Давхар дугаарын зөрчил буурахгүй байна

 

                                  Давхар дугаарын зөрчил буурахгүй байна

Нийслэлийн замын түгжрэлийг бууруулах зорилгоор 2012 оны наймдугаар сараас дугаарын хязгаарлалтын арга хэмжээг авч эхэлсэн билээ. Тэгвэл энэ үеэс давхар дугаарын бизнес улам цэцэглэсэн хэмээн албаныхан үздэг. Давхар дугаарын асуудал өнөөдөр ч бүрэн цэгцрээгүй байгаа аж. Учир нь давхар дугаарын зөрчил жил бүр нэмэгдсэн дүр зураг байгаа юм.

Тухайлбал, давхар дугаарын зөрчил 2013 онд 144 бүртгэгджээ. Харин 2014 онд 189 болж нэмэгдсэн байна. Тэгвэл энэ оны есөн сарын байдлаар л гэхэд давхар дугаарын зөрчил 179 бүртгэгджээ. Энэ талаар Замын хөдөлгөөний удирдлагын төвийн Олон нийттэй харилцах мэргэжилтэн Х.Гансүх “2013 онд Замын хөдөлгөөний удирдлагын төвийн Төлбөр хяналтын хэлтэс байгуулагдсан. Ингээд торгуулийн хуудсыг жолооч нарт илгээж эхлэх үеэс л давхар дугаарын асуудал гарч байсан. Гэвч өнөөдрийн хүртэл дорвитой буурахгүй л байна” гэв.

Иргэдийн хувьд автомашиных нь дугаарыг өөр тээврийн хэрэгсэл зүүсэн тохиолдолд нэн тэргүүнд Автотээврийн үндэсний төвд хандах шаардлагатай гэдгийг сануулав. Дашрамд дуулгахад, өнгөрсөн онд нэг дугаарыг долоон автомашин зүүсэн тохиолдол илэрчээ. Тэгвэл албаны хүний мэдээлснээр нэг дугаарыг 3-4 тээврийн хэрэгсэл зүүж явах нь энгийн үзэгдэл болсон гэв. Тухайлбал, нэг дугаарыг 3-4 машин хэрэглэдэг нь 30-35 хувьтай. 2-3 машин нэг дугаарыг дундаа хэрэглэдэг 50-60 хувь байгаа аж.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.