ТӨЛӨВШӨӨГҮЙ НАМЫН ТӨЛӨВЛӨӨГҮЙ МЭДЭГДЭЛ

Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөл хуралдаж Монгол Ардын Намтай байгуулсан гэрээгээ дүгнэн хэлэлцээд гэрээний биелэлт хангалтгүй гэж үзэн "Шийдэл"-ийн Засгийн газраас гаргах нь зөв гэсэн шийдвэр гаргасныг АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Эрхэмбаяр мэдэгдэв. Үүгээр ч зогсохгүй МАН-тай байгуулсан гэрээгээ цуцлахыг УИХ дахь АН-ын бүлэгт үүрэг болгосон юм байх. АН-ын гаргасан эл шийдвэрт ард түмэн ундууцан "Төлөвшөөгүй нам төр самарна гэдэг энэ дээ" хэмээн халаглаж сууна. Төлөвших нь байтугай "томоожоогүй" нам гэдэг нь олонхи болсон хоёр удаагийн сонгуулийн үр дүнгээр тов тодорхой харагдсан.

Тэд 1996 онд түүхэндээ анх удаа олонхи болж засгаа бүрдүүлсэн. Энэ дөрвөн жилийн хугацаанд Монгол Улс ямар их туйлдаж, ард түмэн яаж зовсныг мартаагүй. Тэгвэл өнгөрсөн сонгууль буюу 2012 онд тэд түүхэндээ хоёр дахь удаагаа олонхи болсон. Гэхдээ тэдэнд дангаараа засаг бүрдүүлэх суудлыг ард түмэн өгөөгүй. Товчоор хэлбэл, ард түмэн нэг их итгэл үзүүлээгүй гэсэн үг. Учир нь АН-ынхан "томоожоогүй" учраас тэр шүү дээ. Тиймдээ ч тэд олонхи болсныхоо дараагаар "МАН-тай хамтралгүй улс орноо аваад явчихна" гэж ам бардам байж "Шинэчлэл"-ийн гэх сүржин нэртэй, даржин засаг бүрдүүлсэн. Н.Алтанхуягийн толгойлсон Засгийн газар хоёрхон жилийн дотор Монгол Улсыг элгээр нь хэвтүүлж,  эдийн засгийг нь эмчлэгдэхийн аргагүй болтол нь "өвчлүүлж" орхив. Аргаа ядсан АН-ын фракциуд дотроосоо хор найруулж Н.Алтанхуягийн Засгийн газрыг унагасан.

Үүний дараагаар МАН-гүй л бид "жижигдэх" юм байна гэдгээ ойлгосон тэд, "матрын нулимс" унагаж, нулимс цийлэгнэсэн нүдээр МАН-ыг царай алдсан юм. Томоожоод, төлөвшөөд, төр удирдаж үзсэн намын хувьд АН-ынхны эрчимтэйгээр унагасан эдийн засгийг тогтоож, цаашлаад хэвийн хэмжээнд аваачихын төлөө засагт хамтрахыг зөвшөөрсөн. Уг нь ирэх сонгуулийн үр дүн, өөрийн биеийн амрыг харсан бол МАН засагт хамтрах ямар ч шаардлага байгаагүй. Гэвч тэднийг өдрөөс өдөрт дордож буй ард түмний амьдрал, цагаас цагт хүндэрч буй эдийн засгийн байдал зэрэг нь засагт хамтрахад гол нөлөөлсөн хүчин зүйл болсон юм. МАН-ын засагт хамтарсан зургаан сарын хугацаанд эдийн засгийн уналт удааширч, улмаар өсөлт мэдрэгдэж эхэлсэн. Яг энэ цаг мөчийг хүлээж суусан АН-ын "гуравдугаар ээлж"-ийнхэн шантааж хийж МАН-ыг засгаас гаргах тухай яриаг дэгдээх болов. Энэ нь ч үр дүнгээ өгч өчигдөр АН-ын Гүйцэтгэх зөвлөл "МАН-ыг засгаас гаргах нь зүйтэй" гэсэн шийдвэр гаргажээ.

Төлөвшөөгүй намын төлөвлөөгүй мэдэгдэл цаашид Монгол Улсын хувь заяаг хааш нь эргүүлэхийг тэнгэр л мэдэх байх даа. Ер нь АН-ынхан Монгол Улсын төр, засгийг тоглоом гэж боддог бололтой. 2008-2012 оны хооронд МАН-ынхан найр тавьж хамтарсан Засгийн газар байгуулсан. Найр тавих ч юу байх вэ дээ... Хамтарч ажиллавал хөгжил хурдасна гэж бодсон хэрэг. Тэгсэн АН-ынхан хамаг ажлаа хийлгэж хийлгэж сонгууль хаяанд ирэхийн цагт "Бид гарлаа. Анхнаасаа хамтрах хэрэггүй байсан юм" хэмээгээд засгаас гарч одсон билээ. Тэгсэн ч МАН-ынхан зангараг зааж хэл ам хийлгүй явуулчихсан. Бүр тодруулбал, өнөөдрийн АН-ынхны гаргаж байгаа шиг ааш авир гаргаагүй л гэсэн үг. Гэтэл өнөөдөр АН-ынхан "эдийн засагт гал дүрэлзээд бид хэцүүдэж байна. МАН-ынхантай хамтарч ассан түймрийг унтраахгүй бол болохгүй нь. Хамтарч хайрла" гэж гуйчихаад "түймрээ" унтраасны дараа "баярлалаа" ч байхгүй засгаас гаргах тухай асуудал яриад сууж байдаг.

Мөн ч жудаггүй нам юм даа. Арга ч үгүй биз. Тэдэнд олонхи болох боломж олон олдохгүй шүү дээ. Олдсон дээр нь ар араасаа дугаарлаж байгаа фракци, намын гишүүдээ "хооллъё" гэж бодсон АН-ын удирдлагын буруу биш. Гэхдээ тэднийгээ "хооллохдоо" эдийн засгаа анзаарч, өр зээлээ анхаараарай гэдгийг сануулахад илүүдэхгүй. Учир нь Ардчилсан нам төлөвших нь байтугай "томоожоогүй" нам шүү дээ.

Т.ЗҮРХ

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (103.10.23.38)
    Монголд болж байгаа болохгүй бүхнийг ямар ч гэмгүй 3 түмэн Монголчуудын толгойг залгисан бузар алуурчин м.а,н түүний улаан хамгаалагчид хийсэн. Цаашид хийсээр ч байх болно ! Ш,Ү Хөдөлгөөн 88583399
    2015 оны 07 сарын 07 | Хариулах
  • Зочин (103.10.23.38)
    Монголд болж байгаа болохгүй бүхнийг ямар ч гэмгүй 3 түмэн Монголчуудын толгойг залгисан бузар алуурчин м.а,н түүний улаан хамгаалагчид хийсэн. Цаашид хийсээр ч байх болно ! Ш,Ү Хөдөлгөөн 88583399
    2015 оны 07 сарын 07 | Хариулах