
Д.Амарбаясгалан: Э.Бат-Үүл хямралтай үед иргэдээсээ жилд 14 тэрбум төгрөгийн татвар авхаар баталлаа
НИТХ-аас нийслэлийн иргэдээс хураах нэг хувийн татварыг баталлаа. Үүнтэй холбогдуулан Нийслэлийн ИТХ дахь МАН-ын бүлэг тав хоногийн завсарлага авч байсан бөгөөд асуудлыг хэлэлцэх үед хуралдаанаа хаяж гарсан юм. Иймд НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Амарбаясгаланг “Ярилцах танхим”-даа урьж, ярилцлаа.
-Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл УИХ-аас баталсан Нийслэл хотын албан татварын тухай хуулийг хэрэгжүүлэх журмыг боловсруулж, Нийслэлийн ИТХ-д өргөн барьж, баталлаа. Танай намын хувьд уг журмыг хүлээж авах боломжгүй гэж үзсэнээр хуулийн үйлчлэлийн эсрэг яваад байгаа мэт ойлголт төрүүлж мэдэх юм. Та үүнд ямар тайлбар өгөх вэ. Мөн бодит нөхцөл байдал дээр энэ журмыг хэрэгжүүлэх боломж бий юү?
-Бидний зүгээс хуулийн эсрэг явсан зүйл байхгүй. Нийслэл хотын албан татварын тухай хуулийн есдүгээр зүйлийн хоёрт “Нийслэл албан татвартай байж болно.
Татварын хувь хэмжээг нийслэлийн ИТХ тогтооно. Тогтоохдоо 0-1 хүртэлх хувиар тогтооно” гэж заасан. Тэгэхээр тэг гэдэг хувилбарыг сонгох боломж байгаа биз. Мөн 0.1 хувийг ч сонгож болно. Харин манай намын бүлэг яагаад тэг гэдэг хувилбарыг сонгож байна вэ гэхээр нийслэлийн иргэдийн аж амьдралд санаа зовсондоо ийм сонголт хийж байгаа юм. Өнөөдөр нийслэлийн иргэдийн худалдан авах чадвар өдрөөс өдөрт буурч байна. Ийм хүнд үед төр татварын ачааллыг нэмж болохгүй. Нэг нь нэг хувьдахгүй ачаа болж бууна. Наад зах нь, 10 мянган төгрөгөөр хоол идлээ гэхэд нийслэлийн татварт 100 төгрөг нэмж төлнө гэсэн үг. Үүний оронд 100 төгрөгөөр хүүхэддээ ганц чихэр, гэртээ ус, лаа, шүдэнз авбал хүнд хэрэгтэй биз дээ. Хямралын үед үүнийг бодож чадахгүй шийдвэр гаргана гэдэг байж болохгүй зүйл.
-Нийслэлийн иргэдийн худалдан авах чадвар буурсан тухай бодит үзүүлэлтийг хаанаас харж хэлж байна?
-Үндэсний статистикийн хорооноос гаргадаг мэдээллээс харахад 2012 онтой харьцуулахад 30 хувиар буурсан байна. Бид хоосон тоо зохиогоогүй. Хотын дарга Э.Бат-Үүлээс энэ талаар асуухад тодорхой хариулт өгсөнгүй. Тэр хүн иргэдийн гүнд нь орж ажиллаж чадахгүй байна. Нөхцөл байдлыг бодитоор харж чадахгүй байна. Тэр ч битгий хэл нийслэлийн төсөв өнөөдөр 80 гаруй тэрбум төгрөгөөр тасарчихсан байгаа. Сангийн яамнаас нийслэлтэй холбоотой цалин, тэтгэврээс бусад бүх төрлийн зарлагыг царцаасан. Цаашид бүх хөрөнгө оруулалтын ажил зогсоно. Урьдчилгаа аваад дэд бүтцийн чиглэлээр ажилласан компаниуд мөнгөө авч чадахгүйд хүрнэ. Ийм хүнд нөхцөл байдалд тэр бүх компани, төрийн байгууллагад ажиллаж байгаа нийслэлийн иргэдийн ачаан дээр ачаа, дарамт дээр дарамт нэмж нэг хувийн татвар тогтоож болохгүй.
