

МАН-ын дарга М.Энхболд, УИХ дахь намын бүлгийн дарга С.Бямбацогт, ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат, УИХ-ын гишүүн Су.Батболд нар өнөөдөр мэдээлэл хийлээ.
МАН-ын дарга М.Энхболд:
-Өрийн босгыг АН өмнө нь 46 хувьтай байна гэсэн боловч манай нам засагт орж ажиллахдаа 58,3 хувьтай байгааг олж тогтоосон. Тиймээс гадаад өрөө нэмэхгүйгээр, эдийн засгаа яаж сайжруулах вэ мөн Оюутолгой, Тавантолгойн төслийг олон түмний хяналт дор авч хэрэгжүүлэх хэрэгтэй гэх зэрэг олон асуудлаар гэрээ байгуулсан билээ. Дөрөвдүгээр сарын 5-ны өдөр УИХ-ын даргатай уулзаад Тавантолгойн гэрээг УИХ-аар хэлэлцэж шийдэх ёстой. Засч залруулахыг нь залруулаад, УИХ шуурхай хэлэлцээд явуулах ёстой гэж ярилцаж шийдсэн байсан. Харамсалтай нь, УИХ-ын дарга түгжих, гацаах бодлогыг барьж байсан юм билээ.Хамтарсан гээд МАН амаа үдүүлнэ гэж байхгүй. УИХ-ын гишүүд саналаа илэрхийлэх эрх нь нээлттэй.
Оюутолгой далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөө гэгчийг Ерөнхий сайд манай намтай зөвшилцөлгүйгээр Дубайд очиж зурсан. Өмнө нь Ерөнхий сайдыг Дубайд Оюутолгойн гэрээг зурах нь гэсэн мэдээлэл авсан байсан. Тиймээс МАН-д гэрээгээ танилцуулаарай гэсэн боловч танилцуулаагүй. Ирснийх нь дараа энэ асуудлаар мэдээлэл авах гэсэн боловч гадаад яваад гүйцэгдээгүй. Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг хоёр талаасаа ажлын хэсэг гаргаад хэлэлцэж шийднэ гэж гэрээнд заасан ч АН-ын манайтай ярилцаагүй. Үндсэн хуулийн өөрчлөлт дээр Н.Батбаяр ахалж ажиллаж байгаа. Сонгуулийн хуулийн төсөл дээр Р.Бурмаа ахалж ажиллаж байгаа. Аль нь ч орж ирээгүй байна. МАН-ын зүгээс хяналтын тооллогыг гараар явуулах, сонгуулийн тогтолцооны талаар ард түмнээсээ санал асуулга асууя гэсэн хуулийн төсөл өргөн барьсан ч одоо ч хэлэлцэгдээгүй байна.
Төрийн албан хаагчдын халаа сэлгээ бүх яаман дээр өрнөсөн. Хөдөлмөрийн яам бол системээрээ үүрэг гүйцэтгэгч байсан. Энэ салбарыг Я.Санжмятав тэр чигээр нь үүрэг гүйцэтгэгч болгосон байсан. Манай нам хууль зөрчсөн томилгоо хийгээгүй. АН-ын дарга З.Энхболдын үйлдэл хэтэрч байна. УИХ-ын гишүүний эрхэнд халдаж, Дэгийн тухай хууль зөрчиж, “Надад таалагдахгүй байна” гэж микрофоныг нь хаалаа. Их хурлын гишүүнийг уймраа энэ тэр гэж доромжилсон. Ийм дээрэнгүй байдлаар ханддаг болжээ. МАН-ыг Ч.Сайханбилэгийн засгийг огцруулах гэж байна гэсэн яриаг АН өөрсдөө гаргаж байна. Бид засаг төр тогтвортой ажиллах ёстой гэж үзэж байгаа. Ардын нам Ардчилсан намаас оруулж ирж байгаа шинэ сайдуудыг дэмжинэ. Харин сайн хүн оруулж ирэх ёстой гэдгийг хэлье.
Ж.Мөнхбат: -АН-ын яаран сандран улс төрийн шийдвэр гаргасан нь фракцуудын зөрчлийн үр дүн юм.
Су.Батболд: -АН-ынхан одоо 26 гишүүнтэй сөрөг хүчний үйл ажиллагааг дааж ажиллах хэрэгтэй. АН фракцуудын зөрчил, олигархуудынхаа тулаанд идэгдэж дууслаа. Энэ байдал нь Монгол Улсыг ангал руу чирч байна.
С.Бямбацогт: Алд биед ам гэрч, Албан бичигт тамга гэрч гэж үг бий шүү. Намын дарга нар, Бүлгийн дарга нарын гарын үсэг зурж, тамга дарсан гэрээгээ албан ёсоор дүгнэсэнгүй.
Сэтгэгдэл (3)