

АН энэ долоо хоногт хийсэн бүлгийн хурлаараа засагт хамтрахаар хийсэн гэрээний хэрэгжилтээ шалгах шаардлагатай, МАН-тай хийсэн гэрээний хэрэгжилтийг шалгана хэмээн мэдэгдсэн.
Энэ талаар МАН-ын Ерөнхий нарын бичгийн дарга Ж.Мөнхбат мэдээлэл хийлээ.
Тэрбээр “МАН-ыг засгаас хөөж гаргана, хамтарсан Засгийн газар тарах гэж байна гэсэн мэдээлэл гарах болсон.
Үүнтэй холбоотой АН-ын бүлгийн дарга нар мэдээлэл хийж, АН-ын Гүйцэтгэх зөвлөл хуралдаж засаг байгуулахад хамтарсан намуудтай хийсэн гэрээний биелэлтийг шалгах ажлын хэсэг байгуулсан тухайгаа албан ёсоор мэдээллээ.
Өнөөдрийн байдлаар АН-аас МАН-ыг засгаас гаргах тухай албан ёсны шийдвэр ирээгүй байна. МАН-ын гишүүд төрийн ажлыг гацааж, Засгийн газраа муулж байна, болж бүтэхгүй зүйлийг МАН-ынхан ярьж байна гэж бүлгийн дарга нар нь мэдээлэл хийх үеэрээ хэлсэн. Энэ худлаа. Энэ бол АН-ын ээлжит шоу. Сүүлийн үед АН-ын рейтинг унаж, МАН-ынх өсч байгаа. Тийм болохоор тус нам ингэж жижиг асуудлаар улс төржиж байна. МАН-ын сайд нар чадлаараа ажиллаж байна. Хүндэрсэн эдийн засгийг сэргээхээр Ж.Эрдэнэбат сайд өдөр, шөнөгүй ажиллаж байгаа.
Д.Оюунхорол сайд Зайсангийн иргэдийн газрын асуудлыг шийдвэрлэж чадлаа. Долларын ханш буурч байна. Энэ мэт эерэг өөрчлөлтүүд гарч байгаа. Бүх зүйл өргөс авсан мэт нэг өдөр засагдана гэж байхгүй. Манай намын хувьд хууль бус зүйлийг дуугуй хараад сууж чадахгүй.
МАН 2014 оны арванхоёрдугаар сард Засгийн газарт орохдоо бид "Хамтарсан Засгийн газарт орлоо гээд өмнөх болон шинэ Засгийн газрын хууль бус алдаа дутагдлыг хаацайлахгүй, үнэнээр нь хэлж, шаардлагаа тавина. Зөв зүйтэй зүйлийг нь дэмжээд явна” гэж хэлж байсан.
Мөн МАН-ын хамтарсан Засгийн газрынхаа ачаа, хариуцлагыг үүрнэ. Түүнээс өмнөх буюу Н.Алтанхуягийн Засгийн газрын алдаа хариуцлагыг үүрэхгүй.
Өнөөдөр улс орны ажлыг хэн гацаагаад байгааг бүгд мэднэ. Том төслүүд буюу Оюутолгой, Тавантолгойг АН гацааж байна. МАН-ын УИХ дахь бүлэг Таван толгойг УИХ-аар хэлэлцэх нь зүйтэй гэсэн шийдвэр гаргаж УИХ-ын даргын зөвлөлд хүргүүлсэн. Харамсалтай нь Таван толгой АН-ын фракцуудын эрх ашгийн зодооноос болж гацчихаад байж байна. Тухайлбал, Үндсэн хуулийг боловсруулах ажлын хэсэг, Сонгуулийн тухай хуулийг боловсруулах ажлын хэсэг, Тавантолгойн төслийн ажлын хэсэг гэх мэт бүх ажлын хэсгийг АН-ын гишүүд ахалж байна. Тэд л ажлыг гацааж байна шүү дээ.
МАН засгаас гарахгүй. Хамтарсан шиг хамтарч, ачаагаа үүрсэн шиг үүрнэ.
АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар улс төрийн хэрүүл хийхдээ их гарамгай байна. Түүн шигээ Завхан руу хүрэх замаа л гарамгай тавь. Хэрүүл хийж бүх бурууг МАН-д нялзаах гэсний хэрэггүй. Янцаглахыг нь би янцаглаж, үүрэхийг нь чи үүр гэж болохгүй гэдгийг АН-д зориулж хэлье” хэмээн мэдэгдлээ.