ГАДААД ХЭРГИЙН САЙД Л.ПҮРЭВСҮРЭН ЮНЕСКО-ГИЙН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛТАЙ УУЛЗАВ

Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Франц улсад хийсэн албан ёсны айлчлалынхаа хүрээнд ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал И.Боковатай энэ сарын 12-нд Парис хотноо уулзав. Монгол Улсын ГХ-ийн сайдыг хүлээн авч уулзаж буйдаа баяртай байгаагаа ЮНЕСКО-гийн   Ерөнхий захирал И.Бокова мэдэгдлээ.
И.Бокова уулзалтын

эхэнд Монгол Улс нь ЮНЕСКО-гийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож өөрийн байр суурийг бэхжүүлж ирснийг тэмдэглээд, ялангуяа Монгол Улсын санаачилсан “Бичигтэн болох НҮБ-ын 10 жил”, 2013 онд ЮНЕСКО-гийн Ерөнхий бага хурлын чуулганы үеэр батлуулсан “Ардчиллын боловсролоор дамжуулан дэлхийн иргэнийг төлөвшүүлэх зорилтыг дэмжих” тухай тогтоолыг дурдан соёлын өвийг хадгалж хамгаалах чиглэлээр бодит хувь нэмрээ оруулж буйг онцлов. Монгол Улсын гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн ЮНЕСКО-той хамтын ажиллагааг өргөжүүлэхийн чухлыг дурдаад боловсрол нь Монгол Улс ирээдүйн хөгжлийг тодорхойлох гол салбар төдийгүй ардчилал, хүний эрхийн боловсролыг дэмжих, байгаль орчны чиглэлээр идэвхтэй ажиллахын ач холбогдлыг онцлон тэмдэглэв. Энэ зорилтын хүрээнд Монгол Улс  “Ардчиллын хамтын нийгэмлэг”, “Интернэт эрх чөлөө эвсэл”-ийн хурлыг өөрийн эх оронд амжилттай  зохион байгуулсны зэрэгцээ ардчиллын шилжилтийг даван туулахад бусад орнуудтай туршлагаа хуваалцах, дэмжлэг үзүүлэх зорилго бүхий Олон улсын хамтын ажиллагааны санг үүсгэн байгуулж, тодорхой төслүүд хэрэгжүүлж буйг ч бас мэдээллээ. 
Ерөнхий захирал И.Бокова Олон улсын хамтын ажиллагааны санг сайшаан тэмдэглээд 2015 оноос хойшх хөгжлийн зорилтыг тодорхойлоход Монгол Улсын ардчиллын туршлага, байр суурь чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв. Уулзалтын үеэр Монгол Улсын гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн энэхүү сангийн хүрээнд хамтарсан төсөл хэрэгжүүлэх талаар санал тавьж, санал солилцов.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.