

“Сентерра голд”-ын “Цээпилдорж” төлөвлөгөө
Нэг хэсэг хэл амны бай болоод байгааГацууртын ордын асуудлыг энэ долоо хоногт шийднэ. Тэгвэл тус компанийн зүгээс өөрсдийнх нь эсрэг хөдөлж буй болон үзэл бодлоо илэрхийлсэн залуусыг намдах “Цээпилдорж” хэмээх төлөвлөгөөг боловсруулжээ. Учир нь,“Б.Цээпилдорж Мандал сумын Засаг даргаар найман жил ажилласан, ажил хийсэн хүн” хэмээн Зүүнхараагийнхны магтаалыг хүлээж буй ажээ. “Бороо голд”-ыг үйл ажиллагаа явуулах үед Б.Цээпилдорж тэдэнтэй хамтран ажиллаж эхэлсэн бөгөөд тус компаниас хөрөнгө оруулалт авч ажил хийсэн хэмээн сайрхан ярьдаг аж. Тэгвэл сүүлийн үед “Сентерра голд” компанийнхан Б.Цээпилдоржоор нутгийнхаа төлөө тэмцэж яваа залуусын эсрэг атгандаа оруулах арга хэмжээг удирдуулж байгаа гэнэ.
“Сентерра голд” компани нь УИХ, Засгийн газрын гишүүдийг өөрийн болгож чадсан шигээ тэднийг ч мөн өөрсдийнхөө арганд оруулахаар тэмцэж эхэлжээ. “Сентерра голд” нутгийн иргэдийг мөнгөөр худалдан авахаар Б.Цээпилдоржид ихээхэн хэмжээний мөнгө амалсан тухай эх сурвалж өгүүлсэн юм. Дээгүүрээ холбоо сүлбээ сайтай Б. Цээпилдорж нутгийн иргэдийг чимээгүй байлгах даалгавар авч ажлаа эхлүүлээд байгаа юм байна. Мөнгөнөөс илүү үнэ цэнтэй зүйл байдгийг “Сентерра голд”-ынхон болон хашир Б.Цээпилдорж мартсан бололтой. “Мөнгө улаан, нүд цагаан” гэгчээр нүдээ ухаад өгөхөөс буцахгүй нөхдүүд Гацууртын орд руу шуналын нүдээ унагаад эхэлсэн бол одоо шүлсээ үсчүүлээд “хоёрдугаар хоолны таваг”-аа барин гүйлдэж эхлээд байна. Хамаг амьдралынхаа гарааг эхлүүлсэн энэ нутгийн ард түмний зүрх сэтгэл рүү ус цацагч Б.Цээпилдоржийн паян үүгээр дуусахгүй билээ.