ЗАСГИЙН ГАЗРЫН АРД НУУГДСАН ЦЭЦ

           Монгол залуу хуульчдын "ХОС ДЭНС" клуб төрийн бус   байгууллагын тэргүүн
                                                            А.Гантамир 

                                          ЗАСГИЙН ГАЗРЫН АРД НУУГДСАН ЦЭЦ

Улсын Их хурлын гишүүний бүрэн эрхэнд Улсын Их хурлаас сонгогдсон буюу томилогдсон албан тушаалтны илтгэл, сонсгол хэлэлцүүлэх, тэдгээрийг эгүүлэн татах, огцруулах санал гаргах эрх байлаа. Ийнхүү байлаа хэмээн өнгөрсөн цаг дээр хэлж байгаа нь Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар 2015 оны 09 дүгээр сарын 09-ны өдөр Улсын Их хурлын тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.12 дахь заалт “Улсын Их Хурлаас сонгогдсон буюу томилогдсон албан тушаалтны илтгэл, сонсгол хэлэлцүүлэх, тэдгээрийг эгүүлэн татах, огцруулах санал гаргах...” гэсэн улсын их хурлын гишүүний эрхийг Үндсэн хууль зөрчсөн хэмээн үзэж түтгэлзүүлсэн байна. 

Цэцийн дүгнэлтээр 7-р зүйлийн 7.1.12 дахь заалтын “... томилогдсон ... огцруулах ...” гэсэн нь Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 2, Дөчин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус зөрчсөн байна гэж Үндсэн хуулийн цэц дүгнэжээ. 

Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 2-т “Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, түүнд өөрчлөлт оруулах саналаа Ерөнхийлөгчтэй зөвшилцөн Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ.” Дөчин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ерөнхий сайд Засгийн газрыг удирдаж, төрийн хууль биелүүлэх ажлыг Улсын Их Хурлын өмнө хариуцна.” хэмээн тус тус заасан байдаг.

Эндээс харвал цэцийн дүгнэлт нь Засгийн газрын үйл ажиллагааны нөхцөл байдал дээр тулгуурлан тухайн УИХ-ын тухай хуулийн 7.1.12-р заалтын зарим хэсгийг Үндсэн хууль зөрчсөн гэж үзэж дүгнэжээ. Гэтэл УИХ-ын тухай хуулийн 7.1.12-р заалтын “томилогдсон” хэмээх агуулгад Засгийн газрын гишүүнээс гадна маш олон төрлийн албан тушаал хамрагддаг. Жишээ нь Монгол банкны Ерөнхийлөгч, Санхүүгийн зохицуулах хорооны дарга гишүүд, Авлигтай тэмцэх газрын дарга дэд дарга, Үндсэн хуулийн цэцийн гишүүн гэх мэт албан тушаалтныг УИХ томилдог. Өөрөөр хэлбэл тухайн цэцийн дүгнэлтээр түтгэлзүүлсэн заалт нь маш өргөн хүрээг хамарч байгаа атал Үндсэн хуулийн цэц зөвхөн Засгийн газрын үйл ажиллагааны нөхцөл байдлыг нь дүгнэж түтгэлзүүлж байгаа нь өрөөсгөл. 

Нөгөөтэйгүүр хэдий Үндсэн хуулийн цэц нь иргэдийн гаргасан мэдээллийн дагуу Үндсэн хууль зөрчсөн эсэх талаар дүгнэлт гаргах эрхтэй боловч тухайн дүгнэлт гаргаж буй хуулийн заалт нь цэцийн гишүүнтэй шууд хамаарал бүхий заалт байгаа юм. /цэцийн гишүүн Улсын Их хурлаас томилогддог/ Энэхүү заалтыг түтгэлзүүлснээр цэцийн гишүүнийг өөрийг нь огцруулах асуудлыг Улсын Их хурлын гишүүн гаргах боломжгүй болж байгаа юм. 

Энэ нь өөрсдийн эрх ашгийг хамгаалсан ашиг сонирхолын зөрчил бүхий шийдвэр гэж ойлгогдоно. “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль”-ийн 3.1.3-т ““ашиг сонирхлын зөрчил" гэж нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэх үед түүний хувийн ашиг сонирхол нийтийн ашиг сонирхолтой зөрчилдөх болон албан үүргээ тэгш, шударгаар хэрэгжүүлэхэд харшаар нөлөөлж болохуйц нөхцөл байдлыг;” хэлнэ хэмээн заасан байдаг. 

