
УИХ-ын нэгдсэн чуулганаар /2015-8-10/ Өршөөлийн тухай хуулийг хаалттай дэгээр хуралдаж баталсан. Өршөөл үзүүлэх тухай хуулийг 1991, 1996, 2000, 2006, 2009, 2015 онуудад батлан гаргаж, нийт долоон мянга гаруй хүнийг хорих ангиудаас сулласан байдаг. Нийт өршөөгдсөн хүний 94 хувь нь гэмт хэрэгт дахин холбогдоогүй байна.
Энэ хуульд хөнгөн болон хүнд хэрэг үйлдэж анх удаа хэрэг үйлдсэн, 18 насанд хүрээгүй хүүхэдтэй эмэгтэйчүүд, жирэмсэн эмэгтэйчүүд, хөдөлмөрийн чадвараа 70 ба түүнээс дээш хувиар алдаж дахир дутуу болсон хүмүүс, насанд хүрээгүй байхдаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг хүмүүсийн эдлээгүй үлдсэн болон нэмэгдэл ялаас хэлтрүүлэхээр тусгасан байгааг УИХ-ын эрхэм гишүүд танилцууллаа.
Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Өршөөлийн хуулийн талаар өөрийн байр сууриа цахим хуудсаараа ингэж илэрхийлжээ.

УИХ-ын хаалттай хуралдаанаар Өршөөлийн хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийжээ. Авлига авсан, албан тушаалаа урвуулсан хэтрүүлсэн, хууль бусаар хөрөнгөжсөн, төсвийн мөнгө хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан, иргэдийг залилсан этгээдүүдийг өршөөх нь буруу. Мөн ийм гэмт хэрэг үйлдсэн байж болох үндэслэлээр шалгагдаж байгаа албан тушаалтнуудыг өршөөлд хамааруулж болохгүй.
Өршөөлийн хуульд төрийн бодлого, зарчим тусах ёстой. Өмнөх алдаанаасаа авсан сургамжаа ч тусгах учиртай. Түүнээс бус хууль тогтоогчдын бүрэлдэхүүнд багтсан явцуу бүлэглэл, хууль завшихыг санаархагч, гэмт үйдлээ халхлахыг хичээгчид, тэдний гар хөл бологчид, хамсаатнуудын ил далд хуйвалдаан, хүсэл сонирхлын жагсаалт байж болохгүй. Ийм байдлыг улс орны бодлого тодорхойлогчид - УИХ-ын гишүүд өөгшүүлж урамшуулж болохгүй.
Дээрхи үйлдлийг хүн бүр жигшиж, газар авахуулахгүй хориглож байх нь зөв. Монголын төр авлигачдын бус ард түмнийхээ нийтлэг эрх ашигт үйлчлэх хуультай. Түмэн олон ч сонор соргог, сэрэмжтэй байж хууль шударга ёсны талд хатуу зогсох нь Монголын хөгжил дэвшил, сайн сайханд хэрэгтэй.
УИХ-ын гишүүн Л.Болд,Ц,Оюунгэрэл,Ж.Батзандан нарын мэдээллийг хүргэж байна.

УИХ-ын гишүүн Л.Болд: Авлига, албан тушаалтны хэрэгт холбогдсон хүмүүс хийсэн хэргээ хүлээж, хохирлоо нөхөн төлсөн бол өршөөлд хамрагдахаар тусгасан байгаа. Гэхдээ ёс суртахууны болон улстөрийн хариуцлагаа хүлээж үлдэнэ. Хэрэв Өршөөлийн хууль гараагүй бол хэрэг нь шийдэгдэхгүй, илрэхгүй, нотлогдохгүй өнгөрнө. Хууль гарснаар аливаа хэргүүд нотлогдож улмаар хариуцлага хүлээнэ. Хариуцлага гэдгийг барьж шоронд хийдэг байсан өмнөх дарангуйллаар бодох хэрэггүй. Ардчилсан нийгэмд маш олон арга хэрэгсэл бий.

УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл: Өмнө нь хамрагдаж байгаагүй зүйл, ангиуд энэ удаагийн өршөөлд хамрагдаж байгаа. Тэр утгаараа эмэгтэйчүүдийн хорихоос олон хүн өршөөлд хамрагдана. Нэг харамсалтай зүйл нь, олон жилийн турш гэр бүлийн хүчирхийлэл, дарамтад байсны улмаас хүн амины хэрэг үйлдсэн эмэгтэйчүүд хамрагдахгүй. Энэ асуудлыг ажлын хэсэг, байнгын хорооны хуралдаан дээр нэлээд ярилцсан ч одоо мөрдөгдөж буй Эрүүгийн хуулиараа боломжгүй гэдэг хариултыг мэргэжлийн хүмүүс өгсөн. Гэр бүлийн хүчирхийлэл нь өш хонзонгийн сэдэл гэдэг утгаараа ял нь хүндэрдэг. Энэ нь Өршөөлийн гэхээсээ илүү Эрүүгийн хуулийн “гажиг”. Иймд эмэгтэй гишүүд цаашид Эрүүгийн шинэ хуулийг хэлэлцэхдээ гэр бүлийн хүчирхийллийг онцгойлон нарийвчилж оруулна, ял эдэлж буй эмэгтэйчүүдийн байдал дээрдэнэ гэдэг хүлээлтийн үүднээс энэ хуулийг дэмжсэн.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан: Ц.Мөнхбаярын үйлдсэн хэрэг бол терроризм биш, төрийн эсрэг гэмт хэрэг ч биш, байгаль орчныхоо төлөө тэмцэх явцад гаргасан алдаа. Тиймээс иргэний нийгмийн төлөөлөл болсон гишүүд бид түүний хэргийг Өршөөлийн хуульд хамруулахад нэлээд анхаарч ажиллалаа. Тэр хоёр зүйл ангиар ял эдэлж байгаа. Үүний нэг буюу 177.1 нь өршөөлд хамрагдана. Харин галт зэвсэг авч явсан гэдэг зүйл анги нь өршөөлд хамрагдахгүй. Эрүүгийн хуульд хөнгөн ял нь хүнд ялдаа багтаж явдаг. 177.1 гэсэн зүйл анги бол Ц.Мөнхбаярт оноосон хамгийн хүнд ял. Тэрээр хэрэгт холбогдоод хоёр жил гаруй хугацаанд хоригдож байгаа. Энэ хугацааг нөгөө үлдэж буй хөнгөн зүйл ангийн хугацаатай харьцуулан авч үзээд хэзээнээс, хэрхэн өршөөхийг УИХ-аас байгуулагдсан комисс хянан шалгаж, шийдвэрлэнэ.