Ц.ГАНХУЯГ: ГУЙЖ ГУВШДАГ НЬ ИРГЭНИЙ ЗОРИГ НОГООН НАМ БИШ

      Иргэний Зориг Ногоон намын дарга Ц.Ганхуягийг энэ удаагийн “Ярилцах танхим”-даа

                                    урьж, цаг үеийн асуудлаар хөөрөлдөв.

-Төр, засаг бужигнаантай байна. Сүр дуулиантай эхэлсэн ээлжит бус чуулган хэсэг хугацаанд завсарлага авсан ч удахгүй дахин тов гарах мэдээлэл бий?

-Төрийн засаглах чадамж сул дорой болсныг сүүлийн үеийн үйл явдлууд тод харууллаа. Яг л бага хаадын үе эргэн ирсэн мэт санагдах боллоо. Албан тушаалын төлөө нүдээ ухаад өгөхөөс сийхгүй хүмүүс олон болж. Албан тушаалд очиж болно. Юу хийх шийдлээ мэддэг, гол нь зөв шударга байх тэр хандлага харагдахгүй байна.

-Таныхаар бол улс төрийн ажил урагшлахгүй байна гэсэн үг үү?

-Тийм ээ. Барьцаалагдсан улс төр л явагдаж байна. Засаг төр хурдан эмхэрч, хүндэрсэн улс орноо гацаанаас гарах шийдлүүдээ гаргаад яваасай гэж иргэний хувьд хүсч байна.

-Засгийн газар зургаан сайдыг огцруулчихлаа. Одоогоор шинэ сайдуудын асуудал яригдаж байна. Иргэний зориг Ногоон нам засагт хамтрах талаар яригдаж байгаа юу?

-Иргэний зориг Ногоон нам 2012 онд Ардчилсан нам болон бусад намуудтай хамтран ажиллах гэрээтэй. Бүр тунхаглалд нь гарын үсэг зурсан байдаг. Гэгээлэг сайхан зорилтууд байдгийг тэндээс харж болно. Ногоон хөгжлийн бодлогыг үндэсний хөгжлийн бодлогын суурь болгохоор зорьсон ажлаа бид амжуулсан. Ингээд зогсохгүй Засгийн газрын мөрийн хөтөлбөрт чамгүй олон заалт оруулж, анх удаа байгаль орчны асуудал хариуцсан яамыг үндсэн чиг үүргийн статустай болгосон. Энэ бол тодорхой амжилт мөн. Бид энэ чиглэлээр гүнзгийрүүлж ажиллаж болох юм.

-Асуухгүй өнгөрч болохгүй байх. Таныг Байгаль орчин ногоон хөгжлийн сайд болно гэсэн яриа улс төрийн хүрээнийхний дунд тарах боллоо. Энэ үнэн үү. Хэрвээ танай нам засагт хамтрахаар болвол та сайд болоход бэлэн байна уу?

-Миний талаар хэвлэлээр л таамаглал явж байна. Манай намд ийм хариуцлагатай албыг өлхөн залгуулах боловсон хүчин олон бий. Гол нь очоод юу хийх, богино хугацаанд нүдэнд харагдаж, гарт баригдахуйц тоймтой тодорхой ажил санаачлан хэрэгжүүлбэл бидний хувь нэмэр болох биз. Эдийн засаг тун амаргүй ийм цаг үед хүнд нөхцөлд ажиллана гэдгээ очих хүмүүс сайн ойлгож байх нь чухал. Намын дүрмээр Улс төрийн зөвлөл нууц санал хураалтаар шийдвэр гаргана. Тэгэхээр засагт орох, орохгүй талаар манай хамт олон нухацтай хэлэлцээд байр сууриа илэрхийлнэ.

-Тэгэхээр Улс төрийн зөвлөлийн нууц саналыг голчлох нь тийм үү?

-Ер нь цаашдаа улстөрчдийн нөлөөллөөс ангид улс орноо хурдан хөгжүүлэх шийдлүүд санал болгодог, нийгэмд нэр хүндтэй, зохих туршлагатай хүмүүсийг засагт урьж ажиллуулах хэрэгтэй юм шиг санагддаг. Нөгөө талдаа парламентын засаглалыг жинхэнэ утгаар нь бий болгож, заримдаг, хүчээ сарниулсан, зүй бус хандлагыг өөгшүүлдэг байдлыг нэн даруй өөрчлөхгүйгээр хол явахад улам хүнд болж байна.

