

Нэгэн удаа ядуу эр Бурхан багштай тааралдаад:
“Ямар үйлийн үрээрээ би ийм ядуу байгаа юм бэ? хэмээн асууж гэнэ.
“Өглөг буян үйлддэггүй болохоороо чи ийм ядуу байгаа юм” хэмээн Бурхан багшийг хариулахад, ядуу эр үүнийг сонсонгуутаа шууд л өглөг буян хийхийн тулд бусдад өгөх юмтай байж л буян үйлдэнэ шүү дээ хэмээн бодоод “надад бусдад өгөх юу ч байхгүй шүү дээ, тиймээс би хэрхэн өглөг буян үйлдэх болж байна даа” хэмээн асууж гэнэ..
Бурхан багш: “ чамд бусдад өгөх таван зүйл бий” гэлээ. Үүнийг сонссон ядуу эр гайхширан “ надад чинь хүнд өгчих ямар таван юм байдаг билээ?” хэмээн эргэлзэхэд нь Бурхан багш:
“ Чи өөрийнхөө нүүр царайгаараа бусдад инээмсэглэл бэлэглэж болох боловч чи тэгдэггүй. Чи өөрийнхөө нүдээрээ бусдыг хайрлан халамжлах харцаар хэзээ ч харж байсангүй.
Чи өөрийнхөө амаараа бусдад сайхан үг хэзээ ч хэлж байгаагүй. Чи өөрийнхөө зүрх сэтгэлээрээ бусдыг хайрлахыг хэзээ ч хүсэж байсангүй. Чи өөрийнхөө гар хөлийг бусдын төлөө хэзээ ч хөдөлгөж байсангүй.
Энэ бүхний үйлийн үр нь ядуурал юм даа хэмээн Бурхан багш ядуу эрд сургамжилсан юм гэнэ лээ.