

Наадмын гурван өдөр Хөвсгөл нуурыг зорьсон дотоодын жуулчдын тоо 42.000-д хүрч, өдөрт 7000 машин нуурын эргэн тойронд төвлөрч байна. Нэг талаас зам дагаж аялал жуулчлал хөгжих сайхан боломж нээгдэж байгаа боловч нөгөө талаас өдий тооны хүн хүлээн авах, үйлчилгээ үзүүлэх бэлтгэлгүй байгаа нь харагдлаа. Миний санаачлан хэрэгжүүлж байгаа Хөвсгөл-Хөх сувд төслийн хүрээнд 50.000 ширхэг хогны уутыг Хатгал тосгон руу ороход өгдөг болсоор 5 жилийн нүүр үзэж байгаа ч энэ жилийн хувьд наадмын 3 өдөрт л дуусчээ. Өдөрт 8 машин хогийг зөөвөрлөн хаяж байгаа ч жуулчдын замбараагүй хаясан хог одоо ч овоорсоор байна. Цэнгэг усны нөөц болсон хөх сувдаа хог хаягдлаар дарж, өтгөн шингэнээр бохирдуулахаа больё. Хүн бүр байгаль орчноо хайрлаж, хог хаягдлаа дор бүр нь цэвэрлэж заншицгаая. Хөвсгөл Далай ээжийгээ ариун дагшин байлгахын төлөө нэгдэцгээе найзуудаа. Хөвсгөл нуурыг зорьж буй, зорихоор төлөвлөж буй бүх хүмүүст зөвлөж, анхааруулж байна. Баярлалаа
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан
Сэтгэгдэл (1)