
Байр суурь
А.Гансүхийн хэргийг таслан шийдвэрлэж байгаа шүүх хуралдааныг шууд дамжуулж байгаатай холбогдуулан үүсч буй нөхцөл байдалд туйлширч хэт нэг талыг баримталж болохгүй гэдгийг хатуу хэлмээр байна.
1. Шүүх иргэдийг алагчилж үзэх, улс төрчдийн нөлөөнд автаж байгааг анхаарах цаг болж. Тодруулбал төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүний хэрэг маргааныг хэвлэл мэдээллээр шууд дамжуулж болдог, жирийн иргэдийн хэргийг хаалттай хийж иргэд өөрийгөө дарамт, гүтгэлэгээс хамгаалах боломж олгодоггүй. Энэ бол үндсэн хуулийн зөрчил.
2. “Шүүхийн Ерөнхий зөвлөл” нь шүүхийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах ажлыг нэгтгэн зохион байгуулах, Шүүгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үндсэн чиг үүргээ биелүүлж чадахгүй байгаад маш их харамсаж байна. Шүүхээс эцсийн шийдвэр гараагүй байхад Ийгл ТВ-ийн зүгээс иргэдийн үзэл бодлыг сонсох хэлбэрээр халхавчлан шүүхийн шийдвэрт нөлөөлөх үйл ажиллагаа зохион байгуулж байгаад харамсч байна. Хэдийгээр шүүн таслах үйл ажиллагааг шууд дамжуулж байгаа нь шүүх засаглалд оршин буй алдаа дутагдлыг нийтээрээ хэлэлцэх боломжийг олгож байгаа мэт боловч нөгөө талаасаа энэ шууд дамжуулалт нь шүүхийн шийдвэрт нөлөөлөх гэсэн, авилгачдын захиалгаар хийгдэж байгаа ноцтой үйлдэл гэж дүгнэж байна. Авилгач шуудай шуудайгаар нь, тэрбум тэрбумаар нь авилгад аваад эргүүлээд түүнийг өөрийнхөө хэргийг баллахын тулд, баллуулахын тулд цацдаг.
Авилгын мөнгө хүчтэй. Бүр Аюултай. Өнөөдөр авилгачид авилгын мөнгөөр бүхнийг худалдан авч байгаа. Улс төрийн намыг, фракцийг, Телевизийг, радиог, веб сайтуудыг худалдан авч байна хэмээн Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Монголын Прокурорын байгууллагын ойн хурал дээр хэлсэн үг голыг нь олжээ. Ерөнхийлөгчийн хэлсэн үгийг Ийгл ТВ-ийн энэ хэргийг дамжуулж байгаа байдал шууд нотлох шиг...
Авилгачид ямар их хүчтэй юм бэ? Авилгачид ямар их мөнгөтэй юм бэ? Монголын ардчилсан 25 жилийн түүхэнд хоёрхон удаа шүүх хурлыг хэвлэлээр шууд дамжууллаа. Энэ нь Н.Энхбаяр, А.Гансүх нарын хэрэг. Та бүхэн мэдэж байгаа. Жирийн иргэн 16 минут ярилцлага өгөхдөө 300-500 мянган төгрөг төлдөг, цаг хугацааг секундээр үнэлж эфирээ цацдаг АНУ-ын хөрөнгө оруулалттай Ийгл ТВ үнэхээр үнэн мөнийг тогтоохыг зорив уу, эсвэл хэн нэгэн авилгачдыг хаацайлж олон нийтийн санаа бодлыг үймүүлж ард олныг талцуулан хуваах зорилготой байна уу гэдгийг бүгдээрээ сайн бодох цаг болж. Бүтэн 4 өдрийн эфирийн цагаа энэ арилжааны телевиз хэдээр үнэлж шууд дамжуулалт хийв гэдгийг хууль хяналтын байгууллага шалгах хэрэгтэй. Эсвэл энэ ТВ-ийн эзэд хэрэгт шалгагдаж байгаа авилгачтай ямар нэгэн байдлаар холбоотой байж таарна.
