

Түр хоргодох байр болон хувирсан биеийн тамирын танхимд жижигхэн биетэй өвгөн эмгэн хоёр орж ирэв. Япон оронд асар их гарз хохирол учруулсан газар хөдлөлт, цүнамигаас хойш гурван сар. Орон гэргүй, харих газаргүй болсон олон мянган япончууд түр хоргодох байранд өдөр хоногийг өнгөрөөж байсан үе.
Өвгөн эмгэн хоёр хоргодох байранд байрласан айл болгоны мэндийг мэдэж тойрно. Ингэхдээ 80 шүргэж яваа хоёр хөгшин ярилцагчтайгаа "ИЖИЛ ТӨВШИН"-д үг солихын тулд өмнө нь очоод бохирч сууна.
"Бие нь сайн байна уу?... Өвчин хууч нь гайгүй биз? ... Гэрийнхэн нь зүгээр үү? ... Биеэ бодоорой..." Намуухан дуугаар ярьж байгаад босно. Хэд алхаад дараагийн хүний өмнө очоод аанай л бохирч сууна...
2011 оны 6 сард Япон улсын Цог Жавхлант Эзэн Хаан Акихито хатан Мичкогийн хамтаар байгалийн гамшигт нэрвэгдсэн нутгийн ард иргэдээ эргэж явсан нь энэ.
Өчигдөр. Хааны ач охин, Како гүнж орон нутагт болсон хүндэтгэлийн арга хэмжээн дээр 9 настай хүүтэй ярилцаж зогсоно. Тэр бас л 130 сая иргэнийхээ нэгтэй "ИЖИЛ ТӨВШИН"-д ярилцахын тулд бөхийсөн харагдана...
"ИЖИЛ ТӨВШИН"-с л ИЖИЛ ЗҮЙЛИЙГ харах, мэдрэх боломжтой гэдгийг мэддэг ихэс дээдэстэй орны хүмүүст бяцхан атаархал төрөв...



