
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжинг Хууль зүйн сайд байхдаа тус яаманд ажилладаггүй найман хүнд хууль бус тушаал гарган хөнгөлөлттэй үнээр орон сууц олгосон гэх мэдээлэл хэвлэлээр цацагдаж буй. Тодруулбал, түүнийг Хууль зүйн яамны ажилтнуудад зориулсан байрыг хуваарилах тушаалд гарын үсэг зурсан бөгөөд уг тушаал нь өнөөдрийг хүртэл маш нууц байдалд байгаа гэх. Ингэхдээ өөрийнхөө ах дүү хамаатан саданг Хууль зүйн яаманд ажилладаг гэсэн хуурамч бичиг баримт бүрдүүлж, найман орон сууцыг өөрийнхөө хамаатнуудад олгосон хэмээж буй. Тэгвэл энэ асуудлаар ХЗЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Э.Зоригтоос тодрууллаа.

-УИХ-ын гишүүн Х.Тэмүүжинг Хууль зүйн сайд байхдаа хууль бусаар тушаал гаргаж, хамаатныхаа найман хүнд байр олгосон гэх мэдээлэл байна. Энэ талаар тайлбар өгөөч?
-Хэвлэлээр удаа дараа янз бүрийн мэдээлэл цацагдаад байгаа учраас бодит мэдээллийг өгье. Би өнгөрсөн хоёрдугаар сараас хойш Хууль зүйн яаманд ажиллаж байна. Хууль зүйн сайдаар Х.Дорлигжав томилогдсоноос хойш яамны ажилчид сайдын нэр дээр орон сууц хуваарилдаг журам алдагдсан талаар өргөдөл, гомдол гаргаж байсан юм билээ. 2014 оны сүүлээр ХЗЯ-наас ажилчдадаа хөнгөлөлттэй үнэтэй орон сууц хуваарилсан ч дарааллын дагуу 11 жил, 7 жил хүлээсэн албан хаагчид үүнд нь багтаагүй. Тэдний оронд өөр иргэд орсон юм билээ. Энэ тухай ямар нэгэн мэдээллийг алба хаагчдад өгөөгүй учраас тэд гомдол гарган энэ асуудлаар сайдад хандсан байдаг. Намайг ажил авснаас хойш хоёр ажилтан энэ асуудлаар хандсан. Учир нь, ШШГЕГ-ын барьсан Баянзүрх дүүргийн 25 дугаар хороонд байрлах орон сууцыг яаманд огт ажилладаггүй гурван хүнд өгсөн байдаг. Ямар байгууллагад ажилладаг, хэн гэдэг хүнд олгосон талаарх баримтыг бид ШШГЕГ-аас авсан байгаа.
-Тэгэхээр тэдгээр хүмүүст байр олгосон тушаал нь яаманд байхгүй гэсэн үг үү?
-Тэдэнд байр олгосон тушаалыг архиваас хайгаад олоогүй учраас энэ асуудалд хугацаа алдсан тал бий. Тухайн үед Х.Тэмүүжин сайдын гаргаж байсан тушаал яамнаас явсан бичгүүдийн дагуу ШШГЕГ-ын барьсан орон сууцанд яамны 8 ажилтанд хөнгөлөлттэй үнэтэй орон сууц олгосон байсан. Бид энэхүү гомдлын дагуу ШШГЕГ-т хандаж, хариу албан бичиг хүлээж авсан байгаа.
-Яаманд ажилдаггүй гурван хүнд байр олгосон гэж байна. Тэгвэл яригдаад байгаа найман байрны тав нь хэнд очсон бэ?
-Одоо яаманд ажилладаггүй, сайдын зөвлөхөөр ажиллаж байсан буюу удирдах албан тушаал хашиж байсан 4-5 хүний нэр байсан. Сүүлд буюу 2014 оны арваннэгдүгээр сарын 4-ний тушаалаар яаманд ажилладаг 3 залуу болзол хангаагүй ч дугаарлалтын журам зөрчин ШШГЕГ-ын 160 айлын орон сууцанд орсон байсан. Тэд одоо ч яамандаа ажиллаж байгаа.
-Хөнгөлөлттэй үнэтэй орон сууц гэж байна. Үнэ, ханш нь зах зээлийнхээс хэр вэ?
-Яаманд огт ажилладаггүй гурван иргэнд олгосон байрны тухайд үнэ нь тодорхой бус байгаа. Хөнгөлөлттэй үнээр л байр олгосон гэсэн. Тухайн иргэд энэхүү байрандаа амьдарч байгаа эсэхийг холбогдох байгуулагууд нь тодруулж байгаа. Харин бусад ажилчдад 1м2-ыг нь 900 мянган төгрөгийн 30 хувиар бодож олгосугай гэж заасан байсан. Өөрөөр хэлбэл 1м2 нь 270 мянган төгрөгөөр бодож олгосон гэсэн үг. Учир нь ШШГЕГ өөрийн нөөц болоцоог ашиглан барьсан орон сууцаа ажилчдадаа хямд үнээр олгодог. Бид энэ асуудлыг холбогдох байгууллагуудад нь хандан шалгуулж байгаа. Тиймээс эдгээр байруудад дарааллын дагуу хүлээж байгаа иргэд орох бүрэн боломжтой гэж ойлгож болно.
Сэтгэгдэл (8)