-Шинэхэн мэндэлсэн Өршөөлийн тухай хуулийг олон хүн шүүмжилж байна. Таны болоод танай намын зүгээс ямар байр суурьтай байна вэ. Нүдээ олсон хууль мөн үү?

-Албан тушаалын хэнээрхэл, хэргэм зэрэг, авлига хээл хахууль нь зүсээ хувиргаж манай төрийг сүлжжээ. Энэ байдал гэнэт бий болчихоогүй. Бид 2000 онд намаа байгуулж байхдаа буруу арга барилаар явж байгааг мэдэгдэж, аалзны тор мэт сүлжсэн авлигыг таслан зогсооё гэдгээ тунхаглаж бусдыг уриалж байсан. Авлигын эсрэг тэмцэх хуулийг санаачлахын төлөө багагүй цаг, хүчээ зориулж байсныг түмэн олон мэднэ.Шударга ёсны асуудал нь сонгосон төрийн түшээд түмэн олныхоо төлөө чөмгөө дундартал зүтгэхээс эхлэх атал одоо сайдын сэнтийд хэн залрах вэ гэсэн уралдаан, хуйвалдаан улс төрчдийн мөн чанарыг тодорхойлж байна.

-Өршөөлийн хуулиар цагаан захтнууд хэргээс мултарч мэдэхээр байгаа?

-Хэлмэгдсэн улстөрч байгаа бол цагаатгадаг жишиг рүү, авлигач түшмэл буй бол өршөөх бус цээрлүүлдэг, өрөө төлтөл нь өрийн шоронд суулгадаг замаар уг нь явмаар байна. Манай нийгэмд томоохон өөрчлөлт гарах цаг ирж. Чухам хэзээ вэ гэдэг байна.

-Өнгөрсөн баасан гарагт прокурорын байгууллагын ой боллоо. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үг хэлэхдээ хатуухан шүүмжлэл хэлсэн. Тэр ч байтугай Өршөөлийн тухай хуульд хориг тавина гэдгээ дуулгасан?

-Хориг тавих нь зөв гэж бодож байна. Манай намын гишүүд Өршөөлийн хууль батлагдсантай холбогдуулж дургүйцлээ илэрхийлж, тодорхой саналууд гаргах гэж байгаа. Авлигын эсрэг тууштай тэмцэхгүй, цалгар наазгай байна гэж намын дарга нараа шүүмжилж байна. Авлига бол нийгмийн хорт хавдар юм. Авлигыг өөгшүүлснээр шударга ёс, хуулийн өмнө бүгд эрх тэгш байх зарчмыг устгаж байгаатай иргэд санал нэгдэх биз ээ. Нийгэмд шударга ёс уствал нөгөө талд нь өширхөл, гомдлыг өөгшүүлнэ. Төрд итгэх итгэл алдарвал юунд хүргэх вэ гэдгийг шийдвэр гаргагч нар ойлгох хэрэгтэй.

-Хүмүүс Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж байх шиг...?

-Хориг тавигдлаа гэхэд хоригийг хэн хэн хүлээж авав гэдгийг нийтээрээ харья. Тэр үед нь дүгнэлт өгөх нь дээр болов уу. Асуудал одоогоор эцэслэгдээгүй байна. Эрүүл саруул ухаан ялан дийлнэ гэдэгт итгэлтэй байна.

-Иргэний зориг Ногоон намыг ганц хүний нам гэж ярих нь элбэг. Тэгвэл энэ удаад танай нам улс төрийн шинэчлэл хийх зориг байгаа болов уу. Намын даргын хувьд юу гэж хэлэх вэ?

-Бид энэ оны гуравдугаар сард нам байгуулагдсаны 15 жилийн ойг тэмдэглэх үед өнгөрсөн хугацааны үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгсөн. Намын мөрийн хөтөлбөрт бидний хийх ажлууд, ялангуяа хариуцлагын тогтолцоо, зөв засаглал, бизнесийн эрх чөлөөг хангах гээд маш чухал саналууд байдаг ч үүнийгээ дорвитой, зоригтой илэрхийлж чадахгүй нэг тийм үлбэгэр байдалтай явж байгааг хурц шүүмжилсэн. Бид намаа анх байгуулсан тэр 2000 оны эрч хүчийг бүрдүүлэхийг хичээж байна. Ер нь өөрчлөлтийг зоримог хүмүүс хэрэгжүүлдэг.

