Шинэ Арслан түрүү бөхийн шагнал Тоёота Ланд Крузер-200 машинаа гардаж авлаа

Үндэсний их баяр наадмын албан ёсны түншээр 2 дахь жилдээ ажиллаж буй Тоёота корпораци Үндэсний бөхийн барилдаанд түрүүлсэн бөхөд Тоёота корпорацийн 2015 оны шинэ загвар Тоёота Ланд Крузер-200 автомашиныг гардуулах ёслолын ажиллагаа Их эзэн Чингис хааны талбайд боллоо.

Ёслолын ажиллагаанд Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга, Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх,  Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дэд дарга, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, Хорооны нарийн бичгийн дарга, НЗДТГ-ын дарга Ё.Гэрэлчулуун, Тоёота корпорацийн Зүүн хойд Азийн асуудал хариуцсан удирдлагууд болон Монгол дахь төлөөлөгчийн газрын төлөөлөл оролцлоо.

Тулгар төрийн 2224, Их Монгол Улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ойн Үндэсний их баяр наадмын Үндэсний бөхийн барилдаанд 9 давж түрүүлсэн Хэнтий аймгийн харъяат Хангарьд Спорт клуб, Их засаг их сургуулийн тамирчин Э.Оюунболдод Тоёота корпорацийн 2015 оны шинэ загвар Тоёота Ланд Крузер-200 автомашиныг бэлэглэлээ.

Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга “1963 оны Үндэсний их баяр наадмаар Монгол Улсын Даяар Дуурсагдах Дархан аварга Ж.Мөнхбат 22 насандаа түрүүлж олон түмнээ баясгаж байжээ. Харин 53 жилийн дараа Э.Оюунболд маань энэ түүхэн амжилтыг давтаж түрүүллээ. Энэ нь энэ жилийн Үндэсний их баяр наадмын онцлог үйл явдал болж байна. Шинэ Арсланд маань хурдтай, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангасан шинэ загварын хүлэг бэлэглэж буй Тоёота корпорацийн хамт олонд талархал илэрхийлье” гэлээ.

Тоёота Ланд Крузер-200 автомашиныг гардах үеэр Монгол Улсын Арслан Э.Оюунболд “Маш их баяртай байна. Ард түмнийхээ итгэлийг дааж улам -хичээж барилдана” хэмээн сэтгэгдлээ илэрхийллээ. Энэ үеэр Тоёота корпорацийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын дарга Цүёши Авайг Нийслэлийн Тэргүүний ажилтан цол тэмдгээр шагналаа

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.