“Дүү хүү, гал байна уу”

Өглөө ажилдаа ирэх бүртээ алхдаг гудамжинд тохижилт үйлчилгээний хэдэн ажилтан зам шүүрдэж, иргэдийн хаясан тамхины иш, хог хаягдлыг цуглуулж байхтай нь таардаг юм. Тэд 30-45 эргэм насны хоёр эмэгтэй, 40-өөс дээш насны болов уу гэмээр гурваас дөрвөн эр. Эдний хариуцдаг хэсэг нь миний өглөө бүр явдаг замын хоёр тал. Саяхан тэдний нэг нь болох, өндөрдүү, туранхайвтар, нүүрэндээ он цагийн хамаг л хатуу ширүүн, нар, салхи, бороо, шороог гүн шингээсэн гэмээр үрчлээтсэн бор царайтай ахын хажуугаар нь өнгөрч явтал “Дүү хүү, гал байна уу” гэв. Надад байхгүй болохоор толгой сэгсрээд л өнгөрлөө. Хэд хоногийн дараа нь ч бас өдрийнхөө хийх ажлын тухай бодоод алхаж явтал “Дүү хүү, гал байна уу” гэхээр нь харвал өнөө ах шүүрээ тулчихсан зогсож байлаа.Тэрбээр, 45 эргэм насны хүнд баймгүй мойног, эвэршиж хуурайшсан хурууныхаа завсар уг нь цагаан өнгөтэй ч одоо хир даг болж харласан нэг ширхэг янжуур хавчуулсан байх юм. Гадаа тийм ч дулаан биш атал духанд нь хөлс бурзайх агаад тоостой ханцуйгаараа нүүрээ хэдэнтээ шудрав. “Уг нь, би тамхи татдаггүй юмсан. Гэтэл энэ ахад би татдаг л юм шиг харагддаг байх нь дээ” гэж бодоод “Байхгүй ээ” гээд цааш алхав.

Харин тэр өдрөөс хойш надад энэ асуултаа хоёр ч удаа тавьсан бөгөөд сүүлдээ дахиж гал асуухаа больж, хажуугаар нь өнгөрөх бүрт танил хүн шиг инээмсэглэдэг ч нэг зүйл хүссэн мэт харагддаг боллоо. Харин өнөөдөр яагаад ч юм бэ, тэр ахын дүр төрх санаанаас ер гарсангүй. “Гал өгөх болов уу...” гэсэн шиг горьдонгуй хүлээсэн харц намайг ээрсээр байх болов.

Гал бол монголчуудын бэлэгшээдэг зүйлсийн хамгийн эрхэм нь. Үеийн үед хүн төрөлхтний сэтгэлгээний соёлд томоохон байр суурь эзэлсээр ирсэн байдаг. Намайг бага байхад аав маань “Хээрээс гал /шүдэнз/ олбол хийморьтой, азтай байгаагийн шинж” гэж бэлэгшээдэг байж билээ. Аав маань 1990-ээд оны дунд үеэр нутгийн нэг хүнд морь зартал өнөөх нь буцааж хөлс төлөлгүй хоёр жил өнгөрсөн юм. Гэтэл нэг удаа надтай хамт тэднийхээр буухдаа “За хө, би чамаас мориныхоо үнийг авах гэж ахиад олон жил хүлээж чадахгүй байх. Чи надад сэвтээгүй нэг хайрцаг шүдэнз өгчих. Яахав, халуун хошуутай малынхаа хариуд гал аваад өр цайръя даа” гэж билээ. Ингээд морины үнэтэй шүдэнзээ бид хоёр авчраад бурхан дээрээ тавьсан юм. Энэ мэт би элдвийг бодож өдөр өнгөрүүлэхдээ “Ерөөсөө л, дэлгүүрээс шүдэнз худалдаж аваад маргааш тэр ахад өгье” гэж бодохуй аавын маань “Хүнд гал бэлэглэх бол дээдийн буян” гэсэн үг сонсогдох шиг боллоо.

Сэтгүүлч, яруу найрагч М.Наранболд

                                                                                                                          

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Уншигч (202.72.245.122)
    Тэгээд маргааш нь шүдэнз өгсөн үү, өгсөн байгаасай гэж бодож уншсаар дуусгалаа, гэхдээ их сайхан бичжээ, хүнд ухаарал өгсөн ийм зүйл олон бичээрэй
    2015 оны 06 сарын 15 | Хариулах