Хөдөө аж ахуйн салбарыг шинэ түвшинд гаргаж хөгжүүлье

                             “Гоби Дирэкт” компанийн ерөнхий захирал Э.Жаргал.

          Эдийн засагч, 2000-2013  Гацуурт ХХК-ийн Газар тариалан,мал аж ахуйн захирал,

          2013-2014 ҮХААЯ Халх гол төслийн захирал,2015- БТЕГ ХХК төслийн зөвлөх,Хөгжил-

          Хүн бодлогын гишүүн, Форбс Монголиа сэтгүүлийн Монголын 40 шилдэг манлайлагчид

                                    ХАА- н салбараас шалгарсан 

 
“Гоби Дирэкт” компанийн ерөнхий захирал Э.Жаргалтай хөдөө аж ахуйн салбарын талаар ярилцлаа.

-Сүүлийн өдрүүдэд газар тариалантай холбоотой таагүй мэдээллүүд хөвөрч байна. Тухайлбал, бороо хур орохгүй байгаагаас газар тариалангийн бүс нутгаар хуурайшилт ихтэй гангийн байдалд орсон тухай салбарын яамнаас нь мэдээлж байгаа. Энэ байдал цааш үргэлжилбэл ургац алдана гэсэн яриа ч бий?

-Энэ жилийн ган, хуурайшилт хөдөө аж ахуйн салбарт томоохон сорилт, хямрал болж байна. Салбар хариуцсан яамнаас ч газар тариалангийн бүс нутгаар гангийн байдалд орлоо нийт ургацын 50-60 хувийг алдах нь гэж мэдээлж байна. Ер нь онц байдал зарлах хэрэгтэй. Уг нь долоо, наймдугаар сард бороо хур ороод намрын улирал нь сайхан урт налгар болчих юм бол тариаланчдад бага ч гэсэн найдвар бий. Өөрөөр хэлбэл, соёолсон байгаа буудай, хүнсний ногоо нь болц нь гүйцэж ургац авах боломж байгаа гэсэн үг. Хамгийн гол нь, намрын цочир хүйтрэл аль болох хойшлогдоод эрт цас унахгүй байх нь чухал.

Хэрвээ тийм нөхцөл бүрдвэл ургацынхаа 20-30 хувийг хурааж авах боломжтой. Үлдсэн тариагаа болц нь гүйцээд аваасай гэж бодож байна. 1 га-гийн ургац ч буурна, буудайн чанар ч буурна. Тариаланчдад маш том цохилт болж байна. Болц оройтвол малын тэжээлд боож аваад ядаж гурилтайгаа биш гэхэд махтайгаа үлдэнэ биз дээ. Бидний хувьд газар тариалангийн өнөөгийн байдлыг цаг уурын нөхцөл байдалтай холбож авч үзэх ёстой.

Үүнд дэлхийн дулаарал ч нөлөөлж байгаа. Харин сүүлийн жилүүдэд манайд бороо хур ихтэй байснаас ургац арвин байлаа. Гэхдээ байнга тийм байна гэж бодсоноос хэтэрхий назгайрах явдал үүссэнийг үгүйсгэхгүй. Газар тариалангийн үйлдвэрлэлийн хувьд уриншийн сэлгээ ямар чухал болох, хаврын цас, борооны чийг ургацыг тодорхойлохгүй гэдэг нь харагдаж байна.

-Жишээ нь.

-Хамгийн гол нь, тариалсан талбайгаа өнжүүлж байх ёстой. Ингэж газраа өнжүүлэх нь ус чийгээ хадгалахад хамгийн чухал нөлөө үзүүлдэг. Талбайгаа нэг жил өнжүүлж тариалах систем нь манайх шиг хуурай өндөрлөг, жилийн нийт хур тунадасын хэмжээ нь 400 мм байдаг бүс нутагт зайлшгүй чухал. Цаашлаад талбайдаа сүрлэн хучлага хийх, тариалангийн талбайг хашиж малаас хамгаалах нь зайлшгүй шаардлага юм гэдэг нь батлагдаж байгаа юм. 

