Сайн байна уу ээжээ

                                                 Сайн байна уу ээжээ

Муу охин нь гэртээ цайгаа чанаад сууж байна.Хүний хүн болоод арван жил болжээ.Энэ гэрийн тогоо шанагатай ноцолдож суусаар хааяа таныгаа мартчихсан байх юм.Таныгаа жаахан санаад л байна.Ойрд яагаад манайд ирсэнгүй вэ.

Зовсоны эцэст жаргадаг гэж үнэн болов уу ээжээ.Таныгаа харахад худлаа л юм шиг санагдаад байх юм.Эгч дүү бид гурвыг өсгөх гэж яаж явлаа та.Худлаа ярьж, хулгай хийхээс бусдыг хийсэн шүү гэж байсан.Одоо л нэг хөл хөсөр гар газар амрах гэхээр нь Ээжээ ингэе тэгье, туслаач гээд амраахгүй шинжтэй. Хүн яагаад ийм тэнэг юм бэ гэж л бодож явдаг даа охин нь.

Дуунд гардаг шиг нэг ногоон торгон дээл таньд байж билээ.Үеийнх нь бүсгүйчүүл гоё булган захтай драпан пальто өмсөж байхад та минь дээлтэй л явсан.Улиастайн тачигнасан жаварт их л даардаг байсан байх даа.Онц сурч байгаад гоё булган пальто авч өгнө дөө гээд хичээдэг байлаа.Онц сураад л байсан онц сураад л байсан.Өнөө пальтогоо авч өгч чадаагүй л байна.Одоо бүр булган шуб авч өгнө гээд бодчихсон байгаа шүү.Биеэ сайн бодоод охиныхоо баяжихыг хүлээж байгаарай ээжээ.

Бодож байхад таньдаа олигтой бэлэг ч авч өгч байгаагүй юм байна.Уржнангийн төрсөн өдрөөрөө ганц мөнгөн аяга авч өгсөн санагдана.Тэгж байгаад том аяга авч өгнөө.Та зүгээр л хүлээж байгаарай, за.Миний ээж чинь алтан аяганаас цай уух байтугай мөнхийн ус ч уух эрхтэй хүн.Хүнийг өвдөх өвчингүй болгодог эм тан олдоосой.Тэгвэл охин нь Хулангаасаа бусдыг зарж байгаад заавал авч өгнөө.Бие нь л өвдөхгүй бол миний ээж чинь алзахгүй.Ямар ч шуналгүй, тань шиг хүн жаргах л учиртай.Өвдөхгүй байх нь л чухал.

Удахгүй би тань руу залгана.Хайртай зээ охиныг чинь аваачиж өгнө.Өдөржин интернэт ухаад гэрээс ч гарахгүй, амарсан ч юмгүй өнжих юм.Удахгүй амралт нь дуусах нээ.Хэд хоног агаарт гаргая даа.Охин нь нэг хүний ном гаргаж өгөх ажилтай, гадуур явж хэдэн номныхоо орлогыг цуглуулах гэсэн юм.Орой би очно.Ганцаардсан таньдаа хань болж хэд хононоо.

Охинд минь мах чанаж өгөөрэй.Ногоо иддэггүй болохоор тураад л байх шиг байна.Бас Вокзалаас тараг зөөж өгөөрэй.Юм оёхыг зааж өгөхөө мартав аа.Оёдлын машинаа охинд минь өвлүүлж өгөх гэж буйд чинь баярладаг шүү ээжээ.Тэр бол таныг 14-тэй байхад авсан, 46 настай сайн машин.Эмээ та хоёр тэр машинаар их юм оёсоон.Бараг дэлгүүр дүүрэхээр их дээл хувцас, өмд бандааж оёсон.Манайхнаас анхлаж гарсан ганц охин болохоор миний үр л тэр машиныг авах ёстой.Машины чинь точгонотол юм оёх дуу хэзээ ч тасрахгүй ээ.

Ухаантай даа миний ээж чинь.Биеэ бодоорой.Засаг төрийн буруу ажиллагаанд бүү зовни.Дандаа л ийм байдаг юм.Төгс төгөлдөр төр засаг ч гэж байдаггүй.Шүүмжлээд зовниод хэрэггүй.Зүгээр л Төрийн сүлд минь өршөө гээд цай сүүний дээжээ өргөж байгаарай.

Манайд байнга ирж байгаарай.Найзынхаа авчирч өгсөн наборыг таньд хадгалчихсан байгаа.Бас нэг цамц байгаа.Гоё юм өгнө шүү ээжээ.Хүрээд ирээрэй.

Ээ нэг юм мартчихаж.Таньдаа хайртай гэж хэлж байгаагүй юм байна.Таныг харахаар ичээд байдаг юмаа.кккк.Хэлэх шаардлагагүй гэж та хэлэх байх.Гэхдээ би таньдаа хайртай шүү.Зөндөө их хайртай...................Үнсье ээжээ.

                                                 Бичсэн Шуурайн Солонго.

                                             

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • humuus ee! (50.183.28.3)
    uhuh tsag uheriin zelen deer irlee buyand shamdaarai. OM MA NI BAD ME HUM.
    2015 оны 09 сарын 05 | Хариулах
  • mend (101.235.13.9)
    ok goe boljee
    2015 оны 09 сарын 04 | Хариулах