’’ номуудын нээлтэд хүрэлцэн очигсод ёстой л сэтгэлийн дуудлагаар цугласан нь илэрхий. Хэдий товлосон цагаасаа багагүй хоцорсон ч цугласан олон тун ч тайвнаар хүлээж байсан нь зохиогч бүсгүйг ч гайшруулаад амжсаан. Тэнд Д.Наранчимэгийн ойр дотныхон, урлагийнхан, хэвлэлийнхэн бүр "нүүр номын найзууд” нь цаг гарган цуглажээ. Нээлтийн үйл ажиллагааг Соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Ёолк хөтлөн явуулсан нь ч учиртай. Учир нь зохиогч бүсгүй хөтлөгчийг “ах аа” гэж хүндэтгэхийн сацуу дотно найзууд. Мөн номын эхний нүүрэнд байрших “Ном мялаах үг”-ээр сэтгэгдлээ илэрхийлсэн байна.
Ш.Ёолк гавъяатын мялааснаар “Номыг уншиж дууслаа. Зарим номыг уншиж байснаа зогсмоор, жаахан хойш нь тавьмаар. Зарим номыг дахин барьж авахад халгамаар, бүр заримыг нь тэр чигт нь нээлгүй орхих ч удаа байдаг. Гэтэл Наранчимэгийн ном тийм биш ажээ. Эхний өгүүлбэрээсээ эхлээд уншигчийн сэтгэлийг соронздон татсаар төгсгөлийн цэг хүртэл, тавилгүй уншсаар дуусгах цөөхөн зохиолын нэг нь энэ байлаа. Энэ номыг уншиж дуусгахын тулд багагүй ажлаа цалгардуулж орхисондоо харамсах харамсахгүйн хооронд байнам. Ёстой л өнөө “үнээ саалгадаггүй хоёр Мөнх” гэдэг шиг... Чингэхдээ адал сонин үйл явдал, сэтгэл зүрх гижигдэм хайр дурлалын романс, үүлэн борооны явдлыг өгүүлсэнд нь тийнхүү шимтээд байсан ч хэрэг биш л дээ...” хэмээсэн нь энэхүү номуудын онцлогыг бэлхнээ илэрхийлж чадсан гэлтэй.
Нээлтийн үеэр Д.Наранчимэг өөрийгөө “солиот” гэж бодсон тухайгаа дуулгаад амжив. Учир нь тэрбээр Германд эмчлүүлж байгаа бөгөөд энэ удаа номоо хэвлүүлэхээр эх орноо зорин онгоцонд суусан аж. Мэдээж онгоцонд сонин гарчиглахаар дэлгэхэд өөдөөс нь “ном уншдаг хүн ховордож, бичдэг солиот олширжээ” гэх гарчиг дурайжээ. Тиймээс л мань хүн өөрийгөө тэрхүү солиотуудын нэг бололтой гэж бодон санаагаа чилээх болж.
Гэсэн ч номын нээлтэд ирэгсэд түүнийг “солиот” гэдэг бодлоос нь хөндийрүүлж, өөрийнх нь тэрлэсэн бүтээлүүдийн онцлогийг тевөггүйхэн хэлж өгч байлаа. Д.Наранчимэгийн номууд бусдынхыг бодвол амьдралаас урган гарсан санаанууд, энгийн атлаа эгэл байдлаар хүн бүрт ойлгогдож, хүний мөн чанар, ахуй, үйл явдал илэрхийлэгдэж байдаг учраас л тэр “солиот”-уудын тоонд нэмэгддэггүй хэрэг. Номын нээлтэд уригдаж, дуудагдаж
Д.Нарантуяагийн цуглагсад "Интер ном’’-д эгээ л урлагийн тоглолт үзэж байна уу гэлтэй байсан юм. Зохиогч бүсгүйн андууд дуу, хуурын дээдээр түүнд сэтгэлийн бэлэг өргөж байсан нь тун содон хийгээд сонирхолтой ажээ. Хамгийн сонирхолтой гэнэтийн бэлэг нь Д.Наранчимэг бүсгүй өөрөө зохиосон шүлгээ уншсан юм.