-Тариалангийн талбайг сүрлээр хучих нь манайд төдийлөн хэвшээгүй ойлголт юм шиг харагддаг?

-Сүрлэн хучлага хийх нь манай нөхцөлд хүндрэлтэй. Учир нь, намар нь тариагаа хураагаад сүрлээ хэрчээд талбайдаа цацахаар мал орж ирээд идчихдэг. Уг нь сүрлэн хучлагаа хийчихээд хашаалж хамгаалах ёстой юм. Дээрээс нь хуурайшил ихтэй газрыг аль болох хагалж, хөндөхгүй байх ёстой. Өөрөөр хэлбэл, уринш хийх газраа хагалахгүйгээр тэг элдэншүүлэг гээд хог ургамлыг нь химийн уриншаар устгах технологийг бүрэн нэвтрүүлэх нь чухал. Энэ жилийн хувьд химийн уринш хийсэн талбайнууд нь хуурайшилт, ганд тэсвэрлээд соёолсон байгаа юм. Харин газраа хагалах замаар механик уринш хийсэн талбайнууд нь чийг байхгүй соёолоогүй байж байх жишээтэй.

Цаг уурын өөрчлөлтөд зохицсон технологио 100 хувь бүрэн нэвтрүүлж үүнд аймаг сумдын ХАА-н газрын мэргэжилтнүүд хяналт тавих ёстой. Сумын ХАА-н мэргэжилтнүүдийг сургаж экстеншн буюу шинжлэх ухааны ололт,практикийг нэвтрүүлэх шаардлагатай. Одоо бол мэргэжилтнүүд, тариалалт, ургацын мэдээ гаргахаас өөр ажил хийхгүй байна. 

Заавал нэг жил тариалангийн талбайгаа сэлгэж амрааж байх ёстой. Манай газар тариалангийнхан энэ дагуу л хийж ирсэн. Харин сүүлийн хэдэн жил сэлгээний ургамал өнжихгүй тариалах болсон. Олон жил дараалан тарих, газраа өнжөөхгүй рапс тариалдаг нь буруу гэдгийг энэ жилийн ган халалт нотоллоо. Амраа, амраасан талбай илүү их ургац өгнө гэж үг байдаг. Сэлгээ байх нь зөв гэхдээ талбайгаа өнжөөх л ёстой Монголын нөхцөлд. Таримлын сэлгээнд малын тэжээлийн ургамал, арвай, овьёос, буурцагт ургамал оруулах хэрэгтэй гэдгийг энэ жилийн халалтаас мал өвсгүй, бэлчээргүй, хадлангүй болж байгаагаас харагдаж байна.   

-Газар тариалангийн бүс нутгаар хуурайшилттай байгаа нь тариаланчдад хүндрэл учруулж байгаа. Гэхдээ Засгийн газраас газар тариалангийн бүс нутагт үүл буудаж зохиомлоор бороо оруулах аргыг хэрэглэж байгаа. Ингэж зохиомол арга хэмжээ авах нь хэр оновчтой вэ?

-Дэлхийн улс орны практикт газар тариалангийн бүс нутагтаа үүл буудаж бороо оруулдаг аргыг хэрэглэдэг. Гэхдээ нарийн сайн үр дүнтэй юм байна гэдгийг нь нотлоогүй. Үүл бууддаг пуужингийн тухайд иоджуулсан мөнгө бүхий хошуугаар  үүлэнд нөлөөлж борооны дуслыг нэмэгдүүлдэг. Энэхүү аргийг урд хөршид маш их хэрэглэдэг. Бараг дэлхийд тэргүүлдэг байх. Ерөнхийдөө үүлийг задалж бороо оруулах эсвэл оруулахгүй байхаар бууддаг. 2008 оны Бээжингийн олимпийн нээлт, хаалтын үеэр  бороо оруулахгүйн тулд үүлэнд нөлөөлөх сарниулах аргыг хэрэглэсэн байдаг. Зарим орон ялангуяа Европын улсуудын хувьд тариан талбайдаа өвөл нь цас их оруулахын тулд үүлэнд нөлөөлдөг. Өвөл нь цас сайн дарчихаад хавар авах хөрсний чийгийг сайжруулдаг.

