

ЗУНДУЙН ДОРЖ /1941-2015/
Эмгэнэл
Монгол Улсын Төрийн соёрхолт, Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, яруу найрагч, сэтгүүлч Зундуйн Дорж 2015 оны аравдугаар сарын 12-ны өдөр өвчний улмаас таалал төгсөж, бид бүхэнд хүнд гарз тохиолоо.
З.Дорж нь 1941 онд Булган аймгийн Авзага сум /одоогийн Хишиг-Өндөр/-ын нутаг Хадан хошууны Ар зайдан гэдэг газар төржээ. Тэрбээр 1961 онд Булган аймгийн 10 жилийн дунд сургууль, 1968 онд МУИС-ийн Хэл утга зохиолын ангийг тус тус төгсчээ.
Тэрбээр 1968 оноос Монголын Үндэсний радиод сэтгүүлч, редактороор олон жил үр бүтээлтэй ажиллаж ирсэн манай нэртэй сэтгүүлчдийн нэг бөгөөд 1971-1973 онд БНАГУ-ын /хуучин нэрээр/ Берлин хотын “Брундфункт” радиод сэтгүүлчээр ажиллажээ. Мөн 1992 онд хэл, хил, мал гурваасаа салбал Монгол эмгэнэлтэй хэмээн тунхаглаж Мал сүргийг гэмт халдлагаас хамгаалах нийгэмлэгийг санаачлан байгуулж “Баян Монгол” студийн захирлаар ажиллаж байв.
З.Дорж нь ард түмний сэтгэлд хоногшсон “Сүүтэй чулуу”, “Эрдэнэ засгийн унага”, “Эрийн цээ”, “Үхэгсэдийн дараах ганцаардал” роман, “Уулын модод”, “Хасагдавч үрэгдээгүй зохиолууд, хаягдавч дарагдаагүй зохиолууд”, “Байтагт мөнхөрсөн арав”, “Америк хүүхнүүдийн нүүрний баясгалан”, “Миний хайртай дайснууд” шүлгийн түүвэр, “Нас тогтох сайхан”, “Тоодог шандын булаг” зэрэг мянга мянган шүлэг, яруу найраг, дууны үг, роман, тууж, сурвалжлага, нийтлэлүүд туурвисан манай нэрт зохиолч, яруу найрагч байв.
Нэрт зохиолч, яруу найрагч, сэтгүүлч З.Доржийн Монголын утга зохиолын хөгжилд оруулсан хувь нэмрийг төр, засгаас өндрөөр үнэлж Хөдөлмөрийн хүндэт медаль, Сүхбаатарын одон, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол, 1993 онд “Эрдэнэ засгийн унага” түүхэн роман туурвисны учир Монгол Улсын Төрийн соёрхол хүртээжээ.
Мөн түүний уран бүтээлийг мэргэжлийн байгууллага, хамт олон нь өндрөөр үнэлж Монголын Зохиолчдын Эвлэлийн болон Монголын Сэтгүүлчдийн Холбооны нэрэмжит шагнал, Монголын радиогийн тэргүүний ажилтан, “Малчны алдар” одон хүртээсний зэрэгцээ 2009 онд олон нийтийн санал асуулгаар Монголын ард түмний дээд шагнал “Ард түмний баатар” цолоор шагнажээ.
Талийгаачийн гэгээн дүр, бүтээл туурвил, эх орноо гэсэн халуун сэтгэл, хүнлэг энэрэнгүй, ажилч, хөдөлмөрч зан чанар нь монгол түмний сэтгэлд үүрд хадгалагдан үлдэх болно.
Ц.ЭЛБЭГДОРЖ, З.ЭНХБОЛД, Ч.САЙХАНБИЛЭГ, Д.БАТЦОГТ,
Л.ГАНТӨМӨР, Ё.ОТГОНБАЯР, Д.БАТСАЙХАН, Д.ЭРДЭНЭБАТ
Сэтгэгдэл (1)