
Мэдээллийн технологийн үндэсний парк мэдээллийн технологийн инженерийн стандартыг үндэслэн шалгалтын системийн 4 түвшинг нэвтрүүлэхээр ажиллаж байна. Тус байгууллагаас өнгөрсөн сарын 10-нд Мэдээллийн технологийн инженерийн шалгалтыг Улаанбаатар болон Ховд аймагт анх удаагаа зохион байгуулжээ. Энэ жилийн Мэдээллийн технологийн инженерийн шалгалтын онцлог нь Ховд аймгийн инженер, багш, оюутнууд оролцон, бусад аймгуудаасаа анхдагч болж, өөрсдийн мэдлэг ур чадвараа сорьжээ. Тус аймгаас 1 шалгуулагч уг шалгалтад тэнцсэн бөгөөд хөдөө орон нутагт ажиллаж байгаа мэргэжилтнүүд Улаанбаатар хотын мэргэжилтнүүдтэй ур чадварын хувьд ижил түвшинд байгааг харуулжээ.
Дээрх шалгалтыг Мэдээллийн технологийн паспорт шалгалт, 2-р түвшин буюу Мэдээллийн технологийн инженерийн суурь шалгалт гэсэн ангилалаар зохион байгуулсан аж. Одоогоор шалгалтын системийн эхний 3 түвшинг нэвтрүүлээд байна.
Энэхүү шалгалт нь Азийн орнуудын Мэдээлэл технологийн мэргэжилтнүүдийн шалгалтын зөвлөл болох ITPEC-ийн гишүүн орнуудад нэгэн зэрэг явагддаг бөгөөд энэ жил тус шалгалтанд Монгол Улсаас 121 шалгуулагч хамрагдсанаас 7 шалгуулагч тэнцжээ.
Шалгалтанд тэнцэгчид нь Азийн 12 оронд хүлээн зөвшөөрөгдсөн сертификат гардан авахаас гадна Монгол Улсын Мэдээллийн технологийн мэргэшсэн болон зөвлөх инженерийн болзлыг хангаж, Япон улсад мэргэжлээрээ ажиллах, хамгийн өндөр оноотой шалгуулагч тус улсын Мэдээлэл технологийн компаниудтай танилцан үнэ төлбөргүй сургалтанд хамрагдах боломж бүрдэх юм байна.
Энэ хаврын шалгалтанд СЭЗДС-ийн багш Э.Энхбаяр, INI ХХК-ын инженер Э.Бат-Эрдэнэ, МУИС-ийн 3-р курсын оюутан А.Бат-Эрдэнэ, Рокмон ХХК-ийн Билгүтэй, Хувиараа оролцож буй П.Анар-Эрдэнэ, МХС ТӨК-ий Н.Одмаа, Ховд аймгийн ИХШХЕГ-ын сүлжээний инженер Д.Даваапүрэв нар тэнцжээ.
Дараагийн шалгалт ирэх 10 сарын 25-нд МТҮП дээр болох бөгөөд шалгалтын өмнө бэлтгэл сургалт зохион байгуулах юм байна.