"90 сая"-ын Б.Гансүх
Амьдрал түүний хүүхэд насыг тамхинаас ангид байх боломж олгосонгүй
Тэр энэ насандаа тамхи татаж байгаагүй. Гэхдээ л амьдрал түүнд тамхинаас ангид, хол байх боломж өгөөгүй гэдэг. Тамхийг ялсан эрхэм хүмүүс номондоо түүний түүхийг өгүүлж буй нь, энэ номын эрхэм уншигч, "Тамхичин" таныг хайртай хүмүүсээ хэрхэн хорлож байдаг , тэд таны талаар ямар бодолтой байдгийг зах зухаас нь ойлгоно гэж найдсаных. Улсынхаа анхны төрийн тэргүүн П.Очирбатын итгэл үнэмшлийг олох замаар Засгийн газраас 90 сая төгрөгийг гаргуулж эцэст нь залилан мэхэлсэн хэргээр аавын хаалга татахад хүрсэн Гансүхийн хүүхэд нас тийм ч сайхан өнгөрсөнгүй. Түүний гэр тухайн үеийн Ленин клубын урд Оросын дракан байшинд байжээ. Гансүх эхээс хоёулаа, нэг ахтай бөгөөд ээж, эмээ ээж, ээжийнхээ эгч, ээжийнхээ эгчийн хүү гээд өнөр өтгөн амьдардаг байлаа. Гансүхийг хэвлийд байхад түүний ээж тамхи татдаг байжээ. Тамхины утаатай гэрт өсч торниж олон тамхичны дунд хүүхэд насаа ханиалгаж өнгөрөөсөн Гансүхийг ээж нь өдөрт 1-2 удаа дэлгүүр руу тамхинд явуулдаг байсан байна. Энэ тухайгаа Гансүх дурсан ярихдаа, " Манай гэрт надаас бусад нь тамхи татдаг байлаа. Ээж Баасанхүү, Ээжийн дүү Шагдар архи тамхийг зэрэг хэрэглэнэ, миний ах Чулуунбаатар , ээжийн маань ээж Цээсүрэн, ээжийн эгч Цэгмид, ээжийн дүү Хаянхярваа гээд бүгд татна. Ээж татаад дуусахаар эмээ татаж, эмээг дуусахад ээжийн эгч, ээжийн эгчийн хүү нь гээд л манай гэр мөнхийн утаатай байдаг байв. Киноны хальсны төмөр саваар дүүрэн дүнсэн тамхи байх бөгөөд дуусангуут нь дүүргээд хийчихдэг байлаа. Тамхи ороодог цаас нь дуусвал сонингоор бүдүүн гэгч нь ороож татдаг байсан. Ээж маань эмч хүн, Оросуудтай их ойр дотно байсан учраас тамхийг тэгж их татаж сурсан байх. Тэр үед гэрт маань хэрүүл, зодоон их болно. Архи уусан , тамхи татсан хүмүүсээр л гэр дүүрэн байлаа. Архи уусан хүмүүсээс зугтаж, зодуулахгүйн тулд гадаа гараад зогсох үе ч надад байсан. Гэрт үргэлж байдаг тамхины утаа хувцасанд минь шингэчихнэ. Би хичээлийн дүрэмт хувцсандаа үнэр оруулахгүй гэж гялгар уут, сонингийн цаасаар хучдаг байлаа. Тамхины утаанд өглөө, оройгүй байгаад ирэхээр утаа нь хувцсанд битгий хэл, бүр биед маань нэвт шингэчихдэг байж билээ. Хүмүүс намайг "Тамхичин" гэж бодосноо нуулгүй хэлсэн. "Үгүй" гэхээр " Чи бүр тамхичин дотроо архаг тамхичиндаа орно. Хувцас биенээс чинь тамхины бохины сэжиг хүрмээр үнэр байнга ханхалж байна" гэж ангийн багш хүртэл хэлдэг байлаа. Тэр үед тамхи татдаг ээждээ их гомдоно оо. Хүн хийгээгүй хэргийнхээ төлөө гүжирдүүлэх дургүй байдаг биз дээ. Гэтэл би тамхи татаагүй байж архаг тамхичингаараа дуудуулж явлаа. Миний ээж Баасанхүү энэ амьдралыг орхих