“Эрүүл элэг” хөтөлбөр нээлтээ хийлээ

 “Эрүүл элэг” үндэсний арга хэмжээний нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр Эрүүл мэнд спортын яаманд боллоо.  Энэхүү арга хэмжээнд Эрүүл мэнд спортын сайд Г.Шийлэгдамба, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт, ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч доктор Су Нуюнт У, Дэлхийн Хепатитын холбооны ерөнхийлөгч ноён Чарльз Гор нар оролцлоо.

ЭРҮҮЛ ЭЛЭГ-2020” хөтөлбөрийн хүрээнд элэгний С вирусыг эрт үед нь илрүүлэх шинжилгээг нийслэл болоод орон нутагт эхлүүлсэн байна. Өнөөдрийн байдлаар 8000 гаруй иргэн хамрагджээ. Сүүлийн жилүүдэд элэгний С вирусээр өвчилж, хорт хавдраар нас барж байгаа өвчтөн эрс залуужиж байгаа нь эмч, мэргэжилтнүүдийн санааг зовоох болсон байна.

2012 оноос бага насны хүүхдийн дунд нийтлэг бүртгэгдэж, нийт хепатитийн вируст өвчлөлийн дийлэнх хувийг бүрдүүлдэг байсан хепатитийн “А” вируст халдварын эсрэг вакциныг 2011 оноос нэвтрүүлэн, үндэсний товлолд оруулснаар өвчлөлийн түвшин сүүлийн таван жилийн дунджаар 10,000 хүн ам тутамд 25 байсан бол 2013 онд 5,7 болж бараг тав дахин буурчээ.

Манай улсын гурван сая хүний 400 мянга нь элэгний С вирусээр өвчилсөн.

Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлсэнээр 2020 он гэхэд Монгол Улс элэгний С вирусыг бүрэн устгах боломжтойг  “Оном” сангийн тэргүүн Н.Дашдорж дурдлаа.

Мөн тэрбээр  “Монгол Улсад жилд 16-17 мянган хүн нас бардаг бөгөөд үүний 2600 нь элэгний өвчлөлөөр нас бардаг. Энэ нь дэлхийн дунджаас найм дахин их үзүүлэлт” гэсэн юм. Иймд С вирусын эрт илрүүлэлт нэн чухал байгаа гэнэ.

Манай улсад элэгний хорт хавдрын өвчлөл, нас баралт ийнхүү өндөр байгаа нь хепатитийн “В” ба “С” вируст архаг халдвар хүн амын дунд их байгаатай шууд холбоотой гэнэ. Олон улсын түвшинд хийгдсэн судалгаагаар элэгний хавдрын,

60 хувь нь “В” вируст
25 хувь нь “С” вируст
3 хувь нь хавсарсан халдвар
12 хувь нь архи, химийн хордлого гэх мэт шалтгаанаас үүсдэг болохыг тогтоожээ.

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.