ЖАДО РИНБҮЧИ БАГШИЙН АЙЛДВАР

                                    ЖАДО РИНБҮЧИ БАГШИЙН АЙЛДВАР

Жавзандамба Хутагт Төв дээр Жүддод дацангийн хамба, гэвш лхаарамба Жадо ринбүчи 2015.08.19-ний өдөр “Мөрийн гурван эрхэм” ном айлдаж, энгийн хүмүүсд гэргийтний сахил хайрлалаа. 

Жадо ринбүчи багш маань морилон ирээд эхлээд “Дашчийрэвийн сан буюу Өлзий хутгийн хурыг буулгагч” номыг уншиж, сан тавьсан бөгөөд дараа нь “Мөрийн гурван эрхэм” номоо хөтлөхийн өмнө ёс суртахууны талаар айлдвар айлдсан юм. 

Бурханы шашин гагц оюун ухааны эрэлт хэрэгцээ болох гэгээрэл нирваан бус мөн ахуй үесийн орчлон хорвоогийн амар амгаланг ч бүтээж чаддаг. Эрдэнийн эрхин номон дотор “өвчин шаналгаатай хүмүүсд зориулж эмнэлэгүүдийг баригтун, настан буурлуудад зориулж асрамжийн газар баригтун, гүүргүй газар гүүр, замгүй газар зам баригтун, усгүй газар худаг гаргагтун, сургуульгүй газар сургууль баригтун” хэмээн Нагаржунай гэгээн Дэжид хаанд илгээсэн захидалдаа бичсэн байдаг. Бурханы шашин гэхээр хүний хүрэхгүй, ойлгохгүй, холын гүнзгий ном номлодог, Бурханы шашинтнууд нь зүгээр л бясалгадаад суугаад байдаг эсвэл зөвхөн эрхи эргүүлээд байхыг хэлдэггүй.

Харин ч эсрэгээрээ хамгийн түрүүнд ойрын болон бусад хүмүүсд хэрэгцээтэй зүйлсээр нь туслах зэргээр бодитой сайн үйл хийх нь Бурханы шашин юм. Тиймээс сүсэгтэн олон та бүхэн нэн ялангуяа залуучууд эхлээд бусдад бодитой туслаж чаддаг болсныхоо дараа Бурханы шашны онол, бясалгал, гэгээрэл нирвааныг ярих нь чухал шүү.

Тэгэхээр Жавзандамба Хутагт Төвийн ядуу дорой болон тусламж хэрэгтэй хүмүүст хэрэгцээ шаардлагатай зүйлсийг нь сүсэгтэн олныхоо дэмжлэгтэйгээр өгдөг болон мөн хүнд өвчтэй, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүмүүсд сэтгэл санааны болон материаллаг, эм тарианы туслалцаа үзүүлдэг, түүнчлэн амьдралд хөл алдаж шоронд орсон хүмүүсд Буддын шашинд суурилсан сургалт хүмүүжлийн ажлыг явуулж, халуун сэтгэлийн дэм өгдөг тэргүүтэн эдгээр үйлс нь Бурханы номноос ангид бус харин ч Бурханы шашинтнууд гарцаагүй эн тэргүүнд хийж хэрэгжүүлэх ёстой зөв зүйтэй үйлс юм.

Та бүхэн Жавзандамба Хутагт Төвийн хичээлд суугаад 1-рт сонссоноо ойлгох, 2-рт ойлгосноо хэрэгжүүлэх, 3-рт сонссон, ойлгосон, хэрэгжүүлснээ өөрийн гэр бүлийнхэн, нутаг орон, цаашлаад 21 аймагт хүртээж, түгээж байвал Монгол орон даяар амгалан жаргалан түгнэ. Учир нь Бурханы шашны ном нь сэтгэлийг амгалантай, явдлыг ариун болгодог.

Монголын гэсэн онцлог ялгамжаа бүхий Бурханы шашин түгэн дэлгэрэхийн гол суурь нь эргээд бидний үйлдлээс хамаарах тул та бүхэн 10 цагааны буяны мөрөөр орж мөн бусдыг ч оруулах нь зүйтэй юм шүү. Энэтхэгийн Төв үзлийг үндэслэгч Балдандаваадагва Төвд орохуй номондоо “илт өндөрийг олох туйлын шалтгаан нь шагшаабад буюу ёс суртахуунаас өөр юу ч биш юм” хэмээсэн байдаг. Тиймээс 10 хар нүглийг тэвчих ёс суртахуунтай байгаарай... 
хэмээн Жадо багш шавь олон бидэнд зарлиг сургаалиа хайрласан юм.

Жадо ринбүчи багшийн Жавзандамба Хутагт Төв дээр айлдсан "Мөрийн гурван эрхэм" номын тайлбарыг тун удахгүй та бүхэнд цуврал болгон хүргэх болно.

                                    Таны оюуны мэлмий тунгалаг байг.

                                      ЖАВЗАНДАМБА ХУТАГТ ТӨВ

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.