-Танай намын яриад байгаа “0 хувийн татвартай байж болно” гэдэг санал чинь бас ор тас үгүйсгэсэн хэрэг биш юм биш үү. Нийслэлийн татварыг ?
-Цаг хугацааны хувьд хүлээх хэрэгтэй гэдэг байр суурь. Орлого өсч, иргэдийн санхүүгийн чадвар сайжрах хүртэл “Бид 0 хувийн татвартай байна аа” гэдэг хувилбарыг сонгох хуулийн боломж нь нээлттэй. Үүнийг ашиглах хэрэгтэй. Хотын дарга Нийслэлийн ИТХ-д оруулж ирсэн журмынхаа үндсэн чиг шугам болох хуультайгаа бүрэн танилцаагүй байна. Ерөнхийдөө хотын даргын зүгээс “Гадаадаас ирж байгаа жуулчин бүрээс нэг хувийн татвар авч үлдэх хэрэгтэй” гэдэг зүйл яриад байна. Гэтэл татвар авах гээд байгаа зочид буудал, амралтын газар, ресторан, баараар үйлчлүүлж байгаа хүмүүсийн хэдэн хувь нь жуулчин бэ гэдэг тооцоо алга. Яахав зочид буудлаар үйлчлүүлэгсдийн ихэнх хувь нь жуулчид байж болно. Харин амралтын газар, ресторон, бааранд үйлчлүүлэгсдийн 99 хувь нь хотын иргэд байгаа. Ийм байхад жуулчдаас татвар авах нэрээр нийслэлийн иргэдээ өрөнд унагааж болохгүй.
-Сайн талаас нь харвал архи, тамхины хэрэглээг бууруулах нийгмийн хариуцлагад тулгуурласан журам юм болов уу гэж бодмоор юм билээ. Тэр дундаа Архи, Тамхины эсрэг хуулийн үйлчлэлийг төгөлдөржүүлэх ч гэж нэрлэж болмоор. Нэг ёсондоо “Нийслэлийн иргэн та тамхи татахгүй, архи уухгүй л бол илүү татвар төлөхгүй” гээд тайлбарлахад болохоор. Би буруу ойлгоогүй бол шүү дээ?
-Наадах чинь худлаа өнгөлөн далдлалт. Хотын дарга хуулиа уншаагүй юу, эсвэл санаатайгаар ард түмнийг залилах гээд байна уу. Мэдэхгүй байна. Гайхаж байна. Хуулийн долоодугаар зүйлийн 1-д бараа гэж бий. Бараа гэдэгт бүх төрлийн согтууруулах ундаа болон тамхи гэж заасан. Хоёрдугаар зүйл дээр амралтын газар, ресторон, баарны газраас үйлчилгээ авсан бол татвар төлнө гэж байгаа. Ингэхдээ хоол авсан ч, цэвэр ус авсан ч архи, тамхитай адил татвар төлнө гэсэн үг. Тэгэхээр хуулийн үйлчлэл зөвхөн архи, тамхи биш байгаа биз дээ. Гэтэл хотын дарга “Зөвхөн архи, тамхи” гэж яриад байна. Хуулин дээр үйлчилгээ авсан бол гэж байсаар байхад шүү. Хэрвээ үнэхээр зөвхөн архи, тамхитай холбоотой татвар юм бол энэ төрлийн үйлдвэрлэл эрхэлдэг компаниудын онцгой албан татварыг нэмчихэд л асуудал шийдэгдчихнэ биз дээ. Тэгэхээр архи, тамхи гэдэг халхавчны цаана татварын журмаа батлуулах гэсэн өрөөсгөл тайлбар ярьж байгаа юм. Дээр нь сая хотын дарга маань “Гэр хорооллын иргэд ресторанд орж тансагладаггүй” гэж хэлнэ лээ. Ингэж хэлж болох уу.
-Өөрийнх нь ажиглалтаар тэгж харагдсан юм байлгүй дээ?
-Юу гэж дээ. Улаанбаатар хотын иргэдийн 40 хувь нь байшин хороололд, 60 хувь нь гэр хороололд амьдардаг. Бүгд дор бүрнээ гуанз, ресторанд ордог. Тэр бүгд нь архи зарах тусгай зөвшөөрөлтэй. Хоёрт хотын даргыг арай ч ийм худлаа ярина гэж бодсонгүй. Анзаарч байхад Э.Бат-Үүл гэдэг хүн дээгүүр хийсээд явдаг юм байна. Харин яаж МАН хотыг удирдаж байхдаа хотын төлөвлөлт, дэд бүтцийн шинэчлэлийн зураг, төслийг хийсэн юм. Үүний буянд өнөөдөр хотын дарга жаахан ч гэсэн хийсэн ажилтай харагдаж чадсан.