Гэхдээ үүнийг нь мэргэжлийн компани хийдэг. Хэрвээ мэргэжлийн бус хүмүүс хийвэл үр дүнд төдийлөн хүрэхгүй. Жишээ нь, салхины чигээ судлахгүйгээр буруу хийвэл тооцоолсон газар нь орохгүйгээр өөр газарт ордог. Саяхан Төв аймагт үүл буудсаны дараа салхинд туугдаад Улаанбаатарт их хэмжээний бороо орж байх жишээтэй. Тэгэхээр мэргэжлийн компани үүл буудах ёстой.

-Бусад улсын хувьд яаж үүлэнд нөлөөлдөг юм бол. Судалж үзэв үү?

-Газар тариалан хөгжсөн улс орнуудад даатгалын систем сайн нэвтэрсэн байдаг. Даатгалын компаниуд  нь газар тариалангийн бүс нутгуудад бороо оруулах эсвэл бүр мөндөр орох эрсдэлийг бууруулахын тулд  мэргэжлийн үүл бууддаг компанид захиалгаа өгдөг. Хэрвээ мөндөр орвол тариаланчдаас гадна тухайн даатгалын компанид эрсдэл болоод явчихна шүү дээ. Манайхаар ярьвал Төв, Сэлэнгэ аймгийн тариаланчид хэцүүдлээ гэдэг. Ингээд мэргэжлийн компани нь очоод асуудлыг шийдвэрлэдэг. Энэ нь юуг харуулаад байна гэхээр манай хөдөө аж ахуйн салбарт даатгалын системийг нэвтрүүлчих юм бол төр нь пуужин дуусчлаа пуужингаа захиална гэж явахгүй. Улсын төсвөөс ч хөрөнгө мөнгө гаргахгүй, пуужингийн нөөцөө ч эрт бүрдүүлнэ шүү дээ. Харин тухайн мэргэжлийн компаниуд нь тодорхой хэмжээнд үнэлгээгээ гаргаад даатгалын компаниуд нь очиж гэрээ байгуулаад явах юм.

-Даатгалын системийг манайд нэвтрүүлэх боломжтой юу?

-Бүрэн боломжтой. Эхлээд даатгалын системийн эрсдэлийн менежментийг нь төрөөс хийж өгөх ёстой. Жишээ нь, үрийн улаан буудайнд даатгалын системийг нэвтрүүлье гэж олон жил ярилаа. Харамсалтай нь хэрэгжээгүй. Одоо болохоор даатгалын компаниуд нь эрсдэлтэй байна гээд газар тариалангийн салбараас бэрхшээгээд байдаг.

-Дотоодын гурилын хэрэгцээ буудайны цавуулагтай холбоотой асуудал энэ оны эхээр үүсч байсан. Энэ нь юутай холбоотой юм бэ?

-Сүүлийн жилүүдэд Монголын газар тариалан маш сайн сэргэж байгаа. Үүнд “Атрын III” аянаас гадна цаг агаарын таатай нөхцөл байдал нөлөөлсөн. Буудайн хэрэгцээгээ хангаж байна гэж ярьж байгаа ч жилийн нийт бодит хэрэгцээ нь хэд юм гэдгээ тооцоолоогүй байна. Тиймээс нарийвчлан тооцоолох хэрэгтэй. Улаанбуудай бол өөрөө стратегийн бүтээгдэхүүн гэж явдаг. Тариаг эхлээд тархиндаа ургуул гэдэг тэгвэл тариаг эхлээд ҮХААЯ дээр ургуулах ёстой. Жилийн улаан буудайн хэрэгцээгээ зөв тооцоолж, нэмж мал аж ахуйд хэрэгцээтэй тэжээлийн ургамал, арвай, овьёосны захиалга, үнээ гаргаж тариаланчдад өгөх хэрэгтэй. Өнөөдрийнх шиг ган гачигтай үед улсын нөөцөд нь улаан буудай хадгалагдаж байх ёстой.

