

Эрхэм хүндэт генерал, офицер, ахлагч, түрүүч, байлдагч, ахмад дайчид, даян дэлхийн энхийн үйлсэд хүчин зүтгэж яваа цэнхэр дуулгатан цэрэг эрс болон Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүн, тэдний гэр бүлд Тулгар төрийн 2224, Их Монгол Улс байгуулагдсаны 809, Ардын хувьсгалын 94 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлж, хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе.
Жил жилийн наадмын адил энэ жилийн наадмын өнгө жавхаа, үзэмж төгөлдөр төгс сайхан эхэлж байна. Хөдөлмөрч бүтээлч олныхоо амжилт, зүтгэлийг төр түмэн маань үнэлэн дэмжиж байна.
Батлан хамгаалах салбарынхан бид Үндэсний их баяраа амжилт бүтээлээр дүүрэн угтаж байна. Тухайлбал, эрх зүйн шинэчлэлийг гүнзгийрүүлэх арга хэмжээний хүрээнд “Монгол Улсын батлан хамгаалах бодлогын үндэс” баримт бичгийн төслийг эцэслэн боловсруулж УИХ-д хэлэлцэн батлуулахаар ажиллаж байна. “Оюутан цэрэг” хөтөлбөрийг амжилттай эхлүүлж, уламжлал болгон энэ жил дахин зохион байгуулж байна. Бүтээн байгуулалтын ажлууд ч өрнөж байна. Дэлхийн халуун цэгүүдэд үүрэг гүйцэтгэж байгаа манай цэргийн алба хаагчид Монгол Улсынхаа нэр хүндийг өндөрт өргөж, монгол цэргийн ур чадварыг гайхуулан үүргээ нэр төртэй биелүүлж байгааг дурдахад таатай байна.
Монголчууд бид наадмаараа билэгтэй сайхнаа хэлэлцэж, ёс уламжлалаа дээдэлж, түүх шаштираа хүндэтгэж, ололт амжилтаараа бахархан баярладаг. Азай буурал ахмадууд, хойч үеийн хүүхэд багачууд, энэ цагийн түүхийг бүтээгчид гээд үе үеийнхний хамтын их баяр цэнгэл бол өнөө эхэлж буй улс үндэсний маань их баяр наадам юм.
Нар хур тэгширсэн наадмын энэ сайхан өдрүүдэд идэр чийрэг бөхчүүд маань хүчтэй, эргэмэг шандаст хүлгүүд нь хурдан, цэц магнай харваачид нь мэргэн байж хотол түмнээрээ сайхан наадаарай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН, ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН
БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД Ц.ЦОЛМОН