ХУУРАМЧ ДИПЛОМ АШИГЛАН ТӨРИЙН БАЙГУУЛЛАГАД АЖИЛЛАЖ БАЙВ

Авлигатай тэмцэх газарт иргэдээс ИНЕГ-ын Сэргээн засал, сувиллын цогцолборын захирал Г.Батцэцэг ашиг сонирхолын зөрчил гаргаж, өөрийн садан төрслийн хүмүүсээ ажилд авч байна гэсэн гомдол ирүүлсний дагуу шалгажээ.

Г.Батцэцэг нь уг албан тушаалд 2013 оны 6 дугаар сард томилогдсоноос хойш өөрийн хамаарал бүхий этгээд болон садан төрлийн холбоотой хүмүүсийг шууд удирдлагадаа авч ажиллуулан, илүү цалин олгож байсан бөгөөд жилийн эцсээр өөртөө болон дээрх хүмүүст үр дүнгийн шагнал олгодог байсан нь илэрчээ. Түүнчлэн 1997 онд УБИС-ыг Урлал техникийн багш мэргэжлээр суралцаж төгссөн гэсэн диплом нь хуурамч байжээ. Тиймээс Г.Батцэцэгт Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн дагуу хариуцлага тооцуулахаар Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга Ц.Эрдэнэбилэгт албан бичиг хүргүүлэв. Харин хуурамч диплом ашиглаж байсан асуудал нь Эрүүгийн хуулийн 233 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжтэй байсан тул цагдаагийн байгууллагад шилжүүлжээ.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.