Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ОХУ-ын ерөнхийлөгч В.Путинтай уулзлаа

Санкт Петербург хотод болж байгаа XIX дэхь удаагийн Олон улсын Эдийн Засгийн Чуулганы үеэр Монгол Улсын ерөнхий сайд Ч. Сайханбилэг, ОХУ-ын ерөнхийлөгч В. Путинтай уулзжээ.

Уулзалтын эхэнд ерөнхийлөгч В. Путин:

“Хүндэт ноён Ерөнхий сайдаа, Хүндэт нөхдөө, Тавтай морилно уу.

Надад Монгол Улсын ерөнхийлөгчтэй тавдугаар сарын 9-нд Ялалтын баярын өдөр уулзах завшаан тохиолдсон билээ. Монгол улс бол Ази тив дэхь манай гол түншүүдийн нэг гэдэг нь эргэлзээгүй. Бидэнд олон тооны хамтарсан төслүүд бий. Гэсэн хэдий ч бидний хамтын ажиллагаанд Оросын эдийн засгийн байдал нөлөөлж байгаа. Гэвч энэ бүгд түр зуурын үзэгдэл гэдэгт би итгэлтэй байна. Тантай уулзаж олон талын хамтын ажиллагааны талаар ярилцах болсондоо баяртай байна” гэлээ.

МУ­-ын ерөнхий сайд Ч. Сайханбилэг хариу хэлэхдээ:

“Баярлалаа, Владимир Владимирович.

Манай Монголчууд хувьтай хүн хур борооноор гэж ярьцгаадаг. Энэ үг өнөөдөр надад хамаатай мэт санагдаж байна.

Юуны өмнө би Санкт Петербургийн Олон улсын Эдийн засгийн Чуулганд оролцох боломж олгосон танд талархлаа илэрхийлье. Учир нь энэ чуулган бол зөвхөн ОХУ-ын эдийн засгийн асуудлыг биш, дэлхий нийтийн асуудлыг хэлэлцэж шийдвэрлэх талбар юм.

Мөн танд Ялалтын баярын 70 жилийн ойн мэндийг хүргэж байна. Манай зэвсэгт хүчний төлөөлөл Улаан Талбайд болсон баярын жагсаалд оролцсон нь чухал үйл явдал боллоо.

Манай ерөнхийлөгчтэй уулзсаны дараа болж байгаа бидний уулзалт манай хоёр орны хамтын ажиллагаанд түлхэц өгөх болно” гэлээ.

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • irgen (202.70.45.237)
    ene orchuulagch nar ni zuir tsetsen ugsiig ni tegeed tuvoggui orchuulchihdag l yum baih daa, manai darga nar neeree mundag shuu. mundag baina, eronhii saiddaa bayar hurgeye!
    2015 оны 06 сарын 19 | Хариулах