СУРАХАД ХЭЗЭЭ Ч ОРОЙТДОГГҮЙ

                                   СУРАХАД ХЭЗЭЭ Ч ОРОЙТДОГГҮЙ

Найзуудаа хичээлийн шинэ жил эхэлж байгаа болохоор та бүхэндээ нэгэн ѳвѳрмѳц үнэртнийг танилцуулж, түүнийг бүтээсэн уран сэтгэмжтэй холбоотой нэгэн гайхамшигт түүхийг хуваалцая.

Энэхүү зурган дээр байгаа үнэртэй ус бол "Lalique" брэндийн "Encre Noir" юм. Энэ сүрчгийг 2006 онд үнэртний мастер Натали Лорсон бүтээсэн байна. Францаар "Encre Noir" гэдэг нь "хар бэх" гэсэн утгатай буюу энэ сүрчгийг бэхний үнэрээс сэдэвлэн бүтээсэн байна. Мэдээж та бас бортогных нь ѳнгѳ хэлбэр нь яг бэхний савыг дүрсэлсэн байгааг анзаарсан биз. Бэхний үнэртэй сүрчиг гэхээр танд сонин санагдаж магадгүй. Гэхдээ та яг анхаарал тавин үнэртвэл бэх чинь тун ѳвѳрмѳц сайхан үнэртэй эд шүү. Тиймээс ч энэ сүрчиг нь вэтивэрийн үндэс, кипарис мод, хүдрийн заарны ноотуудыг ашиглан үнэртэй усны хэлээр бэхний үнэрийг анхилуун тансаг болгон орчуулан бүтээсэн нэгэн урлагын бүтээл юм.

Гэхдээ миний хувьд энэхүү сүрчиг нь ганцхан ѳвѳрмѳц үнэртэн гэхээсээ илүү том утга учрыг илэрхийлдэг. Би энэ үнэртнийг түрхэх бүрдээ бэхний үнэр илэрхийлдэг гол зүйл болох боловсролын үнэ цэнийн талаар бодлогоширдог. Үнэхээр боловсрол гэдэг бол хүн тѳрѳлхтѳний бүтээсэн аугаа их мэдлэгийг олж эзэмших уурхай шүү дээ. Тэгээд ч би ѳѳртѳѳ цаашдаа ямар их юм сурах хэрэгтэй байгаагаа ч дахин дахин сануулдаг.

Гэхдээ зарим хүмүүс одоо сурна гэж ярих чинь оройтсон бишүү гэж хэлэх байх. Элдэв тайлбар хэлэхийн оронд нэгэн бодит түүх хуваалцая. Энэ зурган дээр байгаа хѳгшнийг Кимани Маругэ гэдэг ба тэрээр Африкийн Кени улсын иргэн байсан юм. 2003 онд Кени Улсын Засгийн Газраас ерѳнхий боловсролыг бүх нийтэд үнэ тѳлбѳргүйгээр олгох түүхэн шийдвэр гаргажээ. Энэхүү мэдээг сонссон эрхэм Кимани Маругэ нь 2004 онд 84 насандаа хѳдѳѳгийн нэгэн бага сургуулийн нэгдүгээр ангид элсэн орсон байна. Ингэснээрээ тэрээр дэлхийн хамгийн ѳндѳр настай ерѳнхий боловсролын сургуулийн сурагч болж Гиннесийн номонд шинэ рекорд тогтоосон байна. Түүнийг бага байхад Кени Улс нь колончлолд байсан ба тэрээр насан туршдаа тѳлбѳр тѳлѳн боловсрол эзэмших боломжгүй байжээ. Эрхэм Кимани Маругэ хэлэхдээ түүний сургуульд элсэн орсон гол шалтгаан нь ядаж уншиж бичиж сурах юмсан гэсэн л хүсэл байсан гэнэ. Түүний 2 ач нь түүнтэй хамт нэг сургуульд сурдаг байсан боловч түүнээс илүү ахлах ангид байсан гэнэ. Эрхэм Кимани Маругэ нь маш сайн сурагч байсан ба 2 дугаар ангидаа дэвшин орсныхаа дараа ангийн дарга болжээ.