Хэрвээ ашиг сонирхлын зөрчил үүсвэл Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль-ийн 6.5-т “Албан тушаалтан ашиг сонирхлын зөрчилд орж болох нөхцөл байдлыг мэдэгдэх, түүнээс татгалзах замаар урьдчилан сэргийлнэ” заасны дагуу шийдвэр гаргахаас татгалзах ёстой. Энд нэг маргаантай зүйл үүснэ. Энэ нь Үндсэн хуулийн цэцийг ашиг сонирхлын зөрчил бүхий шийдвэр гаргасан гэж үзвэл цэц нь хуулийн дагуу иргэний ирүүлсэн мэдээллийг шалган маргаан үүсгэж шийдвэрлэх нь цэцийн бүрэн эрхэнд хамаарах асуудал хэмээн няцаалт хийгдэнэ. Гэвч цэц хуулийн дагуу ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлж мэдээлэл гаргасан иргэнд энэ тухай тайлбарлан маргаан үүсэхээс татгалзах ёстой. Мэдээлэл гаргасан иргэний хувьд хэдий цэцээр шийдвэрлүүлэх боломжгүй байгаа ч хуульд нэмэлт өөрчлөлт оруулах саналаа холбогдох албан тушаалтанд гаргаж болно. 

Нөгөө талаас нь харвал УИХ-ын гишүүн нь засгийн газрын гишүүн болон бусад аль ч томилогдсон албан тушаалтанг огцруулах санал гаргахдаа Улсын Их хурлын тогтоолын төсөл өргөн барьдаг. Энэ нь Хууль тогтоомжийн тухай хуулийн дагуу хийгддэг хуульд нийцсэн үйлдэл. 

Ардчилсан нийгэмд шилжсэнээс хойш парламентийн гишүүн нь засгийн газрын гишүүнийг огцруулах асуудлыг өргөн барьж тухайн асуудлаар УИХ шийдвэр гаргаж ирсэн. Энэ нь ч зүйн хэрэг. УИХ-ын тухай хуулийн 7.1.12-р заалтын холбогдох хэсгийг түтгэлзүүлж байгаа нь Засгийн газрын гишүүн нь Ерөнхий сайдаас зарим талдаа давуу байдалтай болох нөхцөл байдлыг үүсгэж байна. Ерөнхий сайдыг огцруулах саналыг Улсын их хурлын гишүүдийн ¼ гаргах боломжтой байтал Засгийн газрын гишүүнийг огцруулах саналыг Улсын их хурлын бүх гишүүд ч гаргаад шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдал үүсч байна. 

Нөгөөтэйгүүр цэцийн дүгнэлтэнд дурдагдсан Үндсэн хуулийн Дөчин гуравдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Ерөнхий сайд, эсхүл Засгийн газрын гишүүдийн тэн хагас нь нэгэн зэрэг огцорвол Засгийн газар бүрэлдэхүүнээрээ огцорно” хэмээх заалтанд заасан засгийн газрын гишүүдийн тэн хагас нь нэгэн зэрэг огцрох нөхцөл байдлын боломж нь хязгаарлагдаж байна. Засгийн газрын гишүүн нь өөрөө огцрох хүсэлтээ өгвөл, Ерөнхий сайд огцруулах санал гаргахгүй бол эсхүл Үндсэн хуулийн цэцээс огцруулах шийдвэр гаргахгүй бол ямарч нөхцөлд огцрох боломжгүй болж байна. Ийнхүү Үндсэн хуулийн цэц нь засгийн газрын үйл ажиллагааны нөхцөл байдал гэх агуулгаар өөрсдийгөө хамгаалсан ашиг сонирхол бүхий шийвэр гаргалаа гэж би үзэж байна. Одоо энэхүү асуудлыг УИХ хэлэлцэн шийдвэрлэх л үлдлээ. 

         

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • zochin (122.201.21.71)
    OCHIORBAT turiiin alban haagch baij MCSees 27000 dollaryn tsalin avch baisan ni shuuheer togtoogchihood ene hund hariutslaga tootsono gesen yasan be uuruu ch gesen ogtsroh yos zui ene hund alga gej uu yamar ichdeggui amitan be
    2015 оны 10 сарын 01 | Хариулах
  • zochin (122.201.21.71)
    tsetsiin gishuun OCHIRBATAD hariutslaga tootsono gesen yasan be martchihsan yam uu esvel martsan dur uzuuleed baina uu
    2015 оны 10 сарын 01 | Хариулах