-Тийм зоримог хүмүүс бий юу?

-Манайд зоримог, туршлагатай хүмүүс бий. Нийгэмд ийм хүмүүсийн хүрээ бүр өргөн болсон. Дэмжих бааз суурь хангалттай байна. Гол нь санаачилга гаргаж ажиллая. Бид чадна гэж хариулья.

-Улс төрийн эрхийг атгасан хоёр том намаас гадна жижиг намууд өөрсдийн байр сууриа илэрхийлдэг. Ажиглаад байхад танай намыг жаахан шахаад байх шиг санагддаг. Үүнтэй санал нийлэх үү?

-Өнөөдөр хэн хурц, шийдэмгий байгаа нь хожиж байна. Магадгүй манай намд ийм чанар сул байж мэднэ. Иргэний зориг Ногоон нам хэн нэгнээс хамаардаг биш нийгмийг өөрчлөх, зөв зам руу хөтлөх шийдлүүдээ зоригтой илэрхийлэх хэрэгтэй. Яг энэ зам дээр гарч ирсэн. Иргэний зориг Ногоон нам гэхээс илүү энэ улс орон маань ийм хүнд хэцүү нөхцөлд, ялзарсан засаглалаар удирдагдаж байгааг бид өөрчлөхгүй юм бол, зөв хүмүүс, зөв байгууллагуудтай хүч, эв эеэ нэгтгэн тэмцэхгүй юм бол цаашид амьсгалахад улам хэцүү болно. Бид засагт хамтрах, эсвэл ганц нэг сайдын алба харж байгаа биш. Илүү чадах салбарт хувь нэмрээ оруулж болно гэж үздэг. Хэрвээ тэд үгүй гэвэл тэднийхээр болно биз. Гуйж гувшдаг нь Иргэний зориг Ногоон нам биш ээ.

-Иргэний зориг Ногоон намын туулсан 15 жилийн 10 орчим жилд нь цөөнх, сөрөг хүчин, хамтрагч ч байж үзсэн. Хоёр удаа Засгийн газарт хамтарч ажилласан. Энэ хугацаанд өөрчлөлт гарав уу?

-Засагт хамтарч байх үед үлдэхүйц ажлууд хийсэн. Атрын гуравдугаар аян, Ногоон хөгжлийн үзэл баримтлал, Авлигын эсрэг тэмцэх тухай хууль гээд тоочвол хэлэх үгтэй шүү. Иргэний зориг Ногоон нам засагт байхдаа ингээд муу ажилласан гэсэн жишээг та сонссон уу. Бидэнд хангалттай эрх мэдэл байдаггүй нь сул харагдах нэг шалтгаан байж мэднэ.

-Таны хувьд өнгөрсөн тавдугаар сард сонгуулийн амлалтыг сануулах ил захидал илгээж байсан. Үүний хариу ирсэн үү?

-Ардчилсан намын дарга хариугаа өөрийн твиттер хуудсаараа илэрхийлсэн. Бусад нь таг чиг. Сонгуулийн амлалт нь хэрэгждэг, түүний хэрэгжилтийг шахаж шаарддаг, хөндлөнгийн дүгнэлт гаргадаг үүргийг иргэний байгууллагууд, Сонгуулийн хороо зэрэгт олгохгүй бол сонгогчдод таалагдахын тулд юу эсийг амалдаг намууд төрд сандайлж байна. Худлаа амалж төрийн эрхийг авсан бол энэ нь төрийн эрхийг хууль бусаар авсантай дүйцэх хэмжээнд авч үздэг байя. Ингэвэл худалч намууд, улс төрчдөөс бид цэвэрлэгдэнэ. Би захидлаараа энэ санааг хөндөх гэж оролдсон. Үүний дараа хэд хэдэн телевизээр сонгуулийн амлалтыг сануулах тусгай нэвтрүүлэг, ярилцлагууд явсан. Тэгэхээр тодорхой үр дүнд хүрсэн гэж бодож байна.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • zorig (103.229.122.224)
    Ahiihaa nereeer olon jil yabladaa. Oligtoi duugarch chsdahgui nam bgaad hereguidee
    2015 оны 08 сарын 19 | Хариулах