
Цагдаагийн албан хаагчид өөр хоорондоо муудалдаж, нэгнийхээ амь насанд хүрсэн харамсалтай хэрэг гарчээ.
Тодруулбал, өнгөрсөн Баасан гарагт Эрүүгийн цагдаагийн газрын Төлөвлөлт зохион байгуулалтын хэлтсийн албан хаагчид ажлын бус цагаар амарч, зугаалах үеэр уг хэрэг гарсан аж. Налайх дүүргийн зургаадугаар хороо буюу Тэрэлж амралтын газарт амрахаар очоод байх үедээ 40 настай эрэгтэй X, 28 настай эрэгтэй Ө нар үл ойлголцож, маргалдсан байна. Улмаар Ө нь хохирогч Х-г хүчтэй түлхэж, хатуу зүйл мөргүүлсний улмаас амиа алджээ.
Албан эх сурвалжийн мэдээлж буйгаар Ө-г цагдан хориод байгаа бөгөөд ЦЕГ-ын Тусгай субъектийн гэмт хэрэг мөрдөх хэлтэст албан хаагчидтай холбоотой хэргийн шалгалтын ажиллагаа нь хийгдэж байгаа гэнэ. Харин ЦЕГ-ын Дотоод хяналт, шалгалтын хэлтэс дээр уг асуудлын талаар шалгалтын ажиллагаа нь хийгдээд эхэлсэн байна.
Улмаар өнөөдөр ЦЕГ-ын даргын ээлжит бус зөвлөл хуралдаж, Дотоод хяналт, шалгалтын хэлтсийн шалгалтын дүнг хэлэлцээд, буруутай алба хаагчдад хариуцлага тооцох ажээ.
Эх сурвалж:МОНГОЛЫН МЭДЭЭ
Сэтгэгдэл (1)