

Баруун аймгийнхан иргэд Ховд аймагт эмчлүүлэх нь ихэсчээ
Ховд аймгийн нэгдсэн эмнэлгийг бүсийн эмчилгээ оношилгооны төв болгох шийдвэрийг 2001 онд гаргаж, Ховд аймаг төдийгүй зэргэлдээ Увс, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан аймгийн ард иргэдэд үйлчлэхээр зохион байгуулж тодорхой нарийн эмчилгээ оношилгооны тоног төхөөрөмжүүдийг шинэчилсэн байдаг. Гэвч жилээс жилд эмчлүүлэгчдийн тоо өсөн нэмэгдсээр тус эмнэлэг ачааллаа дийлэхгүй байдалд хүрээд байгааг УИХ-ын гишүүн, УИХ-дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогтыг төрөлх Ховд аймагтаа ажиллах үеэр нь эмч, эмнэлгийн ажилтнууд хэлж байна. Ганцхан жишээ дурдахад, дүрс оношилгооны аппаратанд хоногт 18 хүнд үзлэг хийх стандарттай бол тус төв өдөрт 60-70 хүнд үйлчилж байна.
Ингэж их ачаалалтай ажиллаж байгаа хэрнээ уг төв бусад БОЭТ-ийн авч санхүүжилтээс бага дэмжлэг авч байгаа нь тэгш бус байдлыг бий болгоод байна. Тухайлбал, Дорнод аймгийн БОЭТ 155 мянган хүнд үйлчилдэг хэрнээ 501 ажилтантай 7.1 тэрбумын санхүүжилт авдаг бол Баруун бүсийн БОЭТ нь 385 мянганд хүнд үйлчилдэг атлаа 5.6 тэрбумын санхүүжилтийг төсөв, нийгмийн даатгалын сангаас авдаг, 501 ажилтантай байгууллага юм. Шинэчлэлийн Засгийн газрын үед зэргэлдээ аймгийн төвүүдийг оношилгоо эмчилгээний сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр хангасан ч 2001 онд хийгдсэн хөрөнгө оруулалтаас хойш тоног төхөөрөмжөө шинэчилж чадаагүй Ховд аймгийн БОЭТ-ийг зорих иргэдийн цуваа нэмэгдсээр байгаа нь эмч мэргэжилтнүүд ур чадвар сайн байгаагийн илэрхийлэл юм.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт аймгаас хоёр удаа сонгогдсон төрийн түшээгийн хувьд иргэдийнхээ эрүүл мэндийн хөрөнгө оруулалтад онцгой анхаарч ажиллаж ирсэн. Ялангуяа хүүхдийн эрүүл мэндэд үргэлж санаа тавихыг хичээдэг гэдгээ илэрхийлээд баруун бүсийн эмчилгээ оношилгооны төвийн техник тоног төхөөрмжийг шинэчлэхэд Бельги Улстай хамтран ажиллаж тодорхой асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байгаагаа уламжлав. С.Бямбацогт гишүүн өмнө нь өөрийн үүсгэн байгуулсан “Сандаг сан”-гийн шугамаар АНУ-ын тусламжийн байгууллагаар дамжуулж дөрвөн тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг шийдэж төсвийн хөрөнгө харалгүйгээр гадаад харилцааны тал дээр идэвх санаачлагатай ажиллаж ирсэн, багийн эмч нарыг унаажуулсан, сумын эмнэлгүүдийг шинэчилсэн, шинээр 50 ортой төрөх эмнэлэг байгуулах асуудлыг дэмжиж шийдвэрлэсэн зэрэг эрүүл мэндийн салбарт анхаарч ажиллаж ирсэнд талархаж явдгаа эмч, ажилтнууд илэрхийлж байлаа.
Мөн энэ жил тус аймгийн Дарви, Мөст, Ховд, Эрдэнэбүрэн суманд түргэн тусламжийн машин олгох асуудлыг шийдэж БНХАУ-ын буцалтгүй тусламжаар Булган, Дуут, Цэцэг, Мөнххайрхан суманд түргэн тусламжийн автомашин олгуулахаар ажиллаж байгаагаа онцолсон юм.