

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг намын даргын суудлаа авахгүй бол тун удахгүй огцорч магадгүй гэсэн яриа сүүлийн өдрүүдэд ордонд яригдах боллоо. Тэгвэл тэр нь ч үнэний ортой бололтой. Ч.Сайханбилэг АН-ын Гүйцэтгэх зөвлөлийн гишүүдээс ҮЗХ-г хуралдуулахаар гарын үсэг цуглуулж эхэлсэн гэнэ. Тодруулбал, тэрбээр ҮЗХ-ны гишүүдтэй биечлэн уулзаж “Намын дарга З.Энхболдын тал уу, Ерөнхий сайдын талд байгуу юу” гэж асууж, саналыг нь сонссон гэв.
Ерөнхий сайд ҮЗХ-г хуралдуулах шаардлагыг өнгөрсөн ээлжит бус чуулганы өмнө Их хурлын даргад тавьсан. Гэвч намын дүрмээр энэ нь боломжгүй байсан юм. Учир нь намын дүрмээр ҮЗХ-г ээлжит бусаар хуралдуулахын тулд намын дарга захирамж гаргах эсвэл ҮЗХ-ны гишүүдийн 3/1 нь ээлжит бусаар хуралдах санал гаргах ёстой.
АН-ын ҮЗХ нийт 228 гишүүнтэй. Тэдний гуравны нэг нь ҮЗХ-ны хурлыг хуралдуулах санал гаргавал 14 хоногт багтаан ҮЗХ хуралдах дүрэмтэй. Одоогоор Ч.Сайханбилэгийг дэмжиж гарын үсэг зурсан ҮЗХ-ны гишүүдийн тоо 20 орчим болоод байгаа аж. Харин дийлэнх гишүүд нь Намын даргаа дэмжиж буйгаа илэрхийлж, гарын үсгээ зурахаас татгалзжээ.
Их хурлын дарга, АН-ын дарга З.Энхболд АНУ-д албан ажлаар явж буй бөгөөд энэ сарын 5-нд ирнэ. Эх сурвалжууд Ерөнхий сайдыг намын даргын эзгүй хойгуур эрх мэдлийн төвийг гартаа авахын тулд яаравчлан хөдөлж гарын үсэг цуглуулж эхэллээ гэсэн юм.