-Та өөрөө гэр хорооллын иргэдийг хэрхэн дүгнэж байна вэ. Хотын дарга Э.Бат-Үүлийн хувьд “Гэр хорооллын иргэд ресторанд ордоггүй” гэж дүгнэдэг юм байна. Янз нь хувь хүмүүс гэр хорооллын иргэдийн талаарх төсөөлөл, дүгнэлт хол зөрүүтэй бололтой?
-Хотын ресторан гэсэн ойлголт байхгүй. Тухайн иргэн оршин суугаа газартаа баар, рестораны үйлчилгээг авч байгаа. Тэр тутамд нь татвар авна гэсэн үг. Гэр хороолол, байшин хорооллын иргэн гэсэн ялгаварлал хэрэглээнд байхгүй. Олонх нь хотын төвд ажилладаг. Өдрийн хоол хүнд хэрэгтэй. Хоол идснийхээ төлөө татвар төлнө.
-НӨАТ-ын буцаалтаар хотод төлсөн татвараа эргүүлээд авах боломжтой гэж тайлбарлаж байгаа. Тийм боломж бий юу?
-Үүнийг нийслэлийн татвартай хутгаж ойлгож болохгүй. Хоёр өөр зүйлийг хооронд нь хутгаж саармагжуулах замаар нийслэлийн татварыг авч үлдэх гэж байгаа нэг арга ядсан арга. Өөрөөр тайлбарлах ямар ч боломж байхгүй.
-Гэхдээ нийслэлийн татвар шинэ ухагдахуун биш шүү дээ. Дэлхийн улс орнуудад 1-5 хувь гэсэн ерөнхий нэг үзүүлэлт байдаг. Ийм байхад НИТХ дахь МАН-ын бүлэг үүнийг эсэргүүцэж байгаа нь өөрөө сонгууль ойртож, улстөржилт идэвхжсэний илрэл гэж хэлэх хүн байгаа л байх?
-Энэ асуултад хариулахаас өмнө зориуд нэг зүйлийг хэлмээр байна. Э.Бат-Үүл дарга 25 жил улс төрд явахдаа хотын дарга болохоосоо өмнө нэг ч удаа сайд дарга хийж, төрийн тамга гардан атгаж яваагүйд нь гайхдаг байсан. “Яагаад ингэсэн юм бол” гээд бодохоор эцсийн дүндээ хэтэрхий их улстөржиж, улс төрийн хэнээрхэл туссантай нь холбоотой байж гэсэн бодол төрж байна. Тэр хүн ингэж л ойлгогдож байна. Өнөөдөр нийслэлийн иргэдийн ажил, амьдрал, тэдний төлөө гэсэн санал санаачилга гаргаад ярихаар шууд улстөржүүлж, дайрч давшилж, буруу талаас нь чичилж, элдвээр хэлж байна. Иргэдийн анхаарлыг гол асуудлаас нь холдуулж, ердөө л Э.Бат-Үүл, Д.Амарбаясгалан гэсэн хоёр хүний хэрүүл болгож харагдуулж байгаа байхгүй юу. Олон жилийн улс төрийн туршлага нь ийм юм байна.
-Үндсэн асуултын хариулт нь?
-Дэлхийн улс орнуудын нийслэл хотууд татвартай байдаг нь үнэн. АНУ, Өмнөд Солонгос, Япон гээд орон бүрт өөр өөрийн шийдвэрлэвэл зохих асуудалдаа тулгуурласан татвар байдаг. Тэр бүхнийг жишээ авч ярьж байна. Бээжин гэхэд хүн амын төвлөрөл хэт ихэсч, ачааллаа даах боломжгүй болсон учраас татвар тавьсан. Хоёр дахь үндэслэл нь цалингийн босго. Үүнийг Улаанбаатар хотын иргэдтэй жиших ямар ч боломжгүй.
-Яагаад?
