

Он цаг хурдан өнгөрөх ажээ. 1990-ээд оны эхээр Японд судалгааны ажил хийхээр очсоны дараа Тани-сэнсээ гэдэг хатингардуу биетэй, дуу цөөтэй багштай нэг өрөөнд суудаг болов. Тэр нэг өдөр миний цагийг дагуулж гярхай харж байснаа "-Орост үйлдвэрлэсэн цаг уу?" гэж надаас асуув. "-Орост сурч байхдаа вьетнам хүнээс худалдан авсан юм. Бодвол Хонг Конг зүгийн электрон цаг байх." гэлээ. "-Япон хүн юмыг маш чанартай хийдэг. Цагийг бол Швейцарь цагнаас ер дутахааргүй хийнэ. Чи оюутан хүн би ойлгож байна. Би цагны хямдрал зарлахаар дараа мэдэгдэнэ, хямд үнээр сайн япон цаг аваад зүүчих, бараг нэг насны юм болно." гэж хэлж билээ. Тэр яриаг мартаад нэлээд хэд хонож байтал Тани-сэнсээ нэг өдөр сонингийн завсар байдаг сурталчилгааны цаас барьчихсан "-Энэ дэлгүүр шинээр нээгдэж байгаа юм байна.
Чи эхний өдөр амжиж өдөр очвол энэ цагнаас хямд авч чадна, бараг 10 дахин хямдарсан байна." гэж зургийг үзүүлэв. Тэгээд би дэлгүүрийн нээлтийн өдөр нь нэлээд зайтай дугуйгаар явж очоод уг дэлгүүрээс Сэйко нэртэй хөдөлгөөнөөр явдаг бугуйн цагийг авч зүүгээд хэрэндээ баярлаж билээ. Олон жил зүүсэн дээ. Ер эвдрээгүй, одоо ч тэр цаг надад хадгалаатай байгаа. Сэйко гэдэг нь дээд амжилт гэсэн утгатай үг юм. Үнэхээр тэр утгаа хадгалсан эд. Хожим япон баш нарын цагийг сэм харахад сэйко голдуу зүүсэн байв. Гэхдээ минийхээс арай л тансаг гоё харагдаад байдаг байв. Тэгээд сайн ажиглатал сэйко брандийн GS гэсэн тэмдэгтэй, нэлээд үнэтэй цаг ажээ.
Эндээс миний мэдэж авсан зүйл бол япон хүн аливаа юмыг чанар сайтай хийдэг, өөрийнхөө бүтээгдэхүүнийг бахархаж хэрэглээд зогсохгүй өрөөл бусдад түүнийгээ сэтгэлээсээ танилцуулдаг, танилцуулсан эд нь хэдийд ч хаана ч тэдний нэр хүндийг хугалахгүй сайн чанартай ажээ. Япон хүн аливаад чанарыг эрхэмлэнэ.
Эд юман дээр ч адил, хүний харьцаан дээр ч чансаа заадаг юм. Монголчууд маань мөн удахгүй тэдний адил болно биз ээ. Хятадад одоо соёлын довтолгоон эд явагдаж, хятад хүн олон нийтийн газар чанга ярихгүй, тамхи татахгүй, муухай хувцас өмсөхгүй байхыг нийтэд уриалж байна гээд саяхан хятадаар явсан дүү маань хэлсэн юм. Тэд лав хэдэн жил дотор өөр болно шүү.
Сэтгэгдэл (3)