


Тулгар төрийн 2224, Их Монгол Улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадамд хүчит 512 бөх барилдснаас Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын уугуул Уулын баяжуулах Эрдээнэт үйлдвэр Хангарьд спорт хорооны бөх Улсын харцага Энхтөгсийн Оюунболд 9 даван түрүүллээ. Тэрбээр 19 насандаа Аймгийн арслан, 20 насандаа Улсын харцага, 22 насандаа Улсын арслан цол хүртэж Монгол бөхийн түүхэнд нэгэн шинэ хуудас нээлээ.Их аваргын нутгийн хүүд их ирээдүй бий...Бөхөд хайртай Монгол түмэн залуу арсландаа ерөөл магтаалын үгээ хэлж, шүлэг найргаа бичиж байна. Та бүхэндээ яруу найрагч Ш.Солонгын шүлгээс толилуулж байна.
Хорин хоёртой эр
Хотлыг цэнгүүлэн аваргаллаа
Хорин хэдхэнтэй залуус
Хорвоо дэлхийг өргөчихлөө
Мянган бөхчүүд дундаас
Магнайд нь од харвасан байлаа
Орж өгдөггүй бороог
Огшиж буутал түрүүллээ
Шуугин исгэрэх салхийг
Шуургалан эргэтэл түрүүллээ
Шунан хоргодсон цолыг нь
Шууд дайраад хүртлээ.
Яруу найрагч Ш.Солонго