Цаашдаа хэт их халалт болох магадлалтайг анхааруулав

Цаашдаа хэт их халалт болох магадлалтайг анхааруулав

Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн Байнгын хорооны дарга Су.Батболд “Цаг агаарын байдал хөдөө аж ахуйн болон газар тариалангийн үйлдвэрлэл, өвөлжилтөд хэрхэн нөлөөлөх, гангийн нөлөөллийн улмаас үүсэж буй тулгамдсан асуудлыг шийдвэрлэх арга зам” сэдвээр уулзалт зохион байгуулав.

Энэхүү уулзалтад УИХ-ын гишүүн, Хүнс, Хөдөө Аж Ахуйн яамны сайд Р.Бурмаа, БОНХАЖЯ, ХХААЯ-ны албаны хүмүүс оролцож мэдээлэв хийв. 

Ус Цаг Уур, Орчны Шинжилгээний газрын дарга Д.Цогт-Очир танилцуулгадаа, энэ оны зургаадугаар сарын 8-наас эхлэн тариалангийн бүс нутгаар огцом халж, халуун салхитай байгаа нь чийгийн нөөц муутай байсан бүс нутгуудаар буудайн өсөлт хөгжилтөд сөрөг нөлөө үзүүлэх хандлагатай байгааг онцолсон юм.

Мөн ХХАА-ын сайд Р.Бурмаа тус салбарын цаг үеийн ажлын талаар хийсэн мэдээлэлдээ, УЦУОШГ-аас ирүүлсэн 7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөвөөс харахад 6 дугаар сарын 22-ныг хүртэл, цаашдаа тариалангийн үндсэн бүс нутгуудад хур тунадас багатай, хэт их халалт болох магадлалтай учир үүлэнд зориудаар нөлөөлөх арга хэмжээг үр дүнтэй шуурхай зохион байгуулах, хэрэгцээт борооны пуужингийн нөөцийг бүрдүүлэхэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх шаардлагатай байгааг дуулгалаа.

Уулзалтын үеэр УИХ-ын гишүүн, БОХХАА-н Байнгын хорооны дарга С.Батболд, холбогдох яам, газрын албаны хүмүүсээс мэдээлэл, тодруулга авсны дараа Цаг уур, орчны шинжилгээний газрын удирдлагуудад хандаж тус газрын цаг агаарын цахим хуудас нэн ялангуяа орон нутгийн цаг агаарын урьдчилсан мэдээг нээхэд их удаан ачаалагдаж байгааг анхааруулав.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.