

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр өглөө Хүй долоон худагт очиж хурдан соёолонгийн уралдаан үзэж сонирхлоо. Соёолонгийн уралдаанд Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул, Монгол улсын Тод манлай уяач Дагвадоржийн Ганбаатарын зээрд түрүүлж тод магнай болж, торгон жолоогоо өргүүллээ.
Үүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч азарганы уралдааны түрүү магнайг авч өсгий цагаан халтар азарга нь түрүүлсэн Архангай аймгийн Ихтамир сумын уугуул Ганзоригийн Тэмүүлэнгийн галд зочиллоо. Үүний дараа мөн их насны уралдааны түмний эхийн эзэн болсон Ховд аймгийн Мөст сумын уугуул, Монгол Улсын Алдарт уяач Буднямын Буяннэмэхийн галаар зочилсон юм.
Уяачдын галд зочлохдоо Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уяачидтай морьдын уяа, газрын гарц, цаг агаарын байдлын талаар ярилцаж, наадамчин олонд баяр хүргэв.