Түүний энэхүү гайхамшигт түүх нь Кени улсаас хальж удалгүй тэрээр Нью - Иорк хотноо хүрэлцэн ирж Нэгдсэн Үндэстний байгууллагад бүх нийтийн үнэ тѳлбѳргүй боловсролын үнэ цэнийн талаар илтгэл тавьсан байна. Эрхэм Кимани Маругэ нь 2009 он хүртэл ерѳнхий боловсролын сургуульдаа суралцаж байгаад 89 насандаа ѳвчний улмаас нас баржээ. Сурч боловсрохын тѳлѳѳх түүний аугаа их мѳрѳѳдѳл, хүсэл зориг, эдрээт амьдралаас сэдэвлэн 2010 онд "The First Grader" буюу "Нэгдүгээр ангийн хүү" гэсэн кино хүртэл бүтээгдсэн байна.

Тиймээ...Хүн сурахад үнэхээр хэзээ ч оройтдоггүй. Эрхэм танд ч гэсэн сурч боловсрох мѳрѳѳдѳл байгаа биздээ. Дэлхийн хаа нэгтээ 84 настай ѳвгѳн зѳвхѳн цагаан толгой сурахын тулд ачтайгаа зэрэгцэн сууж байхад та ѳѳрийнхѳѳ хүсэл мѳрѳѳдлийг биелүүлэхэд юу ч саад болох ёсгүй шүү дээ. Магадгүй та ѳѳрийн мэдлэг боловсролоо дээшлүүлэхэд нас тань оройтсон гэж боддог байх. Гэхдээ та дахин эргэцүүлээд үзээрэй. Ер нь бид яаж цаг хугацааг тоолдог гээч? Жишээ нь би 37 настай. Яагаад 37 гэж... ер нь нэг жил гэдэг чинь яг юуны хэмжигдхүүн гээч? Элдэв уянгын халилгүйгээр зүгээр л шинжлэх ухааны үүднээс аваад үзэхэд манай дэлхий нарыг тойрч нэг бүтэн эргэх хугацааг чинь нэг жил гэж нэрлэдэг шүү дээ. Тэгвэл бид нарны аймгийн ѳѳр нэг гариг дээр байсан бол нэг жил ямар байх байсан гээч? Жишээлбэл хамгийн ойрхон Ангараг гариг нь нарыг 687 ѳдѳрт нэг тойрдог гэвэл би Ангарагын насаар дѳнгѳж 18 орчим настай, Бархасбадь гариг нь 12 жилд нэг удаа нарыг тойрдог бол би тэндхийн насаар 3 ойтой, Тэнгэрийн ван нь дунджаар 84 жилд нарыг нэг бүтэн тойрдог бол би тэр гаригийн насаар бараг тѳрѳѳчгүй байх байж.

Тиймээс нас гэдэг бол зүгээр л тоо. Хэрвээ танд сурч боловсрох боломж нь байгаа л бол сур! Хэзээ ч ѳѳрийн насыг хүсэл мѳрѳѳдлѳѳсѳѳ татгалзах шалтгаан битгий болгоорой. Гэхдээ сурч боловсроно гэдэгт юу ч байж болно шүү дээ. Мэдээж мэргэжил, дээд боловсрол, эрдмийн зэрэг цол, гадаад хэл, эсвэл зүгээр л таны эзэмшихийг хүсдэг байсан спорт, урлагын чадвар; жишээ нь бүжиглэх, хѳгжим тоглох гэх мэт. Би багадаа гитар тоглоод л хайрын тухай дуу дуулаад л охидыг уяраадаг байсан ангийнхаа хѳвгүүнд их л атаархдаг байлаа. Тиймээс хэзээ нэгэн цагт гитар тоглож сурах юмсан гэж боддог. Бас Ази хэлнүүдээс, ялангуяа Япон эсвэл Солонгос хэл сурах юмсан ч гэж мѳрѳѳддѳг.

Эцэст нь хэлэхэд бид нэг л амьдрах хорвоод сурья гэсэн болгоноо сурч, үзнэ гэсэн болгоноо үзэх л хэрэгтэй. Бид ѳнѳѳдѳр ѳчигдрѳѳс илүү, маргааш ѳнѳѳдрѳѳс илүү байх ёстой.                                      Бүгдээрээ хичээцгээе!

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • ок (103.229.120.67)
    нас бол тоо Тиймээс суралцацгаая даа
    2015 оны 09 сарын 02 | Хариулах