-Улаанбаатар хотын жирийн дундаж албан хаагчийн цалин өнөөдөр 800 мянган төгрөг буюу 400 ам.доллар. Гэхдээ ихэнх иргэний цалин 400 ам.долларт ч хүрэхгүй байгаа. Тэгэхэд Сөүл хотын дундаж албан хаагчийн цалин 4000-5000 ам.доллар. Токиод амьдарч байгаа хүнийх 6000-7000 ам.доллар. Нью-Йоркийнх 8000 ам.доллараас дээш. Ийм байхад тэдний цалинг нийслэлийн иргэдтэй жишиж, татвар авна гэдэг тэнгэр газар шиг харьцуулалт байгаа биз дээ. 8000 ам.долларын цалинтай иргэн нэг хувийн татвар төлөх, 400 ам.долларын цалинтай иргэн татвар төлөхийн хоорондох зөрүүг бодитоор харах хэрэгтэй. Тэгсэн хэрнээ худалдан авч байгаа хоол хүнсэнд нь үнийн зөрүү байхгүй. Зарим тохиолдолд Улаанбаатарын иргэдийн худалдаж авдаг хоол хүнсний үнэ Нью-Йорк, Токиогийнхоос ч өндөр байгаа. Ийм нөхцөлд бидний санаачилгыг улс төр гэж харж, тайлбарлаж болохгүй. Тэгээд ч “Татвар битгий ав” гэж НИТХ дахь МАН-ын бүлэг эсэргүүцээгүй. Цаг хугацааны хувьд хэрэгжүүлэх боломж алга гэдгийг хэлж байгаа юм. “Гай болохоор зай бол” гэдэг үг байдаг биз дээ. Үүн шиг иргэдийн амьдралд тусалж чаддаггүй юм гэхэд нуруун дээрх ачааг нь нэмж болохгүй байхгүй юу.
-Энэ татвараас бүрдүүлэх 13 тэрбум төгрөгийг жуулчид татах, дэд бүтцийг сайжруулахад зарцуулна гэж байгаа. Үүнийг та зайлшгүй шаардлагатай хөрөнгө оруулалт гэж үзэж байна уу?
-Өнөөдрийн байдлаар хэрэггүй. Хотын даргад хангалттай мөнгө байсан. Өмнөх нийслэлийн удирдлагуудын 12 жилд зарцуулсан төсвийг Э.Бат-Үүл гэдэг хүн бүрэн эрхийнхээ эхний гурван жилд зарлагадсан. Ийм байж иргэдийн халаасыг тэмтэрч, орлого бүрдүүлнэ гэдэг өөрөө нийгмийн эсрэг хийж байгаа дайралт байхгүй юу.
-Хотын удирдлагын зүгээс танай намыг асуудлыг хэт улстөржүүлж, иргэдэд буруу сэтгэгдэл төрүүллээ гэж шүүмжлэх нь тодорхой. Иймд нэг хувийн татварыг НИТХ-аас баталсаныг эсэргүүцэх дараагийн алхам нь юу байх юм бэ?
-Бид хэлэлцүүлгийн шатанд завсарлага авах эрхээ эдэлсэн. Үүнийг улстөржилт гэж үзэх юм бол нийслэлд цаашид иргэдээ гэсэн шийдвэр гарах ямар ч боломжгүй гэсэн үг. Бидний нийслэлийн хөгжил, нийслэлийн иргэдийн төлөө ИТХ-д сонгогдсон. Ийм амлалт өгсөн. Амлалтандаа хүрэхийн тулд завсарлага авах, бойкот хийх гээд боломжтой бүх хувилбараар өөрсдийн зүгээс авч болох арга хэмжээг авна. Тэр бүхнийг улстөржилт гэсэн хувь хүнийхээ мөн чанарт тулгуурласан муйхарлаал тайлбарласнаараа Э.Бат-Үүл гэдэг хүн гоё харагдахгүй л болов уу. Бид хэлээд хэлээд ойлгохгүй бол гэдэг шиг тэр арга руу орно. Дээд шүүхэд хандана. Нэг хувийн татвар хураалтыг хэрэгжүүлэх ямар ч үйл ажиллагаанд НИТХ дахь МАН-ын бүлэг оролцохгүй. Иргэдийн нуруун дээр ирж байгаа ачааллыг бууруулахын тулд шаардлагатай бүх арга хэмжээг авч тэмцэнэ.
Сэтгэгдэл (11)