“В”, “С” вирустэй хүмүүсийг цахимаар бүртгэнэ

“В”, “С” вирустэй хүмүүсийг цахимаар бүртгэнэ

 АНУ-ын “Гилеад Сайенсес” компанийн “Харвони” эмийг манай улс онцгой хөнгөлөлттэйгөөр оруулж ирж байгаа.

Иргэд элэгний С вирусыг устгах энэ эмийн хэрэгцээг 400 ам.доллараар авах боломжтой болсон ч хэрхэн бүртгүүлж, хаанаас хэзээ авах талаар нэгдсэн мэдээлэлгүй байна. Тиймээс “Эрүүл элэг” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа "ОНОМ" сан болон Монголын элэгний эмч нарын нийгэмлэгээс өчигдөр мэдээлэл хийлээ.

Тэдний хэлж буйгаар “Харвони” эм хэрэглэх шаардлагатай хүмүүсийн бүртгэлийг нэгдсэн цахим системд оруулж байгаа бөгөөд удахгүй тус системийг Эрүүл мэнд, спортын яаманд хүлээлгэж өгөх юм байна. Ингэснээр элэгний өвчтэй бүх хүмүүсийг бүртгэлжүүлж, С вирус устгах эм олгож эхлэх аж.

Харин иргэдийн хувьд одооноос эхлэн харьяа дүүргийн өрхийн эмнэлэг дээр шинжилгээ өгч бүртгүүлэх ёстой юм байна. Тодруулбал, харьяа дүүргийн эмнэлэг нь таны нарийн шинжилгээний мэдээллийг ЭМСЯ-ны цахим системд нэгтгэх аж. Мөн иргэд элэгний өвчлөл, С вирусын Цаг үе тооноос хамаараад тус эмийг хэр удаан хэрэглэх зэргийг мэргэжлийн эмч нар зөвлөнө.

Харвони эмийг эмийн сангуудаар худалдаалах бөгөөд зөвхөн эмчийн нарийн шинжилгээний хариуг үндэслэн олгох юм байна. “Элэгний нарийн шинжилгээ авах эмч нарыг сургалтад хамруулж хөдөө орон нутагт “Эрүүл элэг” хөтөлбөр хүрээгээ тэлнэ” гэдгийг тус сангийн удирдах зөвлөлийн дарга Д.Наранбаатар хэллээ.

2013 оны байдлаар манай улсад элэгний С вирустэй 200 гаруй мянган иргэн байдаг гэсэн судалгаа гарчээ. Эдгээрээс архаг өвчтэй буюу яаралтай эмчилгээ шаардлагатай 52 мянган хүн байгааг элэгний эмч нар онцоллоо. Харвони эмийг хэрэглэснээр элэгний өвчлөл эдгэрч С вирус бүрэн устах юм байна. Харин В вирус нь бүрэн эмчлэгддэггүй бөгөөд элгийг хамгаалахын тулд В вирусын эмийг мөн хэрэглэх шаардлагатай гэв.

Эх сурвалж: Зууны мэдээ сонин

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (112.72.13.181)
    B birvvsiin em hurdan haraasai
    2015 оны 06 сарын 27 | Хариулах