ГАДААД ХЭРГИЙН САЙД Л.ПҮРЭВСҮРЭН ФРАНЦ УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙЛЭЭ

Франц улсын урилгаар хийсэн айлчлалаа Монгол Улсын Гадаад хэргийн сайд  Л.Пүрэвсүрэн Франц Улсын Гадаад хэрэг, олон улсын хөгжлийн сайд Л.Фабиустай Францын Гадаад хэрэг, олон улсын хөгжлийн яамны уулзалтаар эхэлсэн юм.
Сайдууд  хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа болон харилцан сонирхсон бусад асуудлаар санал солилцов. Уулзалтын эхэнд сайд Л.Пүрэвсүрэн, Л.Фабиус нар Монгол, Францын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой энэ онд тохиож буйг онцлон тэмдэглэлээ. Сайд Л.Фабиус өнгөрсөн хугацаанд Монгол, Францын харилцаа аялал жуулчлал, соёл зэрэг олон салбарт идэвхтэй хөгжиж ирснийг дурдаж, хоёр талын хамтын ажиллагаа эдийн засгийн агуулгаар баяжуулах өргөн бололцоо буйг тэмдэглэн хөдөө аж ахуй, сансрын технологийг өргөжүүлэх сонирхлоо илэрхийлэв.

Монгол Улсын Гадада хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Монгол, Францын харилцаа сүүлийн 50 жилээр хязгаарлагдахгүй олон зууны түүхтэйг онцлон Монгол Улсын гуравдагч хөрш Франц Улстай эдийн засгийн харилцааг өргөжүүлэх, чингэхдээ хөдөө аж ахуй, соёл, урлагийн салбарт хамтран ажиллах нөөц, бололцоог бүрэн ашиглах, хувийн хэвшлийн үйл ажиллагааг тал талаасаа дэмжин ажиллахын чухлыг онцлон хэллээ. Уулзалтын үеэр Францын шилдэг үүлдрийн удмын санг Монгол Улсын үхрийн селекцид ашиглахад францын техникийн туслалцаа, мэргэжилтэн сургах, малын удмын санг хамгаалах, үр үйлдвэрлэл, мал эмнэлгийн лабораторийн багаж, тоног төхөөрөмжийг францын талаас нийлүүлэх талаар тусгайлан ярилцаж, эдгээр чиглэлд хамтран ажиллахаар тохиролцов. Сайд нар соёлын харилцаа нь Монгол, Францын харилцаанд чухал үүрэг гүйцэтгэж буйг тэмдэглэж, киноны тухай хууль эрх зүйн байдлын талаар хамтран ажиллахаар боллоо.

Францын Гадаад хэрэг, олон улсын хөгжлийн сайд Л.Фабиус дурдсан салбаруудад хамтын ажиллагааг дэмжихэд анхаарч ажиллахаа мэдэгдээд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд дээд, өндөр түвшний айлчлал харилцан хэрэгжүүлэх нь чухал болохыг тэмдэглэн ярив. Түүнчлэн сайд нар олон улсын харилцан сонирхсон зарим асуудлаар санал солилцсоноос гадна Монгол Улс нэрээ дэвшүүлээд буй НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн сонгуульд францын тал дэмжиж ажиллахаа уулзалтын үеэр нотолсон юм.

Айлчлалынхаа хүрээнд ГХ-ийн сайд Л.Пүрэвсүрэн Францын Кино үйлдвэрийн үндэсний төвийн Ерөнхийлөгч Фредерик Бредайнтай уулзаж, хамтын ажиллагааны зарим асуудлаар санал солилцов. Уулзалтын үеэр киноны салбарт Франц Улстай хамтран ажиллах, чингэхдээ францын киноны хууль, эрх зүйн орчны талаар туршлага судлах, ирэх онд Киноны бодлогын талаар хамтран Монгол Улсад олон улсын семинар зохион байгуулахаар тохиролцов. Мөн Монголын эзэнт гүрэнд аялж, дэлхийн дахинд таниулахад чухал үүрэг гүйцэтгэсэн Гиём дэ Рубрукийн тухай “Элч” киноны талаар танилцуулж, хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов.

Монгол, Францын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан Лэ Сел Сан-Клү харш зохион байгуулсан “Монголын соёлын өдрүүд” арга хэмжээг Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, БНФУ-ын Гадаад хэрэг, олон улсын хамтын ажиллагааны сайд Л.Фабиус мөн нээж, Монголын урлагийн тоглолт, соёлын үнэт өвийн дээжтэй танилцлаа. Энэ хүлээн авалт, тоглолтын ажиллагаанд францын улс төр, бизнесийн дээд хэмжээний төлөөлөгчид оролцов.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.