Мэдээж “хүн бүр л өөрийн зохиосон шүлгээ уншдаг шүү дээ, юу нь сонирхолтой байдаг юм бэ” гэж бодох хүн байх л биз. Гэвч таван хүү төрүүлж, өсгөн, ханьтайгаа зургаан залуутай хүн хэмээгдэж байгаа түүний хувьд хавдар хэмээх аймшигт өвчинтэй тэмцэж яваа болохоор тээх бодол, хэлэх үгийг нь таахад бэрх. Номынх нь нээлтийн үеэр Д.Наранчимэгийг хөвгүүддээ зориулан бичсэн шүлгээ уншиж өгөхийг олон хүн хүссэн. Тэр ч хүслийг нь биелүүлсэн. Гэхдээ түүний шүлгийг сонссон олон хүний нүд нулимсаар бүрхэж, ззримынх нь аяганаасаа мэлтрэн унахыг ч харлаа. Шүлэг гэхээс илүүтэй захиас байна уу гэлтэй, захиас уу гэх нь ээ мөр холбож, энгийн хэрнээ ойлгомжтой, сургааль байдлаар тэрлэсэн түүний бүтээлээс өөрийнх нь амьдралыг тэр бүр сайн мэдэхгүй ч сэтгэлийн ямар их хатыг бусдад түгээж байна вэ гэдэг нь илэрхий байлаа.
Тэрбээр номын нээлтээ хийгээд дэлгүүрүүдэд борлуулахын зэрэгцээ амралтын өдрүүдэд “Зохиогчтой уулзаж, санал солилцох хэлэлцүүлэг” зохион байгуулсан. Тэр үеэр номын дэлгүүрүүдийн шимтгэлгүйгээр “Би хэн бэ гэж үү”, “Өргөст сарнай” бүтээлүүдийг 30 хувь хямд үнээр худалдан авах боломжийг иргэдэд бий болгохоор төлөвлөснөө ч дуулгасан юм. Зохиогчоо догдлуулж, зочдоо уяраан, уйлуулсан номуудын нээлтийн ажиллагааны үеэр Д.Наранчимэг бүсгүйтэй цөөн хором ярилцлаа.

Д.НАРАНЧИМЭГ: БИ ХЭЗЭЭ Ч ЗОХИОДОГГҮЙ, БОДИТ АМЬДРАЛ Л БИЧДЭГ
-Анхны буюу “Амьд явах виз” номын нээлтийг хийж байсан нь саяхан мэт. Гэсэн ч хэдийн хоёр жил өнгөрчээ. Таны хувьд хоёр номоо гурван өөр төрлөөр бичсэн нь ихэд гайхалтай санагдаж байна. Тиймдээ ч зарим хүн таныг хүнд өвчтэй байж яаж ингэж хамаг анхаарлаа номондоо хандуулаад байгааг ойлгоход бэрх байх?
-Энэ асуултад хариулахын тулд жишээ татах нь зүйтэй байх. Гэхдээ жишээ болох хүн маань ирж амжсангүй. Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн Бөхийн Бааст гэж миний сайхан найз өдгөө 100 насны босго тун дөхөж яваа. Гэтэл өнөөдөр найз маань 200 бүтээл туурвисан байдаг. Хэрвээ хүн юм бичдэг, туурвидаг, боддогоороо ядардаг бол энэ хүн өдийд дэлхийд бус нөгөө ертөнцөд оччихсон байх байсан болов уу. Тэгвэл эсрэгээрээ гэдгийг найз маань харуулж чадсан. Хүний газар ганцаараа 3-4 жил өвчнийг даван туулах зориг хамгийн ихээр өгч байсан зүйл маань ердөө л бичих байсан. Ингэж байж л хүмүүст өөрийнхөө дотоод ертөнцийг нээж, уур бухимдалтай, баярлаж, догдолсноо тэрлэж, нийтлэн нүүр номын найзууддаа хуваалцдаг байлаа.
