

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комисс өнөөдөр ээлжит хуралдаанаа хийлээ. Тус хурлаар үндэсний бөхийн барилдааны зүүний магнайг хэн тэргүүлэхийг ярилцаж Үндэсний бөхийн салбар хороонд шийдэх үүрэг өглөө. Энэ талаар Б.Батзориг даргаас тодрууллаа.
-Зүүний магнайд хоёр дархан аваргын хэн нь гарах талаар маргаан дэгдээд байна. Энэ асуудлыг танай салбар хороо хэрхэн яаж шийдэх вэ?
-Үндэсний их баяр наадмын тухай хууль гэж бий. Манай салбар хороо энэ хуулиа баримтлан ажиллана. Өнгөрсөн жил Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж хоёр аваргад дархан аварга цолыг нөхөн олгосон. Ингэхдээ 08 дугаартай үнэмлэхийг А.Сүхбатад, 09 дугаартайг нь Г.Өсөхбаярт олгосон юм. Өнгөрсөн жил А.Сүхбат зүүний магнайд, Г.Өсөхбаяр барууны магнайд гарсан.

Үндэсний их баяр наадмын тухай хуульд Үндэсний их баяр наадмын бөхийн барилдааны дүрмийн 3.5-д бүртгүүлсэн бөхчүүдийн цол болон амжилтаар нь эрэмбэлж, жагсаалтыг Монголын Үндэсний бөхийн холбоо гаргах бөгөөд энэ жагсаалтад ороогүй бөхчүүдийг барилдуулахгүй гэж заасан.
Тиймээс яг энэ дүрмээрээ л явна. Барилдаан болохоос долоо хоногийн өмнө бөхчүүдээ бүртгэж дуусаад эрэмбэлнэ. Одоо маргалдаад байгаа хоёр дархан аварга барилдах эсэх нь тодорхой болоогүй байна. Бөхчүүдийн бүртгэл дууссаны дараа эрэмбэлнэ.
-Амжилтаар нь эрэмбэлэх үү? түрүүлж цол авсанаар нь уу?
-Шадар сайд Үндэсний Бөхийн Холбоо хуулийн дагуу эрэмбэлэх нь зүйтэй юм байна гэсэн шийдвэр гаргасан. Ёс зүйгүй байдал гаргавал бид хуулийн дагуу шийдвэрээ гаргана.

Үндэсний Бөхийн Холбооны гаргасан шийдвэрийг бөхчүүд хүлээн зөвшөөрөхгүй байвал яаж зохицуулах вэ?
-Төрийн наадамд бөхчүүд ёс зүйтэй байж төр түмэн олондоо хүндэтгэлтэй хандах ёстой. Манай салбар хорооноос бөхчүүдээ бүртгээд мандат олгоно. Мандатын ар талд Үндэсний их баяр наадмын тухай хууль, дүрмээ баримтлан барилдана шүү гэдэг санамж хийж өгнө. Ямар нэгэн маргаан гарахаас сэргийлж салбар хорооны гишүүд засуулууд энгэрийн камертай ажиллана.