Улаан буудай илүүдэлтэй үед нь улс худалдаж авах эсвэл экспортыг нь нээж өгөх, дутагдалтай үед нь хаадаг байх. Оны эхээр салбар хариуцсан яам, тариалан эрхлэгчид, гурил үйлдвэрлэгчдийн дунд улаан буудайн чанарын асуудлаар маргаан  үүссэн. Уг нь ширээний ард суугаад дотоодын буудайг нь авъя, гурил нь чанаргүй болох гээд байгаа бол тодорхой хэмжээгээр холих буудайгаа ОХУ-аас оруулж ир гээд л тохирчих байсан. Гэвч хэтэрхий бие биенийгээ хамгаалж зөрчилдсөн. Дотроо хэрүүлтэй айл гэрийн ажил хэрэг олигтой явдаггүйтэй адил.

Мэдээж хөрсний үржил шим доройтож байгаа энэ үед бордоо хэрэглэх зайлшгүй шаардлага бий. Нөгөө талаас урамшууллын механизм нь өөрөө зөв биш учраас ийм нөхцөл үүссэн. Жишээ нь, тариаланчдын  уринш, бордооных нь зардалд татаас олгох ёстой. Ингэж явбал буудай өөрөө чанаржина, ургац нэмэгдэнэ. Одоо болохоор буудайнд нь урамшуулал олгоно гээд заачихсан болохоор болсон болоогүй тариалаад байгаа юм. Өөрөөр хэлбэл, буудай тарих нь ашигтай юм байна гэсэн ойлголттой хүмүүс их орж ирж байна. Гэхдээ бүгдээрээ цавуулаг муутай буудай тарьж байгаа юм биш л дээ. Уг нь төр тодорхой хэмжээгээр бордоо нийлүүлээд явах байсан юм. Үүн дээр буудайн сангийн үүрэг чухал.

Хэрвээ энэ жил болц оройтоод муугаар яривал бид ургац алдана. Ийм тохиолдолд буудайн сангаас нөөц гаргадаг. Гэвч буудайн сандаа 30 хүрэхгүй мянган тонн буюу хангалттай хэмжээний улаан буудайн нөөц алга. Уг нь дор хаяж 80-100 мянган тн буудай нөөцлөх ёстой. Гэхдээ хуурайшилт, гангийн байдал зөвхөн манайд яваад байгаа юм биш. ОХУ, АНУ, Канадад ч явж байна. Канад гэхэд бид ургацынхаа 30 хувийг алдана гэдгээ хэлчихсэн. ОХУ-ын хувьд балансаараа авах ёстой хэмжээнээсээ илүү авбал экспортолдог, багасаад ирвэл хаадаг. Тэгэхээр ургац буурчихлаа гээд ОХУ-аас улаанбуудай авъя гэхэд хориг тавиад хилээ хаахыг үгүйсгэхгүй. 

-Ер нь Монгол орны газар тариалангийн бүс нутгийн үржил шим нь хэр байдаг юм бэ?

-Газар тариалангийн бүс нутагт хөрсний үржил шим хамгийн тулгамдсан асуудал болоод байна. Бараг нийт талбайн 50-60 хувь нь хөрсний элэгдэлд орж, үржил шим муудсан. Социализмын үед ОХУ-аас маш их хэмжээний бордоо авдаг байсан. Азот, фосфор, кали гээд. Үндсэндээ азот, фосфор, кали чинь ургамал ургахад шаардагддаг 3 үндсэн тэжээлийн элемент шүү дээ. Жишээ нь, 1980-аад оны  үед ОХУ-аас жил бүр 50 мянган тн азот, 30 мянган тн фосфор, 10 мянган тн калийн бордоо оруулж ирдэг байсан. Тэр үед хөрсөө бордох ажлыг маш сайн хийдэг байсан болохоор ургац ч сайн авдаг байсан. Бүр илүү гаргаснаа экпортолдог байсан. Дархан, Сэлэнгийн замыг гэхэд үтрэм болгоод овоолоод тавьчихдаг байсан гэдэг. Тэгэхээр манайд бордоо чухал. Ялангуяа ОХУ-аас бордоогоо авах хэрэгтэй. Манай нөхцөлд бордооны үйлдвэр барилаа гэхэд бүхэл бүтэн химийн үйлдвэр хэрэгтэй шүү дээ. Гэтэл химийн үйлдвэр барилаа гэхэд эргээд байгаль орчиндоо сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй. Засгийн газрын шугамаар шатахуунтайгаа адил гэрээ хэлэлцээ байгуулаад хөнгөлөлттэй үнээр бордоо оруулж ирэхэд болохгүй гэх зүйлгүй.

