8 дугаар сарын 1-ээс хойш наадам, ой тэмдэглэхгүй

Аймаг, орон нутгийн удирдлагуудтай хийдэг цахим хуралд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг оролцож, өвөлжилтийн бэлтгэл хангахтай холбогдуулан үүрэг даалгавар өглөө.  

Энэ жил зуншлага тааруухан, бэлчээрийн гарц алаг цоог, нийт нутгийн 50 шахам хувь нь гангийн байдалтай байна. Мэргэжлийн байгууллагаас гаргасан энэ жилийн дулааны улирлын төлөв байдлаас харахад агаарын температур олон жилийн дунджаас 1-2,5 хэмээр илүү, орох тунадасны хэмжээ төвийн нутгаар бага, бусад нутгаар дунджийн орчим, зуны улирлын дунд үед хүчтэй халах, намрын эхэн сарын эхээр нойтон цас орохоор байна. Билгийн тооллоор ирэх жил бичин жил гарна. Иймд өвөлжилтийн бэлтгэл ажилдаа онцгой анхаарах шаардлагатай.

Мөн аймгийн Засаг дарга нарыг наадмын дараа долоо хоног амрахыг зөвшөөрч, сум, багийн Засаг дарга нар, Засаг даргын Тамгын газар, агентлагийн удирдлага, ажилтнуудыг ажил цалгардуулахгүйгээр ээлжээр амраах арга хэмжээ авахыг даалгалаа.

Энэ жил нэг аймаг, 36 сумын тэгш ой тохиож байгаа. Ойтой сумдын наадмыг 7 дугаар сард багтаан зохион байгуулж, 8 дугаар сарын 1-ээс хойш наадам, ой тэмдэглэхгүй гэдгийг онцгойлон анхааруулж, мал сүргийн отор нүүдэл, өвс, хадлан бэлтгэх ажлыг эртнээс төлөвлөгөөтэй зохион байгуулж, аймгийн Засаг дарга нар энэ ажлыг шууд удирдлагадаа авч ажиллахыг даалгалаа.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.