хүртлээ тамхи татсан. Намайг бага байхад жүжигчин Чаминчулуун гуайн ээж Алтангэрэл гэдэг хөгшин ээжтэй минь найз байсан юм. Хуучнаар Энхтайван найрамдлын ордны хажууд буузны гуанзтай байр гэж байдаг байлаа. Тэр байранд Чаминчулуун эгчийх байсан юм. Харин манайх тэдний байрны урд талын байр. Хааяа ээж тэдний гэр руу орчихно. Би заримдаа ээжээсээ гэрийн түлхүүр авахаар тэднийд орно. Тэгэхэд Чаминчулуун гэдэг мярайлагдуу,тас тас хөхөрсөн эгч, ээжтэйгээ тамхи татаад л сууж байдаг байсан сан. Би жаахан хүүхэд байсан учраас тэд одоо намайг танихгүй байх. Ээжээр маань гадарладаг байж магадгүй. “Урд байрны буурал толгойтой хөгшин” гэвэл Жүжигчин Чамичулуун эгч ээжийг маань гадарлах байх. “Бодлын хулгайч” кинон дээр гардагчлан шоронгоос оргож ээж дээрээ очсон минь эх, үр хоёрын сүүлчийн уулзалт байсан. Тэгэхэд хүртэл манай гэр тамхины утаатай байж билээ” хэмээн дурсан ярилаа.
Гансүхийг хаяж , тамхитайгаа үлдсэн дурлалт бүсгүй
Гансүх 1986 онд Хөгжим бүжгийн сургуулийг төгсөх жилээ Анагаахын их сургуулийн оюутан бүсгүй У-тай танилцжээ. Дөнгөж л 20 насыг өнгөрч явсан залуус хайр дурлалын нандин сэжимээр холбогдож, дотносон, бүр нэг нэгийхээ гэрээр орж гардаг болчихсон байж. Нэгэн өдөр Гансүх найз бүсгүйгээ гэртээ аваачлаа. Гэтэл бүсгүй бие засах өрөөнд ороод гарч ирэхгүй удаад алга болчихов. Тэгж тэгж гарч ирэхээр нь баахан гайхаж хүлээсэн Гансүх яагаад ингэж удсаныг нь асуутал шалтгаанаа огт хэлсэнгүй. Тэгэхээр нь Гансүх бие засах өрөөндөө яваад ортол тамхины утаа хамар сэтэлтэл үнэртэх нь тэр. Найз бүсгүйнхээ дэргэд очоод “Чи тамхи татдаг юм уу” гэж асуухад бүсгүй “Тийм ээ” Хааяал нууцаар татдаг. Чи нэгэнт мэдчихсэн юм чинь ил татаж байя” гэж. Ингээд залуу бүсгүй Гансүхээс нууж хаалгүй баагиулдаг болов. У-г харсан хэн ч тамхи татдаг гэж хэлэхээргүй цэмцгэр, сайхан бүсгүй байж. Гэвч Гансүхийн дотоод сэтгэлд найз бүсгүйнх нь тамхи татдаг тэр муухай чанар санаанд нь багтахааргүй, тамхи татдаг зуршилтай нь эвлэрч өгөхгүй байсаар хэдэн сарын нүүрийг үзжээ. Гансүх тамхин дунд хүүхэд насаа өнгөрүүлсэн тэрхүү жигшмээр өдөр хоногуудаа эргэцүүлэн бодоод У-тай гэрлэвэл хүүхэд маань хэвлийдээ тамхины утаанд хордоно. Өсч томрохдоо муу үлгэр дуурайлыг ээжээсээ авна” гээд найз бүсгүйгээ тамхинаас гар гэж ятгах болжээ. Бүр нэг өдөр Гансүх найз бүсгүйгээ болзоонд урихдаа “Чи эмэгтэй хүн учраас тамхинаас гар. Мэндлэх үрийнхээ эрүүл мэндийг бас бод. Намайг сонгох уу, тамхиа сонгох уу гэж асууж. Бүсгүй, “Чи өөрийгөө ямар жижигхэн зүйлтэй зүйрлэдэг юм бэ” гээд хэлсэн үгийг нь тоосон шинжгүй тамхиа татсаар байв. Тэрээр бүсгүйгээ тамхинаас гаргах гэж янз бүрийн арга хэрэглэж ятгаж байсан ч эцэстээ амжилтгүй боллоо. Тэдний үерхэл ийнхүү найман сарын дараа төгсгөл болсон байна. Гал халуун хайр дурлал, шинээр эхлэх гэж байсан амьдрал тамхинаас болж ийнхүү салж сарнихад хүрчээ. Гансүх одоо тамхи татдаггүй, архи уудаггүй. Амьдралынхаа жинхэнэ хань, хоёр охинтойгоо зөв шударгаар ажиллаж, хөдөлмөрлөж, өдгөө зээгээ үзээд сайхан амьдарч байна. Гэвч түүний сэтгэлийг нэгэн зүйл өвтгөнө. Юу вэ гэхээр одоогийн охидууд тамхи ихээр татдаг болсон явдал юм. Тэрээр энэ тухай хэлэхдээ “Эхнэртэйгээ гадуур хамт явж байхад тамхи татаж байгаа охидууд тааралдахад хажууд яваа ханьдаа би “ Энэ охидуудын аав нь байсан бол үсэртэл нь алгадах юмсан” гэж хэлдэг. Одоо үед жаахан жаахан охидууд гудамжинд хээвнэг тамхи татаад зогсож байдаг болчихлоо. Охидын цус ариун бол төр ариун байна гэдэг үг байдаг даа. Уг нь бол охид бүсгүйчүүд эргээд Монголыг төлжүүлж байгаа эхчүүд байлтай. Эх орондоо, үр хүүхэддээ хайртай бол тамхийг хаях хэрэгтэй. Турах гэж байна гэж охид бүсгүйчүүд тамхи их татдаг. Тэр бол худлаа. Ямар нэгэн өвчин олох юм бол ядраад турдаг биздээ. Турсаар турсаар байгаад хорчийгоод эцэстээ үхдэг. Тэрэнтэй л адилхан байхгүй юу” гэж Гансүх сэтгэлийнхээ угаас охид, бүсгүйчүүдэд хандаж сургамжийн үгээ хэллээ. Мэдээж ямар ч эр хүн хэвлийдээ байгаа хүүхдээ тамхины утаанд хордуулж тээлгэхийг хүсэхгүй нь лавтай шүү дээ.
Б.Гансүх: Тамхи татдаг эцэг эхийг би “хүнд гэмт хэрэгтэнтэй”-тэй зүйрлэнэ
40, 50 мянгатын залуус тухайн үед “Беламор” татаж гангарч харагдаж байгаад тамхинд ордог байжээ. Эр хүн болж, “аавын цээж” оргиж, шүлс нуцаа орцонд хаяж бөөгнөрч гитар дарж, дуу дуулж зогсдог байв. Тэр үед Гансүхийн найз нар “тамхи гоё.сороод үзээ” гээд л уруу татдаг байлаа. Гансүх хариуд нь үгүй “Үгүй ээ би хүүхэд байхаасаа л тахины муухайг мэдэрсэн” гэж хэлээд татдаггүй байж. Эцэст нь чанга дэглэмтэй Дарьтын шоронд олон жил
ял эдлэхдээ гутарсан сэтгэлээ засах гэж тамхи татаж болох байсан ч тэр асар их сэтгэлийн хаттай байж, тамхинд ороогүй, тамхийг асаагаад сорж ч үзээгүй нь хамгийн том ялалт байв. “Хүмүүс би архи уудаггүй зүгээр л тамхи татдаг” гэж хэлдэг. Энэ бол шоронд “Би хүн алаагүй шүү дээ, зүгээр л залилсан гэж өөрийгөө өмөөрдөгтэй адилхан сонсогдож байгаа биз. Хэрэгтэн л бол хэрэгтэй байдаг шиг хор л бол хор шүү дээ. Шоронд тамхи дуусхад тамхи татдаг хүмүүс үйлдлээ хянаж чадахаа ч больчихдог. Барилга эсвэл ногоон дээр ажиллаж байхад хоригдлууд туулайны баас ороож татна. Тамхи татахаар нүднийх нь хараа хүртэл өөрчлөгддөг. Тамхи, хар тамхи л гэсэн үг. Тэгээд нөгөө тамхиа татахаараа л агуйд хоолгүй олон хоночихсон хүн шөл уучихсан юм шиг хөлс нь урсч бие нь тавирч, нүдний хараа нь хүртэл өөрчлөгдөхийг яана. Би тамхи татдаггүй учраас “Бодлын хулгайч” кинон дээр жүжигчин амараа ч тамхи татаж тоглоогүй. Кинон дээр бодит амьдралаас зөрсөн хоёр том алдаа байдаг. Нэг нь далайн эрэг дээр архи уудаг хэсэг. Нөгөөх нь Ю.