 -Манайд тийм боломж бололцоо нь байдаггүй юм уу?

-ОХУ-д гэхэд бордоо хэрэглэсэн фермер тариаланчдадаа 60-80 хувийн хөнгөлөлт үзүүлдэг. Тэгэхээр манайх 100 хувь даадаггүй юм гэхэд 60 хувийг нь ч болтугай даачих хэрэгтэй. Уг нь Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн шугамаар урд хөршөөс бордоо оруулж ирдэг. Гэхдээ маш бага хэмжээгээр. Нэг ёсондоо хангалтгүй гэсэн үг. Хэрвээ мал аж ахуй, газар тариаланг хослуулаад хөгжүүлэх юм бол малын бууцыг ашиглаж болно. Гэхдээ малын бууц ОХУ-аас авдаг азот, фосфор, калийн хэмжээнд хүрдэггүй. Өөрөөр хэлбэл, удаан задардаг болохоор хугацаа их шаарддаг. Бид алт, зэс, нүүрс гээд томоохон орд газрыг стратегийн гэж ярьдаг.

Монгол Улсын хүнсний аюулгүй байдал талаас нь авч газар тариалан чухал. Өнөөдөр бэлчээр хүртэл хөрсний ядууралд орчихсон байгаа. Тэгэхээр хөрсөнд шим тэжээл өгдөг фосфор, калийн ордуудаа стратегийн орд газарт оруулах хэрэгтэй. Дараа нь, байгальд ээлтэй нөхцөлөөр яаж ашиглах вэ гэдгээ судлах ёстой.

-Манайхан уул уурхайг илүүд үзээд байгаа болохоос газар тариалангийн салбарыг уг нь эргээд нөхөгддөг баялаг гэж ярьдаг шүү дээ?

-Газар тариалан бол зөв технологиор ашиглавал хэдэн зуун жил ашигласан ч нөхөн сэргээгддэг баялаг. Үүн дээр ногоон, тогтвортой хөдөө аж ахуйг хөгжүүлэх бодлогыг хэрэгжүүлж чадвал эргээд байгалиа хамгаалж, хадгалж үлдэх нөхцөл үлдэнэ. 

Мэдээж дотоодын хэрэгцээгээ хангах нь чухал, харин ХАА-н салбарыг хөгжүүлэх хамгийн таатай боломж нь экспорт. Экспортыг дагаад гадаад зах зээлд өрсөлдөх технологийг нэвтрүүлнэ. Бидний хувьд хамгийн том зах зээл бол Хятад, ОХУ. Хятад улс гэхэд дэлхийн гүрэн болж байна. Дундаж давхарга нь баян чинээлэг болж өсөн нэмэгдэж байна. Тэдний хувьд экологийн цэвэр бүтээгдэхүүнийг өндөр үнээр худалдаж авах боломжтой. Тэгэхээр Хятадуудыг бид одоо манай хэрэглэгч гэж хүндлэх хэрэгтэй. Монголоос хүнснийхээ тодорхой хувийг авдаг болоод ирэхээр манай тусгаар тогтнол улам л бэхжинэ.