Энэ нүүр номдоо 10 гаруй мянган найзтай болж, хэд хэдэн пэйж хуудас ажиллуулсан. Үүгээр минь дамжуулаад “Өргөст сарнай” романыг л гэхэд дунджаар 15- 16 мянган хүн уншиж байгаа нь миний сэтгэлд маш их түлхэх хүч өгсөн. Өөрөөр хэлбэл хүн дуртай зүйлээ хийхээр ядардаггүй гэгчээр би юм бичихээрээ цаг хэрхэн өнгөрч буйг мэдэхгүй бүр сэргэлэн цовоо болж байгаа мэт санагддаг.
Бааст гуайгаар жишээ авахад хүн юм бичиж, оюун ухаан тэлснээр, бусадтай хуваалцсанаар ядардаггүй, харин ч түүнээсээ урам, эрч хүч авч амьдралыг баяр баясгалангаар өөрийгөө үргэлж тойглодог юм байна гэж ойлгосон.
-Өөрийн тань хэлснээр ном бичдэг олон “солиот”- оос өөрийгөө болоод бүтээлээ хэрхэн ялгаж байгаа вэ?
-Тухайн үед уншсан сонины гарчигаас бол би бас ном бичдэг солиотын нэг мэт боловч хэзээ ч зохиодоггүй, бодит амьдрал бичдэгээрээ онцлогтой юм болов уу гэж бодож байна. Миний шүлгүүд дандаа сэтгэлээс минь урган гардаг. Өвчтэй, зовлонтой, баярлаж, гунигласан үед шууд тархинд минь орж ирж, сэтгэлээр дамжин мөртүүд гардаг. Шүлэг гэхэд ч ичмээр дамшиг даа, мэргэжлийн хүмүүсийн хувьд. Чухам роман гэж ярьж болох эсэхийг сайн мэдэхгүй ч бодит хүний маьдралаас сэдэвлэсэн ном бичихээр зориглож, эцсийг нь харлаа. Энэ нь амьдрал дээр байдаг бүхий л зүйлийг харуулснаараа бусад номоос онцлогтой болсон болов уу гэж өөрөө дүгнэх байх.
-Энэ хүн хүнд өвчтэй юм чинь хэсэг хугацаанд эмчилгээ хийлгэж, амрах байх гэж бодох хүн олон. Гэхдээ бичдэг хүмүүс нэгийг дуусгаагүй байхдаа л дараагийнхаа санааг олчихсон, сэтгэлдээ эхлүүлчихсэн байдаг. Таны хувьд ямар төлөвлөгөөтэй байгаа вэ?
-Би бас тэгж л бодож байсан. Нэг зүйл биччихээд л сайхан амарна гэж боддог байлаа. Тэгтэл Б.Бааст гуай надад “Нараа, хүн зохиол бичихээр яг хар тамхинд орсон юм шиг байдаг. Эхнийхийгээ дуусахад дараагийн сэдэв орж ирдэг" гэж хэлж байсан. Тухайн үед надад их хачин, бас сонин санагдаж байлаа. Гэтэл “Өргөст сарнай”-гаа бичиж дуусаад л гадаадад амьдардаг нэг бүсгүй маш их зовлон туулсан. Түүнийгээ ярьсан түүх бий. Энэ удаагийн номоо дуусгаад би үүгээр бичнээ гэж төлөвлөсөн. Эмчилгээ маань гайгүй байвал өөртөө өндөр шаардлага тавьж байгаад, нэгэн бүсгүйн талаар зохиол туурвих бодолтой яваа.
-Бичиж эрч хүч авдаг хүн. Тэр эрч хүчээ авахын тулд ханцуй шамлан эхний хуудсаа эргүүлэх нь тодорхой болжээ дээ?
-Бичих сэдэв олон бий. Гудамжинд явж байгаад хэн нэгэн шинэ хүнтэй тааралдах, ярилцах, дотоод сэтгэлийг нь уудлах бүрт шинэ санаа гарч ирдэг.
Өглөөний сонин Ж.Нарангэрэл
Сэтгэгдэл (1)