Өршөөлийн хуулиар МАН-ын бүлэг завсарлага авлаа

                            Өршөөлийн хуулиар МАН-ын бүлэг завсарлага авлаа

УИХ-ын гишүүн Ц.Баасанхүү Засгийн газрын хэрэг эрхлэн газрын дарга С.Баярцогтыг огцруулах саналыг өргөн бариад байгаа билээ. Энэ асуудлыг Хууль зүйн Байнгын хороогоор  өчигдөр хэлэлцээд цэцийн дүгнэлтийг УИХ хүлээж авах эсэхийг шийдсэний дараа хэлэлцэнэ гэсэн шийдэлд хүрчээ. 

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар хамгийн эхэнд дээрх асуудлыг хэлэлцэх байсан ч УИХ-ын гишүүн Ц.Нямдорж ажлын хэсэг томилж, санал дүгнэлт гаргасны дараа чуулганаар хэлэлцэх нь зүйтэй гэснийг УИХ-ын дарга дэмжив. Ингэснээр уг ажлын хэсгийн ахлагчаар Ц.Нямдорж гишүүнийг томиллоо. ҮХЦ-ийн дүгнэлттэй холбоотой асуудлыг ирэх долоо хоногийн Пүрэв гарагийн чуулганаар хэлэлцэхээр болов. 

Дараагийн асуудал болох Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхлэх үеэр МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт ажлын тав хоногийн завсарлага авсан тул уг асуудлыг хойшлууллаа. 

Харин одоо Монгол Улсын Төрийн цэргийн бодлогын үндсийг батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг УИХ-ын чуулганаар хаалттай хэлэлцэж байна.

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.