ЦЕГ-ын даргын зөвлөлийн ээлжит бус хурлын шийдвэр

Өнгөрсөн баасан гарагт Эрүүгийн цагдаагийн газрын Төлөвлөлт, зохион байгуулалтын хэлтсийн албан хаагчид салхинд гарч амрахаар Налайх дүүргийн зургадугаар хороонд байрлах "Горхи-Тэрэлж" амралтын газарт очсон байдаг. Улмаар хоорондоо маргалдаж, тус хэлтсийн албан хаагч Х харамсалтайгаар хорвоог орхисон юм. Харин Х-гийн аминд хүрсэн гэх Ө-г саатуулан, УМБГ-ын Тусгай субьектийг шалгах хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Мэдээж ноцтой зөрчил гаргасан албан хаагчдыг ЦЕГ-ын Дотоод хяналт шалгалт аюулгүй байдлын хэлтэст шалгасан. Уг шалгалтын дүнг өчигдөр ЦЕГ-ын даргын зөвлөл ээлжит бусаар хуралдаж хэлэлцсэн байна. Хурлаас гарсан шийдвэрийг бүрэн эхээр нь хүргэж байна. 
 
1-рт: Эрүүгийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Б.Буянтөрд Төрийн албаны тухай хуульд зааснаар албан тушаалын цалингийн 6 сар 20 хувиар бууруулах, 

2-рт: Эрүүгийн цагдаагийн газрын дэд дарга цагдаагийн дэд хурандаа А.Амгаланг Төрийн албаны тухай хуулийн 26-р зүйлд зааснаар албан тушаалын цалингийн хэмжээг 3 сар 20 хувиар бууруулах шийтгэл оноосон байна.

Ингэснээр Б.Буянтөр болон А.Амгалан нарын цол нэмэх, албан тушаал ахих бүх боломж нь хаагдаж байгаа аж. 

3-рт: ЭЦГ-ын Төлөвлөлт зохион байгуулалтын хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа н.Батдэлгэрт Төрийн албаны тухай хуулид зааснаар албан тушаалын цалингийн хэмжээг 6 сар 20 хувиар бууруулж, албан тушаалаас нь чөлөөлөв.

4-рт: Тус хэлтсийн ахлах мэргэжилтэн цагдаагийн хошууч Б.Батзаяад төрийн албаны тухай хуульд зааснаар албан тушаалын цалингийн хэмжээг 6 сар 20 хувиар бууруулж, сахилгын шийтгэл оногдуулж албан тушаалаас нь чөлөөлөв. 

5-рт: Цагдаагийн ахлах ахлагч Б.Ган-Эрдэнийг төрийн албаны тухай хуулийн 25-р зүйлд зааснаар төрийн албанд 1 жил хүртэлх хугацаагаар эргэж орохгүйгээр ажлаас нь чөлөөлжээ. 

6-рт: Жижүүрийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Л.Батсуурийг төрийн албаны тухай хуульд зааснаар албан тушаалын цалингийн хэмжээг 6 сар 20 хувиар бууруулж, сахилгын шийтгэл оногдуулж, албан тушаалаас нь чөлөөлсөн шийдвэр гаргажээ. 

Ийнхүү ажлаас нь чөлөөлсөн алба хаагчдыг Б.Өлзийбуянгийн эрүүгийн хэргийг шалгаж дуустал ажилд нь эргүүлэн авахгүй. Харин Б.Өлзийбуянгийн хэрэгт холбоотой эсэхийг шалгаж дууссаны дараа тэдний асуудлыг хэлэлцэх юм. Тодруулбал, Х.Өлзийбуянгийн хэрэгт оролцоотой бол эрүүгийн хэргээр шалгана. Холбоогүй бол ЦЕГ-ын даргын зөвлөлийн ээлжит бус хуралдаан болж, дахин өөр ажилд томилох эсэхийг хэлэлцэх юм байна. 

7-рт: Тус газрын бичиг хэргийн ажилтан цагдаагийн ахлах ахлагч Б.Өлзийбуянг төрийн албаны тухай хуулид заасны дагуу төрийн албанд нэг жил орох эрхгүйгээр сахилгын шийтгэл оногдуулах шийдвэр гаргажээ. Мөн Б.Өлзийбуянг УМБГ-т эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж.

Мөн тус хурлаар

1. Алба хаагчдын үйл ажиллагаанд хяналт тавих, дотоо хяналтыг сайжруулах үүрэг чиглэлээр хангаж, илэрсэн алдаа дутагдлыг засуулах талаар зөвлөмж, зааварчилгаа өгч, буруутай албан хаагчид тухай бүрт нь хариуцлага тооцож ажиллах

2. Алба хаагч нарын үйлдэж байгаа гэмт хэрэг, сахилгын зөрчлийг дахин давтан гаргахгүй байх талаар сургалт дадлагын төвтэй хамтран сургалт зохион байгуулж ажиллах

3. Алба хаагчдын харилцааны соёлд онцгойлон анхаарч, иргэдтэй зүй бус, дээрэнгүй харьцах, хууль бус шаардлага тавих, эрх чөлөөнд халдах явдлыг таслан зогсоох

4. Цагдаагийн байгууллагын стандартыг хэрэгжүүлж, алба хаагчдыг иргэдтэй стандартын дагуу харьцах, алба хаагчдын ёсзүйн дүрмийг хэрэглэж хэвшүүлэх, талаар үр дүнтэй ажлуудыг зохион байгуулах

5. Удирдах дарга ажил хариуцах чадвараа сайжруулж, алба хаагч нарт тавих  өдөр тутмын хяналт шалгалтыг тасралтгүй зохион байгуулж ажиллахыг үүрэг болгов.
 
 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.