18 МЕТР УРТТАЙ АВТОБУС МОНГОЛД ОРУУЛЖ ИРЖЭЭ

Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд явах таван хаалгатай 18 метрийн урттай угсраа автобус Монголд орж ирлээ.
Энэхүү автобусыг эхний ээлжинд Энхтайвны өргөн чөлөө буюу Таван шарын уулзвараас Офицеруудын аюулгүйн тойрог хүртэл үйлчилгээнд гаргахаар төлөвлөжээ.

Уг автобус нь Беларусь улсын “МАЗ” компанид үйлдвэрлэсэн 120 хүний багтаамжтай, хүйтэн, дулааны улиралд тохируулсан тусгай системтэй, цонх нь цантдаггүй, агааржуулагчтай гэдгээрээ онцлогтой аж. Угсраа автобусыг үйлчилгээнд гаргахтай холбогдуулан Таван шараас Офицеруудын аюулгүйн тойрог, эцсийн зогсоолуудын эргэлт хийх талбай, Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн зам хүртэлх замын автобусны буудлуудын кармаг битүүлэх, 1-р эгнээг тусгаарлах, хучилтын эвдрэлийг засах зэрэг ажлууд хийгдэхээр болжээ.

Одоогоор Энхтайвны өргөн чөлөөнд дулааны шугамын өргөтгөлийн ажил хийгдэж байгаа учраас угсраа автобусыг хэзээ үйлчилгээнд явуулах нь тодорхойгүй байгаа юм байна.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.