Дараа нь бидний технологи сайжраад, өрсөлдөх чадвар нэмэгдээд ирэхээр дэлхийн зах зээлд өрсөлдөнө. 2050 онд дэлхийн хүн амын хүнсний хэрэгцээг хангахын тулд  дэлхийн хүнсний үйлдвэрлэлийг 70 хувь өсгөх шаардлагатай. Үүнд үр тарианы үйлдвэрлэлийг 42 хувь, үхрийн махны үйлдвэрлэлийг 100 хувь өсгөх шаардлагатай тооцоо гарсан байгаа шүү. Монголын  ХАА-н салбарт уул уурхайгаас илүү, энэхүү дэлхийн хүнсний дутагдлыг нөхөх тогтвортой, ногоон, экспортод чиглэсэн хөгжлийн бололцоо асар их байна.

Монголын Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн дэлхийн зах зээл дээр шар тос л гэсэн үг. Жишээ нь, Оюутолгой, Тавантолгой зэрэг томоохон уул уурхайн компаниуд нь хөдөө аж ахуйн салбарт хөрөнгө оруулдаг байх нөхцөлийг тавих замаар ХАА-н бүтээгдэхүүний үйлдвэрлэл, экспортыг дэмжих учиртай. Уул уурхайн баялгийн ашиглалтаас сан байгуулж ХАА-гаа босгох хэрэгтэй. Тэгэхээр газар тариалан, мал аж ахуйг шинэ төвшинд гаргах цаг нь болсон. Бид машин, унадаг дугуй үйлдвэрлээд дэлхийн зах зээлд өрсөлдөхгүй, тэднээс хямд өртгөөр хийж чадахгүй. Бидний барих гол чиглэл бол Хөдөө Аж Ахуй. Нийт хүн амын хэдэн хувь нь энэ салбарт байгаа билээ, ДНБ-д хэдэн хувь эзэлж байгаа билээ гээд бодоход.

-Хөдөө аж ахуйн салбарыг эрчимжүүлэх ажлыг яг юунаас нь эхлүүлэх хэрэгтэй байна вэ?

Хорвоо дэлхий уудам хийх ажил их байна гэдэгтэй адил Монгол орны уудам газар нутагт ХАА-г хөгжүүлэхийн тулд залуучууд бидэнд хийх ажил их байна, хотод бохироо дүүргээд чихцэлдэж байхаар хөдөө нутагтаа эзэн нь байж тариа ногоо жимсээ тарьж, малаа маллаж үр шимийг нь хүртэх хэрэгтэй. Энэ бололцоог нь төр нь хангаж зөв бодлого гаргаж ирэх цаг нь болсон. Эрсдэлийг нь төр дааж, татварын болон бусад хөнгөлөлтүүдээ үзүүлэх хэрэгтэй, сумын дэд бүтэц, хүүхдийнх нь сурч боловсрох сургууль цэцэрлэг, эмнэлгийг нь үнэгүй, хотынх шиг чанартай болгож өгч, хөрөнгө зээл, дэд бүтэц, гадаад экспортын зах зээлийг нь нээж өгөх хэрэгтэй. Монголын хөдөө аж ахуйн салбар - Газар тариалан, ногооны талбай, малдаа үнэнч үлдсэн хэдэн хүмүүсээр дуусах ёсгүй. Одоо энэ жилийн ган хуурайшилтаас ХАА-н салбарын үйлдвэрлэл буурахад энэ салбар эрсдэлтэй гээд зээл өгөх банк, хөрөнгө оруулах компани олдохоо байна. Энэ бол төрийн буруу бодлогын уршиг. 

Мал өсөж байна. Адуу 3 сая хүрлээ монголын иргэд бүгд унаатай боллоо гээд баяр болгоноор телевизээр мэндчилээд байдаг. Одоо мал нь ихэджээ, бэлчээрийн даац хэтэрлээ зуд болж байгаль өөрийнхөө жамаар зохицуулалт хийхээс өөр аргагүй гэж манай Ерөнхийлөгч хэлж байна. Нийт малын 60 гаруй хувь нь 200 хүртэлх толгой малтай малчдад байгаа. Эдгээр хүмүүс малаа зуданд үхүүлж модоо барих уу.   Тэгээд хот руу нүүж Монголын тал нутаг эзгүйрч уул уурхайн компаниуд очиж өвөлжөө хаваржааг нь ухах уу гэдэг сонголттой л тулгарна. 

