

АН, МАН-ын хамтарсан Засгийн газар ажиллаад зургаан сар болжээ. Хагас жилийн хугацаанд хийсэн ажлын үр дүнгийн талаар УИХ дахь АН-ын бүлгийн даргаБ.Гарамгайбаатар хангалтгүй байна гэж мэдээлэл хийснээс хойш хоёр нам нэг нэгэндээ харилцан мэдэгдэл гаргаж байсан.
Тодруулбал УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатарын мэдэгдлийн дараа МАН-ын ЕНБД Ж.Мөнхбат “Бид засагт хамтарлаа гээд хууль бус зүйлийг хараагүй юм шиг өнгөрч чадахгүй гэж хэлсэн. Тиймээс иргэдийн эрх ашгийг зөрчсөн ажлуудыг шүүмжилж, засч залруулна. Ер МАН-д зургаан сайдын суудал өгчихөөд амыг нь таглана гэж бодсон бол эндүүрэл. Бид хэлэх зүйлээ хэлнэ” хэмээн мэдэгдэж байсан.
Тэгвэл өнгөрсөн долоо хоногт АН ерөнхий сайдаа байхгүй хооронд гүйцэтгэх зөвлөл нь хуралдаж Ардчилсан Нам, МАН-ын хооронд байгуулсан “Харилцан итгэлцэл, хамтын ажиллагааны гэрээ” цуцлаж, наадмын өмнө шинээр зургаан сайдыг шинээр томилохыг үүрэг болгосон.
Гэвч эдийн засгийн хямралтай үед Шийдлийн Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнийг өөрчлөх нь тийм зөв зүйтэй алхам биш хэмээн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хоёр намын удирдлагуудтай уулзсан. Энэ үеэр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “төрийг нам удирддаг байж болохгүй хэмээн” хатуухан мэдэгдсэн. Гэвч АН-аас төрийн тэргүүний үгийг хүлээж авахгүй гэдгээ албан ёсоор мэдэгдэж мэдэгдэл гаргасан байна. Уг мэдэгдэлд "Нэгэнт гарсан шийдвэрийг хэн нэгний үүрэг даалгавар, намын дээд байгууллагын шийдвэрийг огоорогч нарын хүсэл сонирхолд нийцүүлэн хүчингүй болгох боломжгүй" хэмээжээ. Мөн МАН-тай цаашид хамтрахгүй гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдсэн байна.
Ингэснээр Шийдлийн Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнийг өөрчлөх нь нэгэнт тодорхой боллоо. Тэгвэл шинээр төрөх зургаан сайд ирэх сарын гурванд тодрох бололтой. Өнөөдөр болсон УИХ-ын хаврын чуулганы хуралдааныг УИХ-ын дарга З.Энхболд хааж үг хэлсэн. Тэрээр “Ардчилсан Нам, МАН-ын хооронд байгуулсан Харилцан итгэлцэл, хамтын ажиллагааны гэрээ цуцлагдаж байгаатай холбогдуулан МАН-ын 6 сайдыг чөлөөлж, шинэ сайдуудыг нөхөн томилох асуудлыг шийдвэрлэх зорилгоор 2015 оны 8 дугаар сарын 3-ны өдрөөс Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулахаар төлөвлөж байна” хэмээн хэлсэн юм.
Эх сурвалж: UNEN.MN
Сэтгэгдэл (2)