Амьдаар нь өвчсөн хүний арьс

“Прага хотын үндэсний музей 1981 онд нэгэн өвөрмөц гайхалтай үзмэрээр баяжсан нь амьдаар нь өвчиж хатаасан хүний арьс байлаа. Энэ нь Жа ламын хамаатан бөгөөд муудалцсаны улмаас түүнд баригдаж тамлуулсан Хайсан хэмээх ноён хүний арьс ажээ.

Үзмэрт хамаатай баримтуудыг дурдвал:

-Үзмэрт хамааруулан тэр үеийн Петрградын Гадаад хэргийн яамнаас Ховд хотод суух ерөнхий консул В. Любовт өгсөн Жа ламыг барьж Орост хүргэх тухай тушаал, Ховдын тойргийн дарга ахмад Еповоос Сибирийн буудлагын 41-р хорооны дарга ахмад В.Булатовт өгсөн, уг ажиллагааг гүйцэлдүүлэх тухай тушаал

-Даалгаврыг биелүүлсэн тухай ахмад В.Булатовын илтгэл

-Энэхүү ер бусын үзмэрийг олсон тухай В. Копецкийн тэмдэглэл

-Түүхч, монголч эрдэмтэн Ширдэв, А.В.Бурдуков, академич Майский, Позднеев нарын, Жа ламыг бие хүнийх нь хувьд болон тэр үеийн гадаад Монголын улс төрийн байдлыг судалж бичсэн судалгаа баримтууд (И.Шима 1980) зэрэг байна. Ахмад Булатовын Эрхүүд авчирсан Хайсан ноёны арьсыг 1920 онд Вацлав Копэцки хэмээх чех хүн бичиг баримтын хамт өөрийн болгож авчээ. В. Копэцки Сибирьт ажиллаж байсан хугацаандаа яг Булатовын гэрт амьдарч байсан бөгөөд 1920 онд тэрхүү арьсыг Прагад авчирчээ. В. Копэцкийг нас барсаны дараа энэ нь Прагийн Үндэсний музейд шилжсэн юм.

Жа лам өөрийн хамаатан ноён Хайсантай маргалдан муудалцсанаас уурсан хилэгнэж түүнийг баривчлах тушаал өгчээ. Хайсан ноёны эх Жа ламын зэрлэг догшинг мэдэх учраас тэр даруй түүн дээр ирж хүүгийнх нь амийг өршөөхийг гуйж, өөрийнхөө бүхий л хөрөнгө, алт мөнгөн эдлэл, үнэт чулуу, арьс ширийг амалж байдаг бүх малаа тууж авчиржээ. Жа лам нүүрэн дээр нь зөвшөөрсөн дүр үзүүлэн амласан бүхнийг нь авч буцаасан ч золгүй ноён Хайсангийн арьсыг амьдаар нь өвчих тушаал өгсөн байна. Уг ажлыг туршлагатай алуурч киргиз хүнд даалгахдаа Хайсанг амьд үлдээж арьсыг нь өвчихийг тушаажээ. Яргачин хөлийн улнаас нь эхлэн, дараа нь нурууг нь ярж, сүүлд нь ар дагзыг нь гэх мэтээр өвчиж дуусгажээ.

Хайсан ноён ийм тамлалыг даалгүй үхсэн байна. Энэ бүхнийг удирдан хажууд нь харж зогссон Жа лам, арьсыг нь өвчсөн амьд хүүг нь эхэд нь өгөх гэсэн санаа нь бүтээгүйд уурсан хилэгнэсэндээ Хайсангийн толгой руу бууджээ. Дараа нь түүний арьсыг эхэд нь илгээж үзүүлсэн байна. Хөөрхий эх тэр дороо галзуурсан гэдэг. Энэ арьсыг модон хүрээнд тэлж хатаасан байдаг. Уг үзмэр садизм буюу тарчлаан жаргагч явдалд хамаарах аймшигт баримт юм. Жа ламын үйл ажиллагаа нь нацистуудын бөөнөөр хорих лагеруудад хэрэглэж байсан аргаас ч давж гарсан юм. Тухайлбал Дахаугийн хорих лагерьт хүний арьсыг авдаг байсан боловч үхсэнийх нь дараа л салгадаг байжээ. Юуны өмнө хүзүү, нуруу, дараа нь биеийн бусад хэсгийн арьсыг авдаг байж. Хамгийн үнэтэй нь нурууны арьс байсан байна.

Арьсаар эмээл, бээлий, гэрийн шаахай, эмэгэй хүний цүнх, чийдэнгийн бүрхүүл зэргийг хийдэг байсан гэдэг. Үүнээс гадна угсаатны зүй судлалын олон жишээ байгаа боловч мөн л үхсэн хүний арьсыг ашигладаг байсан байна. Францын хатан хаан Евгения, цаазаар авахуулсан хар арьстан хүний арьсаар хийсэн бээлий өмсдөг байсан тухай ч баримт байдаг юм. Хүний арьсыг бүтнээр нь өвчиж хатааж хадгалсан үүнээс өөр ямар ч баримтыг бид одоо хүртэл олоогүй байгаа билээ. Жа ламын энэхүү харгис хэрцгий үйл ажиллагааны үндсийг бид буддын ертөнцөд л хайх хэрэгтэй юм” хэмээн Эмануэл Влчэк гуай бичжээ.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Zochin (93.210.84.93)
    Haluun tamd uurd baih bhdaa ene amitan
    2015 оны 07 сарын 25 | Хариулах