Нүүдлийн мал аж ахуй бол Монгол уламжлал, ёс зан заншлаа хадгалж өвлүүлэх, эх байгалиа хамгаалах хамгийн чухал амьдралын хэлбэр. Гэхдээ бид нүүдлийн мал аж ахуйгаа хадгалж үлдэхийн тулд хагас суурин маллагаанд шилжиж өвлийн хугацаанд малаа бордож тэжээж байх хэрэгтэй. Махны нийлүүлэлт нь жилийн 4 улирлын турш байж чаддаггүй учраас махны үнэ өндөр байна. Намар нь тарга хүчээ авсан мал дараа хавар нь хөл дээрээ тогтож чадахгүй туранхай онд ордог. Тэгэхээр хавар малаа нядлахгүй.

Малын тооноос илүү чанарт шилжих хэрэгтэй. Ноос, ноолуурын урамшуулал нь малын тоо өсөж, бэлчээрийн даац хэтрэхэд нөлөөлсөн. Ноос ноолуураа аваад малаа маханд нийлүүлдэггүй. Махаа экспортлохын тулд малаа эрүүлжүүлж, чанаржуулахгүй бол гадны улсууд авахгүй. Бруцеллёз, шүлхийнээсээ салах хэрэгтэй. Малын хөлийн татварыг авдаггүй юмаа гэхэд бэлчээрийн татвараа авч малчдаар бэлчээрийг нь хамгаалуулах хэрэгтэй. Хорин ямаанд талхлуулах уу, хоёр үхэр таргалуулах уу гээд сүргийн бүтцээ зөв хийж, бэлчээрээ хайрлаж эхэлнэ. Социализмын үед байгуулсан тэжээлийн бааз, аж ахуйнууд бол тооцоо судалгаатай хийгдэж байсан ажлууд, харамсалтай нь шилжилтийн үед нураагаад зөөгөөд дуусгасан.  

Тиймээс хөдөө аж ахуйн салбарыг бүсчилсэн бодлогоор эрчимжүүлэх хэрэгтэй. Увс, Завхан гээд өндөр уулын бүсэд улаан буудай эрсдэлтэй учраас богино хугацаанд боловсордог арвай, овьёос, тэжээлийн ургамал тариалж хагас эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлнэ.Сэлэнгэ аймаг гэхэд эрчимжсэн мал аж ахуй, газар тариаланг хослуулан хөгжүүлэх загвар бүс нутаг болох ёстой. Генийн өөрчлөлтгүй ХАА-н бүтээгдэхүүний бүс ч гэж байгуулж болно. Тэгж чадвал Германы Бавари гээд Германдаа хамгийн баян ХАА-н муж байдаг тэрэн шиг Монголдоо баян аймаг болох ёстой. Жишээ нь, Хэнтий, Дорнодыг махны чиглэлийн үхэр үржүүлэх бүс нутаг гэх мэтээр. Зөвхөн Дорнод аймгийн Халх гол сум гэхэд бэлчээрийн даац, газар тариалангийн үйлдвэрлэлээрээ махны чиглэлийн 500 мянган үхэр үржүүлэх боломжтой.

Гэтэл 21-р зуунд үүцээ задална, ХАА-н чөлөөт бүс байгуулна гээд 500 мянган га талбайг сумын нутаг дэвсгэрийн голд нь тасалж өгөх гэж байна. Чөлөөт бүсийн тухай хуульд гаднын ажилчид тооны хязгааргүй, татваргүй, гадны хөрөнгө оруулагчид ч бас татваргүй, гадны иргэд, компани газар эзэмших ашиглах эрхтэй гэж заасан. Энэ нь эдийн засгийн чөлөөт бүсдээ тохирно уу гэхээс олон мянган га газар тасалж хөдөө аж ахуйн бүс байгуулна гэдэг зохимжгүй. Саяхан ОХУ, БНХАУ-ын хооронд Оросын Амур, Хятадын Хэйлунжан мужуудын хооронд Хөдөө Аж ахуйн Чөлөөт худалдааны бүс гэж байгуулахаар болж 2 тэрбум доллар Хятадаас босгосон. Энэ мөнгөөр 2 орны мужуудын ХАА-н төслүүдийг дэмжихээр болсон.

Гэхдээ энд олон мянган га газар нэгтгэж ХАА-н чөлөөт бүс байгуулаагүй. Халх гол суманд гурил тэжээл, тос шахах үйлдвэр гээд боловсруулах үйлдвэр байгуулаад эцсийн бүтээгдэхүүнээ гаргах, махны чиглэлийн үхэр үржүүлж махыг нь экспортлох , мөн дотоодын хэрэгцээг хангах нөөц бололцоо их. Хилийн боомтуудаар нь ХАА-н бүтээгдэхүүнийг чөлөөтэй импортлох, экспортлох эрхийг нь нээж өгөх хэрэгтэй. Эсвэл хилийн боомт дээрээ боловсруулах үйлдвэрүүдтэй эдийн засгийн чөлөөт бүс байгуулах хэрэгтэй. Нөгөө талаас бүсчлээд жигд хөгжүүлж чадвал бид төвийн бүсэд ургац алдлаа гэхэд зүүн баруун бүс нь ургац алдаагүй байж нөхөж чадна. 

-Танд өөр бодож явдаг зүйл байна уу

Чингисийн нэрийг томоор сэтгэж ашиглах хэрэгтэй. Сүхбаатарын талбайг Чингисийн талбай болгож өөрчиллөө. Энэ нь бодвол төв талбай Чингисийн нэрээр байх ёстой гээд өөрчилсөн байх л даа. Гэхдээ бид түүхээ үнэн зөвөөр мэдэх ёстой ч бас үгүйсгээд өөрчлөөд байж болохгүй. Энэ нь шинэчлэл биш. Ардчилсан хувьсгал анх Чингисийн талбайд болсон гэж ярих уу эсвэл тэр үеийн Сүхбаатарын талбай гэх үү. Түүх түүхээрээ л байх хэрэгтэй. Харин тэрний оронд хотын хажууд уулын том хөндийг Чингисийн хөндий гэж нэрлээд алдарт Silicon Valley шиг өндөр технологийн эдийн засгийн бүс байгуулж, гадаадад сурсан өндөр түвшний инженер тухайлбал, тэр Google, Microsoft-д ажилладаг залуучуудаа авчирч ажиллуулж дэлхийтэй өрсөлдөх хэрэгтэй. Одоо яриад байгаа Японы хөрөнгө оруулалтыг ч үүнд чиглүүлэх хэрэгтэй. Гадаадад IT чиглэлээр сурсан хүн хийх ажилгүй гадуур гар утас зараад явж болохгүй биз дээ.

-Сүүлийн асуултыг танд үлдээе?

ХАА-н салбарынхаа малчид, тариаланчид, ногоочиддоо болон нийт Монголчууддаа Үндэсний их баяр наадмаараа сайхан наадаарай гэж ерөөе. 
-Ярилцлага өгсөнд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье.

                                           Үндэсний шуудан 2015.07.10

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • agi (150.129.142.68)
    mundag hvn b.na uls eh oron iimel zaluuchuda demjimeir yum da mongol oron mandan badrag
    2015 оны 07 сарын 30 | Хариулах
  • TD (202.179.29.245)
    Ингэж асуудлыг тодорхой ярьсан, шийдэл гаргасан хүмүүс хэрэгтэй байна даа... Ажил ч болгож чадна даа... Irgen зайлаа....
    2015 оны 07 сарын 20 | Хариулах
  • irgen (112.72.13.88)
    erguu dagz hudlaa shaahaas uur ed shidgui
    2015 оны 07 сарын 19 | Хариулах
  • Зочин (202.21.106.114)
    Сайхан сэтгэлтэй мунадаг ухаантай, боловсорсон эрдэм мэдлэгтэй туршлагатай залуу байна Ийм хүнийг л салбарын сайдаар ажиллуулмаар байна Ерөнхий сайдаа
    2015 оны 07 сарын 19 | Хариулах