3.Аливаа зүйлд туйлшралгүй бодитой хандаж суръя. Шүүх муу байгааг Иргэдийн Шударга Шүүх ТББ-ыг үүсгэн байгуулагч миний бие 2006 оноос эхэлж тасралтгүй ярьж хэлж, хэлмэгдсэн, хохирсон иргэдийн эрх ашгийг хамгаалах гэж ажилласаны хувьд хэлье. Энэ нь шүүх хэрэггүй гэж хэлж байгаа юм биш. Шүүхийг бүхэлд нь үгүйсгэж байгаа юм биш. Өчигдөрхөн гэрчийн мэдүүлэг өгсөн Шинэчлэлийн засгийн газрын тэргүүн Н.Алтанхуягийн үеэс л авилгачидтай тэмцэх АН-ын бодлого нэрээр бусдыг дарамтлах, хүнд гэмт хэрэгт холбогдуулан гүтгэх ажиллагаа зохион байгуулагдаж байсан. Жишээлбэл: УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярын хэрэг. Эхнэртэйгээ нийлж гэмт хэрэг үйлдсэн хэмээн ХЗ-н сайд асан Х.Тэмүүжин олон нийтэд мэдээлж байсныг та бүхэн бүгд санаж байгаа.
Харамсалтай нь Ё.Отгонбаярт холбогдуулж сэжигтнээр татсан тохиолдол байхгүй хэмээн УЕП-ын албаны хүн УИХ-ын чуулганы хуралдаан дээр хэлээд сууж байгааг юу гэж ойлгох вэ? Өөрөө бусдыг хэлмэгдүүлэх ажил зохион хэвлэл мэдээллийн ажилтныг хүртэл ТЕГ дээр хонуулан шалгуулж байсан хүн өнөөдөр хүний эрхийн элч болон дүр эсгэхийг хараад сууж чадашгүй нь. Өөрөө бусдыг хэлмэгдүүлэхээ юман чинээ боддоггүй атлаа өөрийг нь шалгахаар хууль хяналтын байгууллагыг муулж ард олныг хууль хяналтын байгууллагын эсрэг турхирч байгаа ёс зүйгүй үйлдэл нь арай дэндэж байна гэж хэлье.
4. Хохирогчгүй хэрэг, хохирогчгүй хэрэг л гэж яриад байх юм. Үнэндээ төрийн өмчит компани алдагдалтай ажиллана гэдэг чинь бүх ард түмний учирч байгаа хохирол шүү дээ. Тэгээд ч 6.8 тэрбум төгрөгийн нүүрс худалдан авах ажиллагааг ямар ч тендэр зарлалгүйгээр шинэ байгуулагдсан компанид хариуцуулж байгаа нь өөрөө сжигтэй байгаа биз дээ. Энэ бол Монгол төрд оршин буй хор уршигтай хуйвалдааны нэг хэлбэр юм.
5. Бид Ж.Төрсайхан гэдэг хөгжлийн бэрхшээлтэй иргэнд туслахаар ажиллаж байгаа юм. Тиймээс энэ мэдээллээрээ ТВ9, ИЙГЛ телевизүүдийг иргэн Ж.Төрсайханд холбогдох хэрэг маргааныг шүүн хэлэлцэх шүүх хуралдаануудыг шууд дамжуулж өгөхийг хүсч байгаагаа уламжилж байна.
6. Эцэст нь хэлэхэд Н.Энхбаяр, Н.Алтанхуяг нар хуйвалдааныг зогсоож шударга ёсыг тогтооно гэдэг юу л бол... Бид авилгачдын арга мэхэнд авталгүй бодит үнэний талд тууштай зогсох шаардлагатай байна. Энэ бол Монгол үндэстэн бат оршихын үндэс. Аливаа зүйлд хэт туйлшрахгүй байхыг хичээнгүйлэн хүсье. За тэгээд шүүхийн шийдвэр гарсны дараа тухайн шийдвэрт бүх нийтээр үнэлэлт, дүгнэлт өгцгөөе. Шүүхийн шийдвэр гарахаас өмнө урьтаж таамаглал дэвшүүлэн шүүгдийг хараат бус шийдвэр гаргах боломжинд нөлөөлөхөө зогсооцгооё.
7. Н.Алтанхуяг, Л.Гансүх нар нь АТГ-т дарамтлуулах хүн мөн үү. Хэрвээ Л.Гансүх гэж шүүгдэгч энгийн нэгэн иргэн байсан бол кармандаа гар “шаагаад”, микрофоноо савчиж, шүүгчдийг загнах эрх олгогдох байсан уу. Хуулийн байгууллага хэтэрхий шударга бус хандаж байгаа юм биш үү.
8. Авлигачид яасан их мөнгөтэй юм. Яасан олон өмгөөлөгч авдаг юм. Энэ мөнгийг хаанаас, ямар замаар олж авч байна вэ?
Монгол улсын иргэн, Иргэдийн Шударга Шүүх ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалт
Сэтгэгдэл (14)