Хилийн 0218 дугаар ангийн захирагч хурандаа Д.Ганбаатарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөв

Олон улсын нислэгээр ирсэн гадаадын зорчигчдод 160 ам.долларын үнэтэй сурталчилгааны сэтгүүлийг авахыг шаардсан Засгийн газрын лого бүхий танилцуулгыг Хилийн хяналтын бүсэд тарааж байсан зөрчил илэрсэн юм. 

Иймд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг сэтгүүлээ өндөр үнээр зарж борлуулж байсан “Хүннү лорд” хэмээх хувийн компанид зөвшөөрөл олгосон Зам, Тээврийн яамны холбогдох албан тушаалтан, Нисэх буудлын дарга, Хилийн Цэргийн удирдлагуудад хатуу хариуцлага тооцож, ажлаас чөлөөлөх хүртэл арга хэмжээ авахыг Зам, Тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргад даалгасан юм. Тэгвэд өнөөдөр Ерөнхий сайдын үүрэг даалгаврын дагуу Чингис хаан ОУБ дахь Хилийн 0218 дугаар ангийн захирагч, хурандаа Д.Ганбаатарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөв. 

Түүний оронд Увс аймаг дахь Хилийн 0311 дүгээр ангийн захирагчаар ажиллаж байсан хурандаа Д.Бат-Эрдэнийг сэлгэн томилжээ. Харин Хилийн 0311 дүгээр ангийн захирагчаар ХХЕГ-ын Хил хамгаалалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн, хурандаа Г.Ган-Эрдэнийг томилсон байна.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.