

Түрүү магнай Дундговь аймгийн Өлзийт харьяат уяач Д.Эрдэнэбулганы уяж хурдлуулсан, уржнан төрийн наадамд аман хүзүүдэж байсан хонгор үрээ Монгол төрийн их баяр наадамд түрүүллээ.
Аман хүзүүнд Булган аймгийн Гурванбулаг сумын харьяат Монгол Улсын алдарт уяач Д.Хишигжаргалын халзан үрээ
Айргийн гуравт Дундговь аймгийн Хулд сумын уяач Б.Баярсайханы хул үрээ
Айргийн дөрөвт Завхан аймгийн Цагаанчулуут сумын уяач Б.Балдоржийн хүрэн үрээ
Айргийн тавд Ховд аймгийн Мянгад сумын харьяат З.Мэндсайханы хүрэн үрээ хурдаллаа.
Шүдлэнгийн уралдааныг хүчингүйд тооцохыг шаардаж байна
Тулгар төрийн 2224, Их монгол улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадмын шүдлэн насны морьдын уралдаан 14.00 цагаас эхлэх байсан ч морьдыг шүдлэх явц, хэмжилт болон хасалтаас шалтгаалан нэлээд хугацаа алдлаа.
Шүдлэн насанд 228 үрээ бүртгүүлснээс 91-н үрээг гарааны зурхай руу хөдөлгөж 137-г нь эрлийз хэмээн хурдан морины салбар хорооноос үзээд хаслаа.
Уралдаанд оролцолгүй үлдсэн морьдын уяач нарын хувьд их бухимдалтай байгаа бөгөөд хурдан морины салбар хорооны гишүүдтэй маргаан үүсгэж, энэ удаагийн уралдааныг хүчингүйд тооцож 13-ны өдөр дахин уралдуулахыг шаардаж байна.