Цэдэнбал даргыг Монгол орноо худалдсан нүгэл нь нүдээрээ гарч байгаа юм” гэж хэлсэн хэсэг. Би хоёр зүйлд их эгдүүцсэн. Би энэ насандаа архи, тамхи хоёрыг хэрэглэж ч үзээгүй. Бас Маршал Ю.Цэдэнбал даргын улаан “Фен” байхгүй юу. Намайг хүмүүс ийм том хэрэг хийсэн хүн архи, тамхи хэрэглэдэггүй гэж их гайхдаг. Би архи, тамхинд орох боломжтой, шалтаг шалтгаантай байсан ч жигшдэг учраас тэвчсэн юм. 90 саяын хэрэгт холбогдож байсан тэр үед гэгээн хүсэл мөрөөдлөөр дүүрэн, зоригтой байж, асар том юм бодож байж. Одоо бодохоор айх ч юм, бахархах ч юм. Амьдралд их сургамж болсон доо. Буруу гишгэлт буруу зам руу л хөтөлдөг. Тэгэхээр анхнаасаа зөв замаар залуус алхах учиртай. Хүмүүс сэтгэл санаагаар унахаараа тамхи тадаг, сэтгэлээ засах гэж архи уудаг. Оюун бодлоо цэгцэлж, тайвшруулах биш эрүүл мэнддээ хортой зүйлийг хүчээр өгч түрхэн зуур л тайвширч байгаа хэрэг. Зарим эцэг, эх хүүхдийнхээ хажууд тамхи татаж, архи ууж байгаа. Хүүхдүүддээ хайртай гэж хэлж үнсэж байгаа хэрнээ ар нуруунаас нь хортой тариа тарьж байгаагаас өөрцгүй. Америкийн зарим мужид хүнд хэрэг үйлдсэн хоригдлуудад тогонд цохиулах, буудах, хортой тариа тарих зэргээр ялын дээд хэмжэг гүйцэтгэж байна. Тамхи татдаг эцэг, эхийг би үүнтэй зүйрлэнэ. Сэтгэлийн тэнхээ, тэвчээр муутай хүмүүс л тэгж хэлдэг байх. Өөрийгөө ялаад тамхийг хаясан залуусыг би шоронд олон харж байлаа. “ Амьд хэрнээ үхдэл шиг болсон биеэ авч явж чадахгүй болсон байна. Энэ мууг хаяна аа” гэж хэлээд тамхинаас гарч байсан түүх шоронд бий” хэмээн тэрээр хуучилсан юм.
П.Очирбат, Б.Гансүх нарын 20 жилийн дараах гэнэтийн уулзалт
Гансүх ээжтэйгээ уулзах гээд шоронгоос оргоод, удалгүй баригдаж, Ганц худгийн мөрдөнд хэсэг хоригджээ. Мөрдөнгийн өрөөнд 4-5хүн байх ёстой атал тоог нь хэтрүүлэн 10 гаруй сэжигтнийг нэг дор хорьдог байсан байна. Нэг өрөөнд олон сэжигтэн байхаас гадна хүн болгон тамхи татна. Овгорууд нь тамхийг нь асааж талд нь оруулаад шидэхэд ядарснууд нь хаясан тамхийг дамжуулан хувааж татна. Бүр доошоо
орсон зарим нь тамхины хаягдлыг цуглуулж байгаад сонинд ороож татдаг байж. Гансүх хэлэхдээ “Тамхи татдаг хүмүүс хоол горьдож байгаа нохой шиг л харагддаг байлаа. Тамхи татсан нэгнийхээ ам руу хараад л горьдон суудаг байсан. Ингэх үедээ хийсэн хэргээ, ар гэрээ бодно, шанална, ганцаардана, гуниглана. Энэ мэтчилэн янз бүрийн сэтгэлийн зовнилоо арилгах гэж тамхи л татаж түр тайвширцгаадаг байсан. Тэр дунд ганц тамхи татдаггүй нь би байлаа. Тамхи татдаггүй хүн илүү хорддог гэж шалтаглаад тамхи татаж болох байсан ч би татаагүй. Залуус үүн шиг бусдад уруу татагдахгүй л байх хэрэгтэй. Тухайн үед намайг байцааж байсан Арвинбуудай Улсын мөрдөн байцаах газарт ахлах мөрдөн байцаагч байсан юм. Одоогийн Монгол улсын ерөнхий прокурор Энх-Амгалан тухайн үед Улсын мөрдөн байцаах газрын Тавдугаар хэлтсийн дарга байлаа. Энх-Амгалан, Арвинбуудай нар надад хавтаст хэргийг танилцуулж байхдаа “Сайн эрийн буянд Монгол Улсын Ерөнхийлөгчийн өрөөнд орж Төрийн тэргүүнээсээ гэрчийн мэдүүлэг аваад ирлээ” гэж намайг даапаалж хэлж байж билээ. Монгол Улсын Ерөнхийлөгч П.Очирбат гарын үсгээ зураад мэдүүлэг өгснийг би тэр үед хараад өөрийгөө зүхэж байлаа. Улсынхаа тэргүүнийг хэрэгт татсандаа эр хүний жудгийн хувьд гутарч байсан юм шүү” хэмээв. “90 саяын” гэх хоч зүүсэн тэрээр 2008 оны зургаа дугаар сард хорих ангиас суллагджээ. Түүнийг суллагдсаныг сонссон нэгэн сонины сэтгүүлч Гансүхэд 30 мянган төгрөг өгч , гуйсаар байгаад ярилцлага авчээ. Тэрхүү ярилцлагад Гансүх Ерөнхийлөгч асан П.Очирбат болон өөрийнх нь буруутай үйлдлээс болж хохирсон, сэтгэл санааны дарамтад орсон бүх хүнээс хэвлэлээр дамжуулан уучлал гуйсан байна. Гансүх гүндүүгүй Ерөнхийлөгч хэмээн ард түмэндээ хүндлэгдсэн Ерөнхийлөгч асан П.Очирбаттай хадам аавынхаа харьяат цолын найран дээр санамсаргүй таарчээ. Энэ тухай Гансүх хэлэхдээ “Манай хадам аав Техникийн их сургуулийн, Геологи, уул уурхайн захирал Чулуун гэж хүн бий. Хадам аавынхаа гавьяатын найр “Баянгол” рестаронд болсон юм. Эхнэр бид хоёр ч найранд очлоо.Манай эхнэр айлын гурван охины хамгийн том нь юм. Тэгээд том хүргэн нэлээд дээгүүр сууж таарна биз дээ. Гэтэл өст хүн өлийн даваан дээр гэдэг шиг нэг харсан чинь П.Очирбат Ерөнхийлөгчийн эгц өөдөөс хараад суучихсан байсан. Очирбат гуай уул уурхайн чиглэлийн хүн учраас хадам аавын найз болж таарах нь тэр. Яг тэр үед хүний амьдрал арвин түүхтэй, их сонин юм даа гэж бодогдсон. Энэ бол Ерөнхийлөгчтэй анх өрөөнд нь орж уулзаж байснаас хойшхи 20 жилийн дараахь санамсаргүй уулзалт байв. Ерөнхийлөгч асан П.Очирбат үнэхээр энгийн, хээгүй Ерөнхийлөгч гэдгийг тэр үед л мэдсэн “ юм гэж дурсан ярилаа. Ганц олдох амьдралдаа “90 саяын” Гансүх гэж хочлуулах болсон тэрээр одоо библийн хоёр сургуулийг төгсөөд байгаа сайн илтгэгч юм. Хүний ямар шашин шүтэх эсэх нь хувь хүний эрх байдаг бөгөөд алидаа шашинд чин сэтгэлээсээ сүсэглэж чадвал амьдрал нь тэгш сайхан явдаг гэдэг. Гансүхийн хувьд одоо Монголын хамгийн томд тооцогдох сүмд гэр бүлийн хамтаар бусдад үлгэр дуурайл болон явж байна.
Тамхийг ялсан эрхэм хүмүүс номын нээлтэн дээр
Эх сурвалж: Тамхийг ялсан эрхэм хүмүүс ном